Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/18

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран   

Прокурор                                                     Д.Ганчимэг нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2021000890064 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Матад суманд 1978 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ******* овогт *******гийн *******, урьд

- Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сар хорих ял дээр, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоосон,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2018/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн ******* тоотод байх байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” загварын гар утас, 150 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, уг байшинд орж ирсэн *******ийн хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэн шүүгдэгч *******г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар, орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэж дүгнэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гээс бусдад учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролд нийт 825.134 /найман зуун хорин таван мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, 754.634 /долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун гучин дөрөв/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг, “Улаан хөв” гэх газарт оршин суух, ******* овогт *******ын /РД: /-д, 70500 /далан мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн 4-1А тоотод оршин суух, овогт ийн /РД: /-д тус тус олгож, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие эхээс гурвуулаа бөгөөд 1 эгч, 1 ахтай. Миний ээж ******* нь 87 настай ходоодны хорт хавдартай хэвтэрт байнгын асаргаанд байдаг. Одоо таньдаг хүний хүүхэд хичээлийнхээ амралтаар харж байгаа. Эгч нь 2 удаагийн тархины тал цус харвалттай одоо эмнэлэгт байгаа бөгөөд хөл дээрээ босох нь эргэлзээтэй гэж эмч нар хэлсэн. Миний эгч нь 1 хүү 1 охинтой мөн хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу байнгын хараа хяналт шаардлагатай байдаг. Ах маань биднээс холдоод удаж байгаа бөгөөд холбоогүй байдаг. Би насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, хамгийн том нь 9 настай, дараагийн хүү 6 настай, ихэр хүү, охин 1 нас 8 сартай. Гэр бүлдээ ажил хийж амьдралаа залгуулдаг нь ганц би байсан бөгөөд маш том алдаа гаргаж энэ хэргийг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Эхнэр маань 4 хүүхэдтэйгээ Дорноговь аймагт байгаа бөгөөд өвчтэй ээж, эгч дүү нарыг минь асарч сахих хүн байхгүй. Би энэ хэргийг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна. Миний ар гэр, ээж, эгчийн минь байдлыг харгалзан үзэж ял шийтгэлээс хөнгөлж өгнө үү хэмээн туйлын ихээр хүсэж байна. Би ахин гэмт хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлсэн мөртлөө засрал хүмүүжлийг олоогүй байдаг. Гэтэл гомдолдоо “...ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хохирогч *******ийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байдаг. Хэргийн нөхцөл байдал болон шүүхээс хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулсан зэргээс харахад үүнээс илүү бага ял оногдуулах хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Төвийн ******* тоотод байх байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” загварын гар утас, 150 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, уг байшинд орж ирсэн *******ийн хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай  нь хохирогч Х., ******* нарын мэдүүлэг, шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Шүүгдэгч *******д оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч *******гийн  гаргасан “ял шийтгэл хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******гийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                             З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                Л.НАРАНБАЯР