Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар  2023/ШЦТ/1292

 

 

 

 

 

 

     2023       10         18                                   2023/ШЦТ/1292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

 улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

 шүүгдэгч С.Р  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Р д холбогдох эрүүгийн 2306 00000 2400 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

  Холбогдсон хэргийн талаар:

С.Р  нь 2023 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн замын эсрэг талд хохирогч Э.М ын эзэмшлийн Samsung А14 загварын гээгдүүлсэн гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж завшиж 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            2023 оны 07 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.М ын эзэмшлийн гар утсан дахь цахим шуудан, интернет банкны мэдээлэлд хууль бусаар халдаж нууц кодыг өөрчилж, гүйлгээ хийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.М ын эзэмшлийн интернет банкин дахь дансаас 10 694 700 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татагджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн өгсөн мэдүүлэг тайлбарын сонсож, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримттай танилцав.

С.Р гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би багаасаа ээж дүүтэйгээ өссөн. Цэрэгт байхад аав нас барсан. 2 жил гэрээтээр ажилласан, түрүү жилийн 8 сард ирээд тэндээс олсон мөнгөөрөө мал авсан. Дүүгээ Солонгост сургахаар явуулсан. Тэнгэрийн хишигт жолоочоор орсон. Хүний машин мөргөөд өрөнд орсон байсан, дэлгүүрийн мөнгөнөөс аваад өрөө дарсан. Тэр өглөө СӨХ-ны доор байдаг гэрээсээ гараад Натурын ТҮЦ-ээс тамхи аваад яваж байгаад гар утсыг олсон, кодгүй байсан, иргэний үнэмлэхний зургийг харсан, дансанд нь мөнгө байна гэж бодогүй, ороод үзтэл их мөнгө байсан, тэндээс 800 гаруй мянган төгрөгийг аваад өрөө даръя гэж бодсон. Мөнгөөрөө өрөө дараад машиндаа 4 дугуй авсан амаржинуудаа солиулсан, машинаа угаалгасан, өөртөө цэвэрхэн хувцас авсан, үлдэгдсэн мөнгийг өөр данс руу шилжүүлж авч болж байсан, тэгээд авсаар 3 сая төгрөг болсон, үлдэгдэл мөнгийг авч чадаагүй, банкнаас дансыг хаасан байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Дүү Солонгост байгаа, ээж бид 2 байгаа. Манай ээж 3 ажил зэрэг хийдэг, их сургууль, цэцэрлэг, орц цэвэрлэдэг. СӨХ-ны жижүүрийн байранд ээжтэйгээ амьдардаг, хаягийг хэлж мэдэхгүй байна. Бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй. Өрөө дарах гэж мөнгийг авсан” гэх мэдүүлэг,   

Хавтаст хэргээс

Иргэн Э.М аас ирүүлсэн “2023 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед Баярзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  пабад гар утсаа алдаж, өөрийн данснаас 11.715.000 төгрөг гарсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2023 оын 07 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 57 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дэх тал/,

Иргэн Э.М ын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэст гарсан “Э.Мянганбаяр миний бие Баянзүрх дүүрэгт байрлах Натур худалдааны төвийн зүүн талд пабад 3 найзын хамт 2023 оны 07 дугаар сарын 20-ны 23 цаг 30 минутад орж сууж байгаад 21-ний 03 цаг 30 минутад гарахдаа Samsung A14 маркийн гар утсаа алга болгож, тэр утсыг маань хүн олж авч орон нууц үг кодыг нь өөрчлөн яг тэр өдрийнхөө 04 цаг 28 минутаас мөнгийг маань үрж эхэлсэн бөгөөд дансанд байсан мөнгөнөөс нийт 11.715.750 төгрөгийг үрж дуусган маш их хэмжээний хохирол учруулсан асуудлыг шалгаж өгнө үү” гэсэн өргөдөл /хх-ийн 5 дахь тал/,

 Хохирогч Э.М ын “Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 03 цаг 40 минутын үед Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Натур худалдааны төвийн зүүн талд байрлах ...  караокед 1 найзын хамт үйлчлүүлж байгаад үүдэнд тамхи татах гэж гарсан. Тэгээд би бага зэргийн согтуу байсан болохоор хаана хэзээ алдсанаа сайн санахгүй байна. Маргааш өдөр нь 12 цагийн үед сэрээд өөрийнхөө утсыг хайтал байхгүй болчихсон байсан. Тэгээд дансаа шалгатал миний мөнгө 21-ний шөнө 04 цаг 28 минутаас хойш 11.715.000 төгрөг цувж гарсан байсан. 400.000, 500.000, 1.000.000 гэх мэтчилэн hatan noyn гэх гүйлгээний утгатай 5832077776 гэх покерын данс руу орсон байсан. Тэгээд би 2 хоногийн дараа мөнгө байхгүй болсныг мэдээд дансаа хаалгасан. Энэ мөнгө миний Солонгост 5 жил ажиллаад цуглуулсан мөнгө байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,

Э.М ын эзэмшлийн Хаан бакны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-23 дахь тал/,

С.Р гийн эзэмшлийн Хаан бакны ..... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77-104 дэх тал/,

            “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 3467 дугаартай хохирлын үнэлгээний “Самсунг галакси А14 загварын гар утас үнэлгээгээр тогтоогдсон дүн 700 000 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 35 дахь тал/,

            С.Р гээс гаргаж өгсөн хар өнгийн кейстэй, ногоон өнгийн А14 загварын гар утсыг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр түр хураан авч, Э.М т 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 36-37 дахь тал/,

С.Р гийн сэжигтнээр өгсөн “Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Натур худалдааны төвийн замын эсрэг талын явган хүний зам дээрээс Самсунг А14 загварын гар утас олсон. Намайг олоход уг гар утас ямар нэгэн кодгүй байсан. Гар утсыг олоод gmail рүү нь нэвтрэхэд интернет банкны нэвтрэх нууц үгийг сэргээх боломжтой байсан. Би тухайн үедээ оролдоогүй байж байгаад шөнө 04 цагийн үед интернет банкны кодыг сэргээгээд уг данс руу нэвтрэхэд 12 500 000 төгрөг байсан. Би шууд өөрийн тоглодог live покерын ... гэх данс руу 10 удаагийн үйлдлээр 6 340 000 төгрөгөөр цэнэглэж тоглоод өөрийн .... гэх данс руу 3 300 000 төгрөг татаж авсан, үлдсэн мөнгийг нь тоглоод алдчихсан. Дараа нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед машиндаа 430 000 төгрөгөөр өгөөмөр захын урдаас 17 размерын 4 шинэ дугуй худалдаж авсан. Тэгээд маргааш өглөө 07 цагийн үед гадаа явж байсан танихгүй хүний дансыг ашиглан 1 520 000 төгрөгийг бэлэн мөнгө болгож гаргаж авсан. Ямар нэгэн асуудал гарахгүй болохоор нь би уг дансанд байсан мөнгөнөөс Sunday худалдааны төвөөс жинсэн өмд 1 ширхэг, цамц 1 ширхэг, шорт 2 ширхэг, пүүз 1 ширхэг зэрэг хувцаснуудыг 1 200 000 төгрөгөөр худалдан авсан. Дараа нь би машинаа шинэ замын ойролцоо байсан авто угаалгын газар 135 000 төгрөгөөр угаалгаад 2023 оны 07 дугаар сарын 23-ны шөнө 03 цагт ILOFT гэх бааранд ганцаараа 710 000 төгрөг үрсэн. Баарнаас гараад 122 000 төгрөгийг ..... гэх данс руу хийн покер тоглон алдсан. Үлдсэн мөнгөөр нь жижиг дэлгүүрүүдэд худалдан авалт хийж мөнгийг үрсэн. Хаагуур үрснээ санахгүй байна. Намайг сүүлд харахад 1 800 000 төгрөг үлдчихсэн байсан. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед хаан банкнаас залгаад гүйлгээ хийх ёсгүй байсан данснаас гүйлгээ орсон тул өөрийн чинь дансанд байгаа бүх мөнгийг татаж авлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад гар утсыг нь Sunday худалдааны төвийн гадаах том хогийн сав руу шидчихсэн. Гэнэт их хэмжээний мөнгө олчихлоо гэж бодсон. Ямар нэгэн юм бодолгүй хувьдаа хэрэглэчихсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дахь тал/,

С.Р гийн яллагдагчаар өгсөн “Би нэг их юм бодоогүй гар утас олчихоод мөнгө авсан. Авсан мөнгөөрөө би машиндаа амаржин, өөртөө хувцас авсан. Нийт 2 сая гаран төгрөг болсон. Хаан банкнаас 11 сая төгрөгийг татаад авчихсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дахь тал/,

С.Р гээс шүүхэд гаргаж өгсөн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Э.М ын эзэмшлийн Хаан бакны 5087541726 тоот дансанд хохирол төлбөрт 11 715 000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт 1 хуудас, 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 48 дахь тал/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дэх тал/,

            Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дахь тал/,

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Р  нь 2023 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн замын эсрэг талд хохирогч Э.М ын эзэмшлийн Samsung А14 загварын гээгдүүлсэн гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж завшиж 700 000 төгрөгийн хохирол учруулсан, 

            2023 оны 07 дугаар сарын 21-нээс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.М ын эзэмшлийн гар утсан дахь цахим шуудан, интернет банкны мэдээлэлд хууль бусаар халдаж нууц кодыг өөрчилж гүйлгээ хийсэн,

            2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Э.М ын эзэмшлийн интернет банкин дахь дансаас                                                  10 694 700 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.М , сэжигтэн, яллагдагч С.Р  нарын мэдүүлэг, хохирогч Э.М , шүүгдэгч С.Р гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, С.Р гээс хохирогч Э.М ын эзэмшлийн гар утсыг хураан авч хүлээлгэн өгсөн тэмлэглэл, гар утасны үнэлгээний тайлан зэргээр нотлогджээ.

            Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтууд нь шүүхээс шийдвэр гаргахад хангалттай хүрээлцээтэй гэж үзлээ.

С.Р  нь бусдын эзэмшлийн хаяж гээгдүүлсэн гар утас болохыг мэдсээр байж авч ашигласан, уг гар утсан дахь бусдын эзэмшлийн имайл хаяг, интернет банкны мэдээлэлтэй зөвшөөрөлгүйгээр нэвтрэн танилцсан, уг мэдээлэлд нууцаар буюу хууль бусаар халдан интернет банкны нууц үгийг өөрчилж засварласан, удаа дараа гүйлгээ хийж мэдээлэл нэмж оруулсан, улмаар бусдын эзэмшлийн данснаас нууцаар хэд хэдэн удаа мөнгө шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгө болохыг лавтай сайн мэдсээр байж тухайн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэйгээр олж авсны дараа захиран зарцуулах сэдэл санаа төрж өөртөө завшсаны улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх шинжийг агуулдаг.

Харин хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг олж авах санаа сэдэл анхнаасаа үүсэж чиглэсэн, эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц, далд сэм аргаар идэвхтэй үйлдэл хийж өөртөө авч захиран зарцуулах бололцоо бүрдүүлсний улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх шинжийг агуулдаг.

Кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн хувьд мэдээллийн систем /интернет банк.../, мэдээллийн сүлжээ /цахим шуудан.../-нд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, танилцах зэргээр хандалт хийсэн байх шинжийг агуулах бөгөөд энд тусгай арга хэрэгслээр халдсан байхыг шаардахгүй, нууц түлхүүрийг мэдэж байсан ч хандахыг зөвшөөрөөгүй байхад нэвтэрсэн, танилцсан идэвхтэй үйлдлээр төгсөнө.

Дээрх байдлаар хандсаны дараа доторх мэдээллийг өөрчлөн засварлаж мэдээллийн агуулгыг хувиргасан, гүйлгээ хийж өмнөх мэдээллийн агуулгыг нэмэгдүүлсэн зэрэг идэвхтэй үйлдлээр хууль бусаар халдсаны улмаас бусдын мэдээлэл эзэмших эрхэд хохирол учирсан бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд бусдын эзэмшлийн данснаас зөвшөөрөлгүйгээр нууцаар гүйлгээ хийсэн үйлдлийн улмаас бусдын мэдээлэл эзэмших эрх болон эд хөрөнгө өмчлөх эрх давхар зөрчигдөнө.

Хохирогч Э.М ын эзэмшлийн Хаан банкны дансны мэдээллийг өөрчлөн халдаж нууцаар гүйлгээ хийж мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах болон кибер орчинд хууль бусаар халдах гэсэн хэд хэдэн гэмт хэрэг буюу нийлмэл гэмт хэргийн шинжийг хангажээ.

            Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт үйлдсэнд тооцох бөгөөд 3 өдрийн хугацаанд хохирогчийн эзэмшлийн данснаас 45 удаагийн гүйлгээ хийгдсэн байгаагаар үйлдлийн үргэлжилсэн шинжийг агуулна.

Шүүгдэгч С.Р  нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ шунахайн сэдэлтээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Уг үйлдлүүд болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэргийн зүйлчлэл нь бодит байдалтай тохирсон байх тул С.Р г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, нэмж оруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн улмаас 700.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд гар утсыг биет байдлаар буцаан өгөх байдлаар нөхөн төлөгдсөн бол кибер орчинд хууль бусаар алдах болох хулгайлах гэсэн нийлмэл гэмт хэргийн улмаас 10 694 700 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд хохирлын хэмжээг  зөрүүтэйгээр тооцож 11 715 000 төгрөг төлсөн байна. Иймд С.Р г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Р г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч С.Р д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял тус тус  оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг эдлэх бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоох санал гаргасан бол шүүгдэгч С.Р  эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заасан сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч С.Р гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирлыг төлсөн”-г  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-г эрүүгийн хуулийн  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Р гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

С.Р  нь оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй, эхийнхээ ажилладаг СӨХ-ны байранд амьдардаг гэх бөгөөд түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тохиромжгүй, улсын яллагдагчийн санал болгосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалтын бүс нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан байдал, 24 настай, цэргийн алба хаасан, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан, хор уршиг тогтоогдоогүй гэх хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

С.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

С.Р д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 480 цагийн хугацаагаар тогтоож, уг ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

С.Р  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Р  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс С.Р д хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан, хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, нэмж оруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Р д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 480 цагийн хугацаагаар тогтоож, уг ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс С.Р д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2 /хоёр/ жил хүртэл хугацаанд төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Р  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Р  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Р  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Р д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ