| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2020/0302/И |
| Дугаар | 488 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 488
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 0 дугаар багт оршин суудаг, утас Е овогт Ж-гийн Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хэлмэрч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын материал болон хүнсний зүйл, цэвэрлэгээний материалын үнэ нийтдээ 631400 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв нь надаас тус эмнэлгийн хэрэгцээнд гэж зээлээр 2018 оны 12 дугаар сард 3 удаа нийт 631400 төгрөгний хүнсний бараа авч үнийг одоо хүртэл төлж өгөхгүй намайг хохироож байна. Тухайн үед уг барааг надаас падаанаар тус эмнэлгийн нярав байсан Х хүлээн авсан ба одоо тэрээр өөр жилд шилжээд явсан тул намайг уг барааны үнийг нэхэхэд та эмнэлгээс нэхэж аваарай гэж байгаа тул би аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд миний хүнсний барааны үнэ болох 631400 төгрөгийг Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэгч Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь тус байгууллагаас хүнс бараа материалын үнэ 631400 төгрөгний нэхэмжлэл гаргасан боловч нярав Х Эрүүл мэндийн төвийн нярвын үүрэгт ажлаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн тул 2018 оны 12 дугаар сард гэсэн нэхэмжлэлийг хариуцах боломжгүй болохыг тайлбарлав гэжээ.
Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Би Б сумын төвд хувийн дэлгүүр ажиллуулдаг. Б сумын Эрүүл мэндийн төв нь миний дэлгүүрээс эд зүйл бараа хүнс аваад мөнгийг нь буцаагаад өгдөг байсан. Эрүүл мэндийн төвийн дарга солигдсон тул тооцоо хийгээгүй. Б сумын Эрүүл мэндийн төв 2018 онд банз, цемент зэрэг барилгын материал болон хүнсний зүйл, өдөр тутмын цэвэрлэгээний материал зэрэг нийтдээ 631400 төгрөгийн эд зүйл авсан. Би гэмт хэрэгт холбогдож 1 жил хуулийн байгууллагаар шалгагдаж явсан. Б сумын Эрүүл мэндийн төв манай дэлгүүрээс 631400 төгрөгийн эд зүйл авсан гэдгийг мэдэж байна. Урьд нь бараа аваад мөнгийг нь төлдөг байсан. Надаас авсан бараа материалаар сүүдрэвч, эмнэлгийн урд талын талбайг цементэлсэн. Тус эмнэлгийн нярав Х байнга бараа аваад дараа нь үнийг төлдөг байсан болохоор баримтын он, сар, өдрийг нь анзаараагүй. Надаас авсан цементээр Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн урд талыг цементэлж, сүүдрэвч барьсан. Иймд Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс 631400 төгрөг гаргуулж, миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь Б сумын Эрүүл мэндийн төвийг 2018 оны 12 дугаар сард 3 удаа 631400 төгрөгийн хүнсний бараа материал авсан гэж байна. Тухайн үед Б сумын Эрүүл мэндийн төвийн нярваар Х гэх хүн ажиллаж байгаагүй. Х нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор томилогдсоны дараа Б надад уг маргааны талаар хэлэх үед би чи байгаа нотлох баримтуудаа аваад ирээд уулзаарай, чамд байгаа баримтууд орлогод байгаа эсэхийг шалгаж үзье гэж хэлсэн ч ирээгүй. 2018 оны 12 дугаар сард Х гэх хүн тус байгууллагад ажиллаж байгаагүй тул түүний баримт бичиж өгөөд авсан бараа материалын үнийг хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй. Нэхэмжлэгч 2017 онд Х авсан гэж хэлж байгаа ч баримт нь байхгүй тул төлөх боломжгүй. Мөн тооцоо нийлсэн баримт байхгүй. Х нь 2018 оны 01 дүгээр сард ажлаас гарсан. Х ажлаас гарсан байхад 2018 оны 12 дугаар сард түүнд бараа өгөхгүй байх байсан. Энэ бол нэхэмжлэгчийн хариуцлагагүй байдал. Би нэхэмжлэгчийг баримтаа авчраад үзүүлээч гэхэд ирээгүй. Би нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ч гэсэн баримт байвал авчраарай, Х ажлаас гарсны дараа авсан бараа байна гэж хэлж байсан. Б-гээс авсан барилгын бараа материалаар сүүдрэвч хийж, талбай цементэлсэн нь харагдаж байгаа ч бичгийн нотлох баримт байхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь, нэхэмжлэгч Б-гийн гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №114 Зарлагын баримт[1]-аар 21 нэр төрлийн 245400 төгрөгний бараа, мөн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №114 Зарлагын баримт-аар[2] 6 нэр төрлийн 118000 төгрөгний бараа, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №115 Зарлагын баримт[3]-аар 3 нэр төрлийн 268000 төгрөгний барилгын материалыг тус тус хүлээн авсан Б сумын Эрүүл мэндийн төвийн нярав Х гэж гарын үсэг зурсан боловч Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчид шалгуулаагүй, мөн Зарлагын гэснийг гараар засварласан байдалтай байна.
Б сумын Эрүүл мэндийн төвийн эд хариуцагч ажилтай Х 2018 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх баримтууд нь хариуцагч байгууллагын эд хариуцагч (нярав) Х үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа нөхөж хуурамчаар үйлдсэн хууль бус байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-гээс барилгын материал авч тус төвт сүүдрэвч хийж, талбайг цементэлсэн үнэн гэдгийг, мөн энэхүү барилгын материалын үнийг одоо хүртэл төлөөгүй, тухай үед нэхэмжлэгч талаас санхүүгийн баримтаа гаргаж өгөөгүй байсан гэсэн тайлбарыг үндэслэн, мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн барилгын материалын үнэ бүгд 268000 төгрөгийг хариуцагч талаас үгүйсгээгүй тул нэхэмжлэгч Б-гийн барилгын материалын үнийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвд сүүдрэвч хийж, талбайг цементэлхэд ашигласан гэх 3ш цементийн үнэ 52500 төгрөг; 3см банз 10ш үнэ 65500 төгрөг, 5см банз 6ш үнэ 75000, насос шланкын хамт 1 ком 75000 төгрөг, бүгд барилгын материалын үнэ 268000 төгрөгийг хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй тул 363400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19592 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 8690 төгрөгийг хариуцагч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс барилгын материалын үнэ бүгд 268000 (хоёр зуун жаран найман мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох 363400 (гурван зуун жаран гурван мянга дөрвөн зуун) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19592 (арван есөн мянга таван зуун ерөн хоёр) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвөөс 8690 (найман мянга зургаан зуун ерөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК