Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, 

 

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа;

Улсын яллагч: Б.Хурц,

Шүүгдэгч: Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэцогтын Анхбаярт холбогдох эрүүгийн 201601000221 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Виранда” ресторанд зөөгчөөр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 357 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 16-17 тоотод түрээсээр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УИ93121235, Боржигин овогт Эрдэнэцогтын Анхбаяр.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.Анхбаяр нь 2016 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстэний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтсан тетрогидроканнбинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 116 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 16 дугаар байрны 01-17 тоот гэртээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Анхбаяр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Дахиж ямар нэг гэмт хэрэг үйлдэхгүйь маш их харамсаж байна гэв.

           

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-13/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23/, сэжигтэн Э.Анхбаяр /хх-ин 53-55/, гэрч Г.Пагмадулам /хх-ийн 23/, гэрч Э.Уранбилэг /хх-ийн 24-25/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ¹9398 /хх-ийн 93-98/, ¹9399 /хх-ийн 35-37/ дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Э.Анхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

           

Шүүгдэгч Э.Анхбаяр нь 2016 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтсан тетрогидроканнбинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 116 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 16 дугаар байрны 01-17 тоот гэртээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Гэрч Г.Пагамдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орой 20-21 цагийн үед байх найз Уранбилэгийн Сүхбаатар дүүргийн 5-р хорооллын Орос 3-р сургуулийн хажууд байдаг түр оршин сууж байгаа гэрт нь очсон. ...би шөнө 03 цагийн үед гэртээ харьсан. …Анхбаяр, Ганбаяр хоёрыг тагтан дээр тамхи татах үед Уранбилэг бид хоёр хүүхдийг нь унтуулах гээд жижиг өрөөнд нь хамт байж байсан. Тэр хоёр тамхиа татчихаад буцаад орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Гэрч Э.Уранбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байтал манай нөхөр Анхбаяр ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд найз Пагамдуламтай ойрд уулзаагүй болохоор гэртээ дуудаж уулзсан. Маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө босоод Анхбаяр, Ганбаяр нар хамт гэрээс гарсан. Тэгээд утсаа авахгүй алга болчихоор нь гайхаад байж байтал цагдаа нарт баригдсан гээд манай гэрт ирж үзлэг хийгээд манай гэрийн тагтан дээрээс гялгар ууттай шороо, өвс шиг зүйл хурааж аваад явсан. Би тэр шороо шиг зүйлийг юу гэдгийг нь мэдэхгүй, манай гэрийн тагтан дээр яагаад тийм зүйл байсан талаар мэдэхгүй байна. Анхбаяр 2016 оны 07 дугаар сарын сүүлээр байсан байх 10 төгрөгийн гялгар ууттай ногоон өнгөтэй ганга өвс, навч шиг зүйл барьчихсан ирсэн. Би юу юм бэ? яах гэж байгаан гэтэл чамд хамаагүй, түр байлгаж байя гэсэн. ...Цагдаа нар ирээд тагтан дээр үзлэг хийгээд гаргаж хурааж авахад нь хартал Анхбаярын 2016 оны 07 дугаар сарын сүүлээр авчирсан зүйл мөн байсныг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Д.Золзаяагийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний ¹9398 дугаартай дүгнэлтэд: "...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2016.10.25-ны өдөр, Эрдэнэцогтын Анхбаяр УИ93121235" гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн шээснээс тетрагидроканнабинолийн агуулга илэрч байна. “Б.Ганбаяр шээсний дээж 2016.10.25” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн шээснээс тетрагидроканнабинолийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстэний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно…” гэх дүгнэлт /хх-ийн 29-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяагийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний ¹9399 дугаартай дүгнэлтэд: “...Э.Анхбаярын гэрийн тагтнаас хураагдсан 116 гр дээжилсэн 18,5 гр өвс мэт зүйл 2016.10.25 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, тагтан дээрээс хураагдсан мөнгөлөг өнгийн тогоо мэт хэлбэрт оруулсан бохирлогдсон мөнгөлөг цаас, “Bоn аquа” гэсэн шошготой хуванцар саванд зоосон тогоо мэт хэлбэрт оруулсан мөнгөлөг цаас, “Bоn аquа” гэсэн шошготой хуванцар саванд хуйлж шургуулсан байсан АС9159482 сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинолийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстэний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаг болно...” /хх-ийн 35-37/,

 

Сэжигтэн Б.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед гэртээ байж байтал манай найз Пагамдулам над руу утсаар яриад “Анхбаярын гэрт байна хүрээд ир” гэсэн. Тэгээд би яваад очсон. Бид нар ойрд уулзаагүй болохоор юм ярьж пиво ууж суусан. ...тагтан дээр нь газар цэвэр усны савыг цоолоод мөнгөлөг өнгийн тогоо хэлбэрт оруулсан цаасыг зоосон байхаар нь энэ юу юм бэ? гэтэл Анхбаяр өвс гэдэг татдаг зүйл гэхээр нь хэрэглэж үзье гээд бид хоёр тагтан дээр гялгар ууттай байсан өвс шиг зүйлээс тогоо хэлбэрт оруулсан соруул шиг зүйлд хийгээд асаагуураар асаагаад гарсан утааг нь 4 удаа сорж хэрэглэсэн. ...Анхбаяр надад өвс гэх зүйл байгаа гэдгийг урьд өмнө нь огт ярьж хэлээгүй байсан. Би Анхбаярыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум явсан гэдгийг мэдээгүй байсан. Надад явсан талаараа яриагүй тэндээс тийм зүйл түүж ирсэн талаараа ч огт яриагүй. Би гэрт нь тагтан дээр нь өвс гэх зүйл байгааг мэдээгүй. Тэр өдөр л тамхи татах уу гээд тагтан дээр нь гарахад тийм зүйл байгаа гэдгээ хэлсэн. Түүнээс биш өмнө нь хэрэглэх талаар ярьж хэлээгүй. ...Миний шээснээс илэрсэн ТНС гэх бодис Анхбаярын гэрт байхад хэрэглэсэн зүйлээс илэрсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчээс үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Анхбаярын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Анхбаярыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Анхбаярт ял шийтгэл оногдуулахдаа  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан  хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий хар ногоон өнгийн уутны хамт 111,4127 өвс гэх нэршилтэй бодис, “Bon aqua” цэвэр усны сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг тугалган цаас, базсан мэт тугалган цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, AG9159482 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд хүргүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Э.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэцогтын Анхбаярыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаярыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаярт оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Шүүгдэгч Э.Анхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дельта-9 тетрагидроканнабинол агууламж бүхий хар ногоон өнгийн уутны хамт 111,4127 өвс гэх нэршилтэй бодис, Bon aqua цэвэр усны сав, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг тугалган цаас, базсан мэт тугалган цаас зэргийг устгаж, Монгол Улсын AG9159482 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Анхбаярт шүүхээс оногдуулсан 1 жил 02 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, түүний засрал хүмүүжил хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Энэ тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Анхбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.АЛДАР