Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2018/0546

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х-ий Б

Хариуцагч: Монгол Улсын Сангийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж, сэргээлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Б би хөрөнгийн үнэлгээ хийх ******* дугаарын тусгай зөвшөөрлийг 2010 онд авч хугацаанд нь сунгуулж байсан ба хамгийн сүүлд 2015 хөрөнгийн үнэлгээчдийг Улаанбаатар хотод Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институд болон Монголын хохирол үнэлэгчдийн холбоо нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг бөгөөд миний Хөрөнгө үнэлгээний төв ХХК нь Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн юм. Сангийн яам нь мэргэжлийн дээрх удирдах байгууллагын санал дүгнэлтийг харгалзаж үнэлгээчний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх мөн эрхийг нь сунгах эрхтэй бөгөөд Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй юм. Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод Хохирол үнэлэгчдийн холбоонд болсон үнэлгээчдийн эрх сунгах сургалтанд албан ёсоор оролцон сургалтын дараа мэргэжлийн зөвлөлөөс авсан үнэлгээчдийн эрх сунгах шалгалтанд орж, амжилттай дүн авч тэнцсэн. Миний сургалтанд хамрагдаж мэргэжлийн зөвлөлөөс авсан эрх сунгах шалгалтанд орж тэнцсэн баримт материалын нэг хувь нь Монголын үнэлэгчдийн холбоонд байдаг бөгөөд үндсэн эх хувийг Сангийн яаманд хүргүүлдэг ба яам нь эрх сунгах шийдвэр гаргах учиртай юм. Би нэгэнт сургалтанд хамрагдаж шалгалтаар тэнцсэн тул эрхийг минь сэргээсэн гэж үзэж байсан. Учир нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар баримт бичиг материалыг хүлээж авсан эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан 3 хоногийн дотор зөвшөөрлийн хугацааг сунгах үүрэгтэй юм. Хэрэв сунгаагүй тохиолдолд тусгай эрхийг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, компанид мэдэгдэх ёстой билээ.

2. Би Монголын хохирол үнэлэгчдийн холбооны зарим ажилчдаас миний эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдээллийг дам сонсоод Монголын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирал нарт юу болж байгаа талаар утсаар асууж лавлахад чиний тусгай зөвшөөрлийг яамнаас түдгэлзүүлсэн байна. Чамд хариуг яамнаас явуулах ёстой гэсэн хариу өгсөн. Миний нэр дээр Сангийн яамнаас эрх түдгэлзүүлсэн тухай албан бичиг эсвэл эрхийн акт тушаал одоог хүртэл ирээгүй бөгөөд аль нэг сувгаар аваагүй юм.

3. Ингээд би миний тусгай зөвшөөрлийн эрх түдгэлзсэн талаар ямар ч тодорхой мэдээлэл авч чадаагүй болоод Улаанбаатар хотод 2018 оны 2 дугаар сарын дундуур бодит байдлыг мэдэхээр биечлэн, өөрийн зардлаар очсон. Би Монголын хохирол үнэлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөс учир байдлыг тодруулахад Сангийн яамнаас бидэнд албан бичиг ирсэн, уг албан бичигт таныг зөрчил гаргасан тул мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаж өг гэсэн байна, чи холбооны удирдах зөвлөлийн хуралд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бэлэн ирэхдээ өөртөө холбоотой баримт материал, хийсэн ажлын тайлан, тайлбараа авч ирээрэй гэж хэлсэн. Би холбогдох баримт материалаа бүрдүүлж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монголын хохирол үнэлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн хуралд очиж, тайлбараа хэлж, асуултанд хариулж, баримт материалаа үзүүлсэн юм.

Удирдах зөвлөлийн хурал нь үнэлгээчин Х.Б нь хууль зөрчсөн нь тодорхойгүй, зөрчилгүй байна гэсэн дүгнэлт гаргаж хариуг Сангийн яаманд хүргүүлсэн юм.

Би зөвлөлийн хариуг сонссоны дараа Сангийн яаманд очиход сайдын бичиг хэргийн албаны албан тушаалтан нь хариуг бичгээр явуулна гэсэн тул би Баян-Өлгий аймагруу буцсан юм.

4. Гэтэл Сангийн яамны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7/1018 тоот бичгийг аймгийн шуудан холбооноос 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан. Уг тоотод Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар миний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байсан тул хугацаанд нь харьяа шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа юм. Иймд Х.Б миний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, хөрөнгийн үнэлгээ хийн, тусгай зөвшөөрлийн эрхийг минь сунгаж сэргээхийг Сангийн сайдад даалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд нэмж гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Б би хүндэтгэн үзэх шалтгаануудаас болж нэхэмжлэлтэй
холбоотой анхан шатны
шүүх хуралд оролцож чадахгүй болсон тул эрхэм шүүгчээс
шүүх хуралд уншиж өгөхийг хүс
ч дараах үндэслэлээр нэхэмжлэлээ хамгаалж бичгээр тайлбар гаргаж байна. Үндэслэл:

1. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон 2018 оны 7 дугаар сарын 25 ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч С.Алтайгийн өгсөн хүсэлтэд зөрчигдсөн эрхийнхээ талаар тодорхой дурьдаж нотлох баримтуудаа хавсаргаж өгсөн тул шүүх
танилцаж нотлох баримт, нэхэмжлэл, тайлбар хүсэлтийг хуулийн хүрээнд үнэлж
нэхэмжлэлийг минь ханган шийдвэрлэнэ гэж итгэж байна.

2. Х.Б би 1995 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээ авч ажиллагаагаа эрхэлж байсан ба хамгийн сүүлд 2010 онд эрх сунгах сургалтанд нь хамрагдан шалгалт өгч тэнцэн Монгол Улсын Сангийн Сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар хөрөнгийн үнэлгээчний тусгай зөвшөөрлийн эрхийг бататган авсан бөгөөд одоо хүртэл Баянлгий аймгийн хэмжээнд би ганцаараа эрх авсан үнэлгээчин байгаа юм. Эрхийн хугацаанд төр, иргэдийн ажилд чадлынхаа хэмжээнд тус болж ирсэнийг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Намайг эрх хүчингүй болсоноос хойш саяхан аймагт үер усны гамшгаас хохирогсод үнэлгээ хийлгэх гэж маш их ширэгдсэнийг биеэр харлаа.

3. Миний харъяалагдах байгууллага бол Монголын Хохирол Үнэлгээчдийн холбоо бөгөөд Монголын Мэрэгшсэн үнэлгээчдийн институт мэргэжлийн өрсөлдөгч байгууллага юм. Энд нэг зүйл тодруулъя: Би 2015 он хүртэл Монголын мэргэшсэн
унэлгээчдийн институтын гишүүн байсан ба өөрийн хүслээр энэ оноос хойш Монголын Хохирол Үнэлэгчдийн холбооны гишүүн болсон юм. Намайг гишүүнчлэлээс гарлаа гэж ММҮИнститутын зүгээс элдэв хавчлага үзүүлж байсан бөгөөд сүүлд нь миний тусгай зөвшөөрлийг хасуулах хүртэл намайг гүтгэн хууль бус үйлдэл хийж Сангийн яаманд элдэв хуурамч баримт бүрдүүлэн хөдөлмөрлөх эрхэнд минь ноцтой халдаж байгаа юм.

4. Сургалт семинарт нь оролцож шалгалтыг нь өгч тэнцсэн үнэлгээчний эрхийг шалгалт авсан мэрэгжлийн байгууллага болох миний харъяалагдах Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбооноос уламжилсанаар Сангийн яам нь ирүүлсэн материалтай танилцаж тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж өгдөг журамтай ба үүрэгтэй гэдгийг хариуцагч тайлбарласан байх ёстой.

5. Би сургалтанд хамрагдаж байхаас гадна хамгийн сүүлд 2017 оны 11 дугаар сарын 06 ны өдөр Улаанбаатар хотод биеэр очиж Монголын Хохирол Үнэлэгчдийн холбоонд үнэлгээчдийн эрх сунгах сургалтанд хамрагдан суралцаж улмаар үнэлгээчний шалгалт өгч Холбооны мэрэгжлийн зөвлөлөөс тэнцлээ гэсэн дүгнэлтийг авч тэнцсэнээ мэдсэн. Энэ сургалт болон шалгалтанд орохын өмнө холбооны дотоод журмын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 10 нд үнэлгээчний эрх авах 240000 төгрөгийг татварын 2611178564 тоот дансанд, дардас \тэмдэгийн\ үнэ 40000 төгрөгийн үнийг Хохирол үнэлэгчдийн холбооны 503160169 тоот дансанд тус тус хийсэн байсан.

6. Нэгэнт ёс зүйн болон албаны зөрчил, дутагдал гаргаагүй, сургалтанд хамрагдаж шалгалтанд тэнцэж хураамж, үнэ зэргийг зохих дансанд нь тушаасан, мөн үнэлгээчний эрхийг сунгуулахаар болж баримт материал Сангийн яаманд шилжсэн болохоор би эрхийг минь сэргээсэн гэж бодож үнэлгээчний ажлаа үргэлжлүүлэн хийж байсан бөгөөд энэ үйлдэл маань зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна.

7.Би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж хариуцлага хүлээсэн бол намайг шалгалт, сургалтанд хамруулахгүй байх байсан.Мөн намайг зөрчил дутагдал гаргасан гэж арга хэмжээ аваагүй, эрхийг чинь хаслаа гэж албан ёсоор бичгээр мэдэгдээгүй. Хэрэв надад албан бичгээр мэдэгдэж байсан бол түүнийг хариуцагч тал нотлох үүрэг хүлээх ёстой болохоор нотлох биз.Гэвч миний гарын үсэг зурж мэдсэн гэсэн бичиг өгч чадахгүй тул хариуцагчийн тайлбарлан хэлэх нь нотолгоо болохгүй юм. Надад бичгээр мэдэгдсэн бол би эрхийнхээ дагуу тэр үед гомдол гаргах байсан.Намайг гомдол гаргах эрхээр хангаагүй байсан.

8. Нэгэнт сургалтанд хамарч, шалгалтыг өгч зохих журмыг нь биелүүлсэн, мөн эрхийг нь олгохыг МХҮХ-оос уламжилсаныг хүндэтгэн үзэж Сангийн яамнаас эрхийг минь сэргээж өгөх үүрэгтэй юм.

9. Монголын Хохирол Үнэлэгчдийн холбооноос тус шүүхэд миний сургалтанд суусан, шалгалтанд тэнцсэн болон эрхийг сунгуулах зөвшөөрөл олгохыг хүсэж Сангийн яаманд албан бичиг явуулсан тухай нотолсон нотлох баримтууд ирсэн гэж дуулсан. Тус холбоо ч гэсэн асуудалд бодид үнэнээр хандаж нотлох баримтуудаа өгсөн гэж бодож байна.

10. Харин намайг хууль зөрчсөн гэж байгаа боловч Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбооны мэргэжлийн зөвлөлөөс Х.Б нь хууль зөрчөөгүй гэж намайг очиход дүгнэсэн болохоор миний эрхийг Сангийн яамнаас хасах явдал нь улс төржсөн, хавчсан, хэлмэгдүүлсэн, мөн бусад байгууллагаас миний хөдөлмөрлөх эрхэнд хөндлөнгөөр оролцож элдэв хуурамч баримт, материал бүрдүүлэн өгч Сангийн яамыг төөрөгдөлд оруулсан явдал мөн гэж үзэж байна.

Иймд миний анх гаргасан нэхэмжлэл хүсэлт,энэ тайлбар болон бусад надад ашигтай байдлаар цугларсан нотлох баримтуудыг зөвөөр үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 22 дугаар зүйлийн дагуу хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3 жилийн хугацаатай иргэнд олгодог. Иргэн Х.Бы 0******* дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 тоот тушаалаар олгож, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 286 дугаар тушаалаар 3 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан болно.

Сангийн сайдын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай
тушаалаар иргэн Х.Бы хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг мэргэжлийн
байгууллагын дүгнэлтийг үндэслэн 3 сарын хугацаатай түдгэлзүүлсэн болно. Тусгай
зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд иргэн Х.Б мэргэжлийн байгууллагаар
дамжуулан тусгай зөвшөөрлийг сунгах хуулийн хугацааг хойшлуулах хүсэлтийг
гаргаж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгах хугацааг хойшлуулах талаар
хуулийн заалт байдаггүй.

Монголын хохирол үнэлэгчдийн холбоо ТББ-ын 2017 оны 11 дүгээр сарын
08-ны өдрийн 17/18 дугаар Шалгалтын комиссын дүгнэлтээр иргэн Х.Бы тусгай
зөвшөөрлийг сунгах саналыг ирүүлсэн болно. Гэвч Баян-Өлгий аймгийн татварын
хэлтсээс 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай албан бичгээр иргэн
Х.Б хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд
хөрөнгийн үнэлгээ хийсэн талаар албан бичиг ирүүлсэн бөгөөд гомдлыг хянан
шалгаж 2018 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр иргэн Х.Бтэй утсаар холбогдож
ирсэн гомдлыг уламжилж амаар болон албан бичгээр тайлбар авсан болно.

Дээрх гомдлыг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтидэд
харьяаллын дагуу шилжүүлж шалгуулахад иргэн Х.Б нь тусгай зөвшөөрлийг
түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийж
хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 24.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон болно. Хөрөнгийн үнэлгээчний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын нэг Х.Бы одоогийн гишүүнчлэлийн Монголын хохирол үнэлэгчдийн холбоонд албан бичиг илгээж тодруулга хүссэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

Ингээд Х.Бы хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн IX/13 дугаар дүгнэлт гаргах тухай албан бичгийг үндэслэн Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 45 дугаар тушаалар иргэн Х.Бы хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

Иймд Сангийн сайдын 2018 оны 45 дугаар тушаал нь хуулийн хүрээнд үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Б тус шүүхэд Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж, сэргээлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар нэхэмжлэгч Х.Бий хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болсон байна.

Нэхэмжлэгчээс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээчний эрх сунгах шалгалтанд тэнцэж, хураамж, үнэ зэргийг зохих дансанд тушаасан, үнэлгээчний эрхийг сунгуулахаар баримт материал Сангийн яаманд шилжсэн болохоор эрхийг минь сэргээсэн гэж бодож үнэлгээчний ажлаа үргэлжлүүлэн хийж байсан, энэ үйлдэл маань зөрчилд тооцогдохгүй гэж, хариуцагчаас тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд хөрөнгийн үнэлгээ хийсэн, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй тул хүчингүй болгосон гэж тайлбарлан маргаж байна.

Х.Б нь 2010 онд 20100******* дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 3 жилийн хугацаатай авч, Сангийн сайдын 2013 оны 286 дугаар тушаалаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгуулсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна.

Монголын хохирол үнэлэгчдийн холбооны 2016 оны 12 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулсан тусгай зөвшөөрлийн эрх сунгах шалгалтанд Х.Б ороогүй бөгөөд Монголын хохирол үнэлэгчдын холбооны шалгалтын комиссын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 16/04 дугаар дүгнэлт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр Х.Бий тусгай зөвшөөрлийн сунгалтыг түр хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэж байсан байна.

Дээрх дүгнэлтүүдийг үндэслэн Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалаар Х.Бий хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Мөн Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос 2017 оны 03 дугаар сард зохион байгуулсан шалгалтанд Х.Б нь ороогүй тул 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 22/17 дугаар албан бичгээр түдгэлзүүлэх хугацааг сунгуулахаар хүсэлт гаргаж байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Х.Б нь өөрөө Сангийн яаманд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж байгаа тул 2017 оны эхний хагас жил хүртэл хугацаагаар сунгалтыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байсан байна.

Ингээд Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан тусгай зөвшөөрлийн эрх сунгах шалгалтанд Х.Б орж тэнцсэн үнэлгээ авсан тул тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн боловч Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч Х.Б шалгалтанд орж тэнцсэнээр эрх сэргээсэн гэж үзэж үнэлгээ хийсэн гэж тайлбарлах боловч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3Энэ хуулийн 23.1, 23.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг зөвшөөрлийг сэргээнэ гэж заасны дагуу Сангийн сайдын тушаал гарснаар хөрөнгийн үнэлгээ хийх эрх сэргэхээр хуульд заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Х.Б нь Сангийн сайдын эрх сэргээсэн тухай тушаал гаргаагүй байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн болох нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн иргэдийн хөрөнгө үнэлсэн тухай тайлангуудаар тогтоогдож байна.

Иймд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэн гарсан Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бээс Сангийн сайдад холбогдуулан гаргасан Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж, сэргээлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА