Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1142

 

 

 

 

 

 

 

   2023        11         15                                   2023/ШЦТ/1142

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч С.Энхзул,

шүүгдэгч Н.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал (цахимаар),

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа нарыг оролцуулан эрүүгийн   хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Н.С нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2023 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын орчимд М.М, С.Б нарын хооронд үл ялих шалтгааны улмаас маргалдсан маргааныг таслан зогсоохоор М.М-ын хоолойг гараараа боож татсаны улмаас хохирогч М.М газар унаж, эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун орой хэсэг, лямбда заадастай нийлэх хэсгээс доошоо дагзны төвгөрийн баруун талаар дагзны баруун дэлбэн, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн нийлмэл хугарал, дагзанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

 

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.С нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын орчимд М.М, С.Б нарын хооронд үл ялих шалтгааны улмаас маргалдсан маргааныг таслан зогсоохоор М.Мын хоолойг гараараа боож татсаны улмаас М.М газар унаж, эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун орой хэсэг, лямбда заадастай нийлэх хэсгээс доошоо дагзны төвгөрийн баруун талаар дагзны баруун дэлбэн, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн нийлмэл хугарал, дагзанд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

хохирогч М.Мын /хх-ийн 25/: “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа 22 цагийн үед буугаад 7 буудлын тэнд 200 грамм 1 шил архи ганцаараа уусан. Тэгээд 7 буудлын СU дэлгүүрийн тэнд явж байсан чинь хэлгүй зүс таних залуу таараад CU орж 2 шил “Tiger” пиво авах гээд кассан дээр зогсож байтал “карт уншина, дансаар авахгүй” гэсэн. Тэгээд би хажуудаа байсан залууд “ах нь данс руу чинь 25.000 төгрөг шилжүүлье, гараад 15.000 төгрөг АТМ-ээс аваад өгчих” гэсэн чинь “болно” гэсэн. Тэгээд 2 лааз пиво 10.000 төгрөг болсон. Тэгээд үлдэгдэл 15.000 төгрөгөө авах гэтэл машиндаа суучихсан байсан. Тэгээд араас нь очоод зогсож байтал машинаа асаагаад хөдөлсөн. Тэгэхээр нь би онгорхой цонхоор нь жолоочийг нь татаад захаар нь боосон чинь зогсохгүй хойш урагшаа хүчтэй яваад намайг унагаах гээд байсан Тэгээд урд сууж байсан цээж нүцгэн залуу би цагдаа дуудлаа шүү гэхээр нь би дууд дууд гэсэн. Тэгээд удалгүй цээж нүцгэн залуу машинаас бууж ирээд зүүн гараараа намайг боогоод түлхсэн. Би газар унаад ухаан алдчихсан байсан. Нэг мэдэхэд дээшээ харчихсан газар хэвтэж байсан. Нөгөө 2 хүн яваагүй хажууд байсан. Тэгээд цагдаа нар ирээд уулзсан. Тэгээд та бас энэ залуугийн хоолойг боосон байсан гэхээр нь би мөнгөө авах гэж жолоочийн цамцны захнаас нь зуурсан гэдгээ хэлсэн. ...Тэгсэн миний толгой дагз хэсгээс цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа, 103 дуудаж өгсөн. Тэгээд эмч ирээд та ГССҮТ-д яаралтай үзүүлсэн чинь та явж болохгүй тархи доргиж, цуурсан байна гэсэн. Тэгээд 5 хоног эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 08 дүгээр сарын 25-ны өдрийн 10547 дугаартай дүгнэлтэд:

М.Мын биед гавлын дагз ясны баруун орой хэсэг, лямбда заадастай нийлэх хэсгээс доошоо дагзны төвгөрийн баруун талаар дагзны баруун дэлбэн, дагзны том нүхний баруун тал руу үргэлжилсэн нийлмэл хугарал, дагзанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  

Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. / хх 36-37 /

 

         гэрч С.Б-гийн /хх-ийн 66/: “...Тухайн үед надаас мөнгө нэхээд байсан согтуу ах буюу М  гэх хүн миний цамцнаас зуураад хоолой боогоод машины цонх руу дарахаар нь би хөдөлж чадахгүй болохоор барьцыг нь болиулах гээд машинаараа хойшоо, урагшаа огцом огцом хөдөлсөн чинь бүүр тавихгүй чанга боогоод гараараа толь цохиод байсан. Тэгээд машинаа зогсоогоод хажууд сууж байгаа найз Н.Сэд хандаад “туслаарай” гэсэн чинь машинаас буугаад Мөнхбат гэх хүний хойноос нь тэвэрч өөр лүүгээ татсан чинь нөгөө хүн нь Н.Сийг цохих гээд байх шиг байсан. Тэгээд Н.С урагш түлхсэн чинь нөгөө хүн хөл алдаад газар уначихсан. Тэгээд ярвайгаад хэвтээд байсан...” гэх мэдүүлэг,

 

Н.Сийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9-10/: “...найзыгаа хамгаалах зорилгоор тухайн залууг нэг удаа түлхсэн чинь унаж үүссэн гэмтэл байна. ...Би болгоомжгүйгээр гэмтэл учруулсан үйлдлээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Ст холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Сийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч Н.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ст ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор  тогтов.

 

Шүүгдэгч Н.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Бусад асуудлаар:

 

Хохирогч Н.М-ын “...ямар нэгэн гомдолгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Харин хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.С-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 / хоёр мянга есөн зуу / нэгж буюу 2.900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ст оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ