Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0261

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М Б.Л

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар

Хариуцагч: Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-2091021-25-I00680R дугаартай мэдүүлгээр 221,804,304.05 төгрөгийн татвар ногдуулсныг 61,541,200.05 төгрөгөөр тогтоон, 160,263,104 төгрөгөөр багасгуулах, илүү төлсөн 160,263,104 төгрөгийн татварыг “С” ХХК-д буцаан олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаар шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0766/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Гаалийн ерөнхий газар, Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мд тус тус холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-2091021-25-I00680R дугаартай мэдүүлгээр 221,804,304.05 төгрөгийн татвар ногдуулсныг 61,541,200.05 төгрөгөөр тогтоон, 160,263,104 төгрөгөөр багасгуулах, илүү төлсөн 160,263,104 төгрөгийн татварыг “С” ХХК-д буцаан олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” -аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0188 дугаар шийдвэрээр: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1.6, 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.2, 15.2.2.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас Гаалийн ерөнхий газар, Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-2091021-25-I00680R дугаартай мэдүүлгээр 221,804,304.05 төгрөгийн татвар ногдуулсныг 61,964,782.6 төгрөгөөр тогтоож, 159,839,521.44 төгрөгөөр багасгаж, илүү төлсөн 159,839,521.44 төгрөгийн татварыг “С” ХХК-д буцаан олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М Б.Л нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. “..."С" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Н.М нарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0188 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

3.2. Анхан шатны шүүх "хэрэгт хамааралтай гаалийн үнэлгээний эрх зүйн үндсэн нехцөлийг бүрэн зөв дүгнээгүй, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг буруу хэрэглэсэн" гэж хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохдоо өөрийн сонгосон аргаар болон түүнийг нотлох бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг баримт нь бодитой мэдээлэлд үндэслэсэн, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байх ёстой.

Мөн гаалийн байгууллага гаалийн үнийг тодорхойлох арга болон мэдүүлэгч гаалийн үнийг үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг шалгаж, шийдвэр гаргана. Иймээс "хэлцлийн үнийн арга" нь "үндсэн арга" боловч нотлох баримтын шаардлага хангагдсан тохиолдолд хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалттай байдаг.

Хоёрдугаарт: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гаалийн байгууллага бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болох бөгөөд 8.3.1 дэх хэсэгт гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт хангалтгүй байсан бол өөр аргаар тодорхойлж болно гэж заасан, мөн Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2, 63.1.3 дахь хэсэгт гаалийн байгууллага нь шаардагдах бичиг баримт бүрэн, хүчин төгөлдөр эсэх, мэдүүлэг болон дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх татварын ногдуулалт зөв эсэхийг шалгахаар тус тус заасан.

Гуравдугаарт: Хавсаргасан тайлбараас үзэхэд тухайн мэдүүлгийн дагалдах бичиг баримт дахь гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн экспортлогчийн нэр, үнийн нэхэмжлэхийн дугаар нь гаалийн мэдүүлэг болон бусад худалдааны баримттай зөрүүтэй, үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалтыг баталгаажуулсан тамга болон худалдах, худалдан авах гэрээний тамга хоорондоо зөрүүтэй байсан. Ийм нөхцөлд гаалийн байгууллага мэдүүлэгчийн хэлцлийн үнийг шууд хүлээн зөвшөөрөхгүй, өөр аргаар гаалийн үнийг тодорхойлсон нь хуулийн 8 дугаар 8.3.1-т нийцсэн гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргуудыг дарааллын дагуу хэрэглэхээр зааж, 9.1.6-д уялдуулан хэрэглэх үнийн аргыг тусгасан, 15 дугаар зүйлийн 15.1-д 10-14 дүгээр зүйлд заасан аргаар гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол уялдуулан хэрэглэх үнийн аргыг хэрэглэх бөгөөд энэ нь сүүлчийн арга мөн гэж, 15.2.2.4-т интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнийн мэдээлэл ашиглаж болохоор хуульчилсан өөрөөр хэлбэл бичиг баримтын баталгаажилт, мэдээллийн нийцэл алдагдсан нөхцөлд гаалийн байгууллага уялдуулан хэрэглэх үнийн аргыг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй.

Тавдугаарт: Гаалийн тухай хуулиар гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, тэдгээрт хяналт тавих үндсэн үүрэгтэй, мөн гаалийн зорилгоор мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах эрхтэй. Иймд гаалийн улсын байцаагч дагалдах бичиг баримтыг тулган шалгаж, хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй гэж үзэн өөр аргаар гаалийн үнийг тодорхойлсон нь хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

3.3. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд өгсөн мэргэжлийн дүгнэлт бөгөөд шинжээчид тавьсан асуулт тус бүрийн хариулт, түүний үндэслэлийг агуулсан байх хуулийн шаардлагатай. Ийм дүгнэлт нь зах зээлийн үнэ, үнэлгээний түвшний талаар дүгнэх боломжтой боловч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д заасан бичиг баримтын баталгаажилт, мэдээллийн зөрүү, хэлцлийн үнийг хэрэглэх эрх зүйн урьдчилсан нөхцөлийг орлохгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.3, 2.4, 2.5, 2.7, 2.9, 2.10, 2.11, 2.12 дахь хэсэгт гаалийн улсын байцаагчийн шийдвэр, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа 2.13 дахь хэсэгт "шинжээчийн дүгнэлтийг үнэлэх үндэслэлтэй" гэж үзэж байгаа нь "гаалийн үнэ"-ийг гагцхүү гаалийн байгууллага тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг буруу тайлбарлаж "зах зээлийн үнэ-ийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

3.4. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой" гэж заасан. Гэтэл энэ хэрэгт анхан шатны шүүх гаалийн үнэлгээний суурь нөхцөл болох бичиг баримтын бүрэн бүтэн байдал, хүчин төгөлдөр байдал, мэдээллийн нийцлийг хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.

3.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0188 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, "С" ХХК-ийн Гаалийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч О.М нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Гаалийн ерөнхий газар, Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мд тус тус холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-2091021-25-I00680R дугаартай мэдүүлгээр 221,804,304.05 төгрөгийн татвар ногдуулсныг 61,541,200.05 төгрөгөөр тогтоон, 160,263,104 төгрөгөөр багасгуулах, илүү төлсөн 160,263,104 төгрөгийн татварыг “С” ХХК-д буцаан олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах” -аар маргасан.  

2.2. Маргаан бүхий Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-2091021-25-I00680R дугаартай мэдүүлгээр 221,804,304.05 төгрөгийн гаалийн татвар ногдуулсан байна.

2.3. Нэхэмжлэгч “С” ХХК нь дээрх татвар ногдуулсан дүнг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Импортын барааны үнийг тогтоохдоо хэлцлийн үнээс өөрөөр тогтоосон нь үндэслэлгүй. ...импортын барааны гаалийн үнийг үндэслэлгүй тогтоосны улмаас нэхэмжлэгч 160,263,104 төгрөгийн илүү татвар төлж хохирол учирсан...” гэж, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй гэх үндэслэлээр гаалийн үнийг нэхэмжлэгчийн тодорхойлсноос өөрөөр тодорхойлсон...” гэж тайлбарлан маргасан байна.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 03-2091021-25-I00680R дугаартай мэдүүлгээр БНХАУ-ын Hebei Gansbu Machinery and Equipment Sales Co,Ltd-иас XE800D загварын XUGO 800GCNWA03688 арлын дугаартай гинжит Экскаваторыг 800,000 юаниар худалдан авсан гэж мэдүүлжээ.

3.2. Гаалийн бүрдүүлэлтийн цахим төвийн Гаалийн улсын байцаагч Н.Мэс нэхэмжлэгч дээрх барааг мэдүүлэхдээ гадаад төлбөрийн баримтад шилжүүлгийг хувь хүнээс шилжүүлсэн /С ХХК-ийн захирал/, гэрээн дээр банкны SWIFT код заагдаагүй, гарал үүслийн гэрчилгээнд тусгагдсан экспортлогчийн нэр нь худалдах худалдан авах гэрээний экспортлогчийн нэрээс зөрсөн, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн үнийн нэхэмжлэхийн дугаар мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн дугаар зөрсөн, нэхэмжлэхийн дугаар нь гаалийн мэдүүлэг болон гадаад худалдааны бусад бичиг баримтад тусгагдсан дугаараас зөрүүтэй, илгээгч талаас ирсэн үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалтыг баталгаажуулсан БНХАУ-н эрх бүхий байгууллагын тамга болон худалдан авах гэрээн дээрх тамга зөрүүтэй, худалдах, худалдан авах гэрээний илгээгч нь гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн илгээгчээс зөрсөн, худалдан авах гэрээ нь 2 талын тамга, гарын үсгээр баталгаажуулаагүй, худалдан авах гэрээний хуудас дутуу гэх үндэслэлээр гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тогтоохоос татгалзаж, уялдуулан хэрэглэх үнийн аргаар буюу экспортлогч орны нийтэд зарлагдсан үнээр харьцуулан тооцож, 221,804,304.05 төгрөгийн гаалийн татвар ногдуулж “С” ХХК-иар төлүүлсэн байна.

3.3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан мэдүүлэгт хавсаргасан баримтын гарал үүслийн гэрчилгээнд тусгагдсан экспортлогчийн нэр нь, худалдах худалдан авах гэрээний экспортлогчийн нэрээс зөрсөн, гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн барааны нэр нь үнийн нэхэмжлэхэд бичигдсэн барааны нэрээс зөрүүтэй, гарал үүслийн гэрчилгээнд тусгагдсан үнийн нэхэмжлэхийн дугаар, мэдүүлэгт хавсаргасан үнийн нэхэмжлэхийн дугаар зөрсөн, барааны үнийн нэхэмжлэхийн дугаар нь гаалийн мэдүүлэг болон гадаад худалдааны бусад бичиг баримтад тусгагдсан дугаараас зөрүүтэй, илгээгч талаас ирсэн үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалтыг баталгаажуулсан БНХАУ-ын эрх бүхий байгууллагын тамга болон Худалдах худалдан авах гэрээн дэх тамга зөрүүтэй, худалдах, худалдан авах гэрээний илгээгч нь гарал үүслийн гэрчилгээнд бичигдсэн илгээгчээс зөрсөн, худалдах худалдан авах гэрээ нь 2 талын тамга, гарын үсгээр баталгаажаагүй байсан болох нь тогтоогджээ.

3.4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “гаалийн үнийг тодорхойлох аргыг болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана”, 8.2-т “Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно”, 8.3-д “Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно”, 8.3.1-д “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол”, 8.3.2-д “мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол” гэж тус тус заасан.

3.5. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, гаалийн байгууллага нь гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг шалгаж, шийдвэр гаргах эрх хэмжээтэй ба гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт нь баталгаажаагүй, тусгагдсан мэдээлэл зөрүүтэй, бүрэн бус, тоон үзүүлэлт хангалтгүй, мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй, гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болохоор байх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх байдлаар зөрүүтэй, хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тогтооход шаардагдах үнэн зөв бодитой баримт бичиг гаргаж өгөөгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд гаалийн үнийг хэлцлийн бус аргаар тодорхойлсон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

3.6. Нэхэмжлэгчээс хариуцагч нь гаалийн үнийг хэлцлийн бус аргаар тодорхойлсонтой маргаагүй, гагцхүү “...гаалийн байгууллага Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан “Уялдуулан хэрэглэх үнийн арга”-г хэрэглэхдээ 2025 онд үйлдвэрлэсэн шинэ 5.2 м.куб шанагатай, хүчин чадал өндөр экскаватортой дүйцүүлэн 400,000 доллароор үнэлж 221,804,304 төгрөгийн татвар ногдуулсан нь үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж, уг экскаваторын зах зээл дэх бодит үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд  “Арвижих эстимэйт үнэлгээ” ХХК-ийн гаргасан 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №ШД-1/21 дугаар шинжээчийн дүгнэлтээр  “...Гаалийн улсын байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-2091021-25-l00680R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн 2022 онд үйлдвэрлэгдсэн, 4.8 м.куб шанагатай, капитал засвар хийгдсэн хуучин экскаватор нь БНХАУ дахь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 804,210 юань, валютын ханш 497.1...”  гэж дүгнэжээ.

3.7. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд “уялдуулан хэрэглэх үнийн арга” гээд,  15.2.1-д “гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргуудын шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх”, 15.2.1.1-д “хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах”, 15.2.2-д “гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах”, 15.2.2.4-д “интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ” гэж,

Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны А/30 дугаар тушаалаар батлагдаж, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”-ын 8 дугаар зүйлийн 8.1-д “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.1-15.2.2.4-т заасан үнийн мэдээллийг тухайн гаалийн газар, хорооны үнэлгээ, ангилал хариуцсан нэгж, эсхүл гаалийн улсын байцаагч дор дурдсан байдлаар боловсруулж гаалийн газар, хорооны удирдлагаар хянуулж баталгаажуулсны үндсэн дээр гаалийн үнэ тодорхойлоход ашиглана”, 8.1.1-д “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.1-15.2.2.4-д заасан үнийн мэдээлэл судалгааг гаалийн газар, хороод тухай бүр хариуцан хийх бөгөөд мэдээллийг өөрсдийн сүлжээнд байршуулна” гэж тус тус заажээ.

3.8. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд гаалийн байгууллага нь уялдуулан хэрэглэх үнийн аргыг хэрэглэхдээ гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах, гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах, ингэхдээ интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэд тулгуурлаж татварыг тооцох зохицуулалттай байна.

3.9. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр ийнхүү нэхэмжлэгчийн 03-2091021-25-l00680R дугаартай мэдүүлгээр мэдүүлсэн 2022 онд үйлдвэрлэгдсэн, 4.8 м.куб шанагатай, капитал засвар хийгдсэн хуучин экскаватор нь БНХАУ дахь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 804,210 юанийн үнэлгээтэй байсан болох нь тогтоогдсон, хариуцагчаас дээрх шинжээчийн дүгнэлттэй маргаагүй энэ тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнээр албан татвар ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

3.10. Тодруулбал, хариуцагчаас дээрх хуулиар зохицуулсан аль мэдээллийг ашиглаж татвар ногдох үнийг тогтоосон талаар өөрсдийн судалгааг гаргаж өгөөгүй, улмаар шинжээчийн дүгнэлтээр тухайн үеийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байхад тус дүгнэлттэй маргаагүй атлаа “...гаалийн үнийг гагцхүү гаалийн байгууллага тодорхойлно, шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон үнийг хэрэглэсэн нь буруу...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн буцаан гаргуулахыг хүссэн илүү төлсөн 160,263,104 төгрөгөөс зарим хэсгийг хангаж, 159,839,521.44 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа үлдэх хэсэг болох 423,582.56 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон талаараа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт дурдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 124/ШШ2026/0188 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...159,839,521.44 төгрөгөөр багасгаж,” гэсний дараа “үлдэх 423,582.56 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

      ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

 

      ШҮҮГЧ                                                 М.ЦЭЦЭГМАА

 

      ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН