Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, 1982 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй Булган сумын цогцолбор сургуульд няраваар ажилладаг А  овогт Л  гийн Т  / ПБ 82082508/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух 1973 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй хувиараа хөдөлмөр эрхлэх, А  овогт Н гийн О  / ПБ 73010518/ -д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг, дундын өмчлөлөөс хуваарьт хөрөнгө авах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, нэхэмжлэгч Л.Т , хариуцагч Н.О , гэрч Д.Лхагважав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөртэйгээ 2008 онд гэр бүл болж бидний дундаас охин О.Эрдэнэцэцэг, хүү О.Энхбилэг нар төрж өөрийн дагаж ирсэн хүүгийн хамт ам бүл 5 уулаа амьдарч байсан. Н.О  нь миний хүү Шинэбаяртай таарч тохирохгүй асуудал байнга гардаг. Зарим тохиолдолд намайг хардах, зодох асуудал гарч байсан. Өнөөдрийн байдлаар бид хоёр тусдаа амьдарч байна. Цаашдаа эвлэрээд амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний дундын өмчөөс авах зүйл байхгүй. Харин малыг ам бүлийн тоогоор тооцож хувааж авах хүсэлттэй байна. Гэр болон бусад хөрөнгө авахгүй. Харин тавилга авна.Манай гэрт миний аавын зарим тавилга байгаа. Н.О тай таарч тохирохгүй би Улаанбаатар хот руу шилжин ажиллаж байхад араас очиж авсан. Бидний амьдралд ах дүү хамаатан садангийн оролцоо байхгүй. Гэхдээ намайг байнга хардаж зоддог. Ах дүү нар нь мэдэж байгаа гэв.

Хариуцагч Н.О  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Т гийн нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд тайлбараа өгсөн. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Шүүхээс өгсөн эвлэрэх хугацаанд уулзахаар очиход уулзахгүй ажилтай завгүй гэж хэлдэг. Би Л.Т г хаана амьдарна тэнд нь очиж амьдарч чадна. Гэрлэлтээ цуцлуулахгүй. Хүүхдүүдтэйгээ хамт байх саналтай байна. Л.Т  нь тусдаа амьдарч байгаа. Надад хөрөнгө мөнгөний хэрэггүй гэр орон бүх зүйлээ өгөөд аавынхаа гэрт ороод амьдарна. Малын хувьд өгөхөд татгалзах зүйл байхгүй. Л.Т  сална гэвэл би 2 хүүхдээ авах хүсэлттэй байна гэв.

Гэрч: Бээс овогт Дамирангийн Лхагважав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Л.Т  нь миний эгчээс төрсөн охин юм. Бид хоёр садан төрлийн холбоотой. Энэ гэр бүлийн хувьд урьд нь бас салах асуудал яригдаж байсан. Эхнэр нь Улаанбаатар хот руу явж ажилд ороод байж байхад нь нөхөр бид хоёр 2012 онд очиж авч ирж байсан. Бид нар ах дүүгийн хувьд сайхан амьдрах талаар ярьж хэлж байсан. Зодох цохих асуудал тухайн үедээ гарч байсан. Ямар шалтгаан байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй. Үр хүүхдүүдээ бодоод амьдрах хэрэгтэй гэж бодож байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Т  нь хариуцагч Н.О аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчөөс хуваарьт хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.О  нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй байгаа бөгөөд гэрлэлтээ цуцалсан тохиолдолд 2 хүүхдээ өөрөө авна гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж байгаа тайлбар болон, шүүхээс эвлэрүүлэх хугацаанд эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрээгүй зэрэг байдлуудаас нэхэмжлэгчийн гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хангаж 2008 оны 09 сарын 29-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 04 сарын 11-ны өдөр гэрлэснийг бүртгэсэн 8407000024 дугаартай гэрлэлтийг цуцалж гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Н.О  нь тогтмол цалин орлогогүй, хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байх тул эцэг Н.О аас тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцож хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2009 оны 09 сарын 29-ны өдөр төрсөн охин О.Эрдэнэцэцэг, 2017 оны 02 сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Энхбилэг нарт олгож, насанд хүрээгүй бага насны, өнөөдрийн байдлаар эх Л.Т гийн хамт тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан хүүхдийн асрамжийг эх Л.Т гийн асрамжинд үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дундын өмчөөс 2 хүүхэд болон өөрт оногдох хэмжээгээр гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч гэр болон бусад эд хөрөнгөө өгөх, малын тооны талаар данс бүртгэл байхгүй 4 адуу, 20 үхэр, 60 хонь, 60 ямаа байна эдгээрийг хуваахад татгалзахгүй гэх тайлбар болон нэхэмжлэгчийн малыг хувааж авна. Харин гэр болон байшин авахгүй гэж тайлбарлаж байх тул гэр болон хувийн сууц зэргийг хариуцагч Н.О т үлдээн малыг толгойн тоогоор нь ам 4 ам бүлд хуваарилан хуваахад маргахгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 132.5, 132.6 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А  овогт Л  гийн Т , хариуцагч А  овогт Н гийн О  нарын 2008 оны 09 сарын 29-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 09 сарын 29-ны өдөр төрсөн охин О.Э, 2017 оны 02 сарын 23-ны өдөр төрсөн хүү О.Э нарыг эх Л.Т гийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар охин О.Э, О.Э нарыг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түмшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Н.О аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-д зааснаар гэрлэлт цуцалсан тохиолдолд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүргийг хэвээр үлдээсүгэй.

5. Хариуцагч Н.О аас 1 адуу, 15 үхэр, 45 хонь, 45 ямаа гаргуулан нэхэмжлэгч Л.Т д олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.О аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Отгонжаргалд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн дА  заалдах шатны шүүхэд дА  заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ