| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2025/0974/З |
| Дугаар | 221/МА2026/0262 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0262
Б.У-гийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэгч: Б.У-
Хариуцагч: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 228 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0974/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.У-гаас, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт холбогдуулан “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.У-гаас гаргасан “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 1 сарын цалингийн хэмжээгээр олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тус хэргийг 2026.03.06-ны өдөр хянан хэлэлцэж, шүүхээс №128/ШШ2026/0228 дугаартай Шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт: "... 12. Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "төрийн албаны тухай хуульд зохицуулаагүй бусад асуудалд хамаарах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 110 дугаар зүйлийн 110.3 заалт Б.У-гийн тухайд үйлчилнэ" гэж тайлбарлаж байх боловч төрийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан Б.У-д төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгох эсэх асуудал нь Төрийн албаны тухай хуулиар нэгэнт зохицуулагдсан тул энд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээргүй байна" гэх үндсэн дүгнэлтийг хийж, Төрийн албаны тухай хуулиар Б.У- нь төрийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан тул түүнд тэтгэмж олгохгүй гэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн.
3.2. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн хэддүгээр зүйлийн ямар заалтад зааснаар төрийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг төрийн албан хаагч этгээдээс өөр байдлаар зохицуулсан байна вэ гээд үзэхээр Төрийн албаны тухай хуульд ийм зохицуулалтгүй, Шүүхийн шийдвэрт хуулийн ямар зүйл заалтыг баримталсан тухай тусгагдаагүй байна.
3.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс "Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 110 дугаар зүйлийн 110.3 заалт"-ын талаар дурдаагүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлт, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хуулийн дээрх зохицуулалт хамааралгүй юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тайлбарлаж буй байдлыг авч үзвэл:
3.4. Б.У- нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд буюу Төрийн албан хаагч мөн байна.
3.5. Б.У-гийн ажиллаж байсан ажил албан тушаал нь төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн захиргааны /жинхэнэ албан тушаалд хамаарч байна. Б.У-г Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын дарга-ахлах хянан шалгагчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноос өмнө болон ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд /шүүх хуралдаан болох хүртэл мөн адил/ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын дарга-ахлах хянан шалгагч-ийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаагүй байна.
3.6. Тус ажил албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй учир жинхлээгүй, тангараг өргөөгүй тул Төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй байна. Ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасныг үндэслэл болгосон. Б.У-г Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Хяналт шалгалтын газрын дарга-ахлах хянан шалгагчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №5/22 дугаартай тушаалыг хүчингүй болгоогүй. Харин шинэ тушаал гаргаж, ажилдаа тэнцэхгүй байна гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
3.7. Төрийн жинхэнэ /захиргааны албан тушаалд ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч бус этгээдийн эрх зүйн байдлын талаар тусгайлсан зохицуулалт Төрийн албаны тухай хуульд байхгүй байна. Хэдийгээр тусгай шалгалтад хамрагдаагүй, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй боловч Б.У- нь төрийн албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйл /Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг баталгаа/-ийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж үзнэ.
3.8. Иймд нэхэмжлэгч Б.У-гийн зүгээс Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйл/ шаардаагүй юм. Хэрэв Төрийн жинхэнэ албан хаагч байсан бол 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг шаардах байсан. Харин Нэхэмжлэгч Б.У- Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа болох Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан "албан тушаалын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах", 62.1.10-д “хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа", мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан "Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна" гэх заалт,
3.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т "Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй", 82 дугаар зүйлийн 82.1.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч "тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх, тэтгэмжийг нэг удаа олгоно гэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргасан байдаг.
3.10. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлж буй үйл баримтын талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.У-г Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа шаардаж буй байдлаар ойлгож, Б.У- нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа эдлэх боломжгүй гэж шийдсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.08.11-ний өдрийн 128/ШШ2026/0228 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
3. Нэхэмжлэгч Б.У-гаас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт холбогдуулан “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах”-аар маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албан хаагчийн нийтлэг баталгаагаар хангагдах ёстой. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4, 82.1.1-д зааснаар тэтгэмж авах үндэслэлтэй... гэж, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...Б.У- нь тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүй түр томилогдсон тул тэтгэмж олгох үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
4. Анхан шатны шүүхээс “...Б.У- нь анхнаасаа тухайн төрийн захиргааны албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр түр хугацаагаар орлон гүйцэтгэгчээр томилогдсон, энэ тохиолдолд түүнд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид олгогдох баталгаа болон нийтлэг баталгаа хамаарахгүй...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
5. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 23.2.1-д “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно”, 31.1.1-д “энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 43 дугаар зүйлийн 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг анх Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Б.У-г судлаач (гэрээгээр)-аар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” Б/105 дугаар тушаалаар Үнэлгээ, мониторингийн багийн Шинжээч-судлаач (гэрээгээр)-аар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар томилж,
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Б.У-гаар албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/106 дугаар тушаалаар Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Үнэлгээ, мониторингийн багийн Шинжээч-судлаач Б.У-гаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, үүний дараа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Б.У-г албан тушаалд түр томилох тухай” Б/174 дүгээр тушаалаар Бат-Очирын У-г Хяналт шалгалтын багийн Ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилжээ.
Улмаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/18 дугаар тушаалаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг хавсралтаар шинэчлэн баталсан байх бөгөөд хавсралтын 3-д Хяналт шалгалтын газар 1. Газрын дарга, ахлах хянан шалгагч, Орон тоо-1, Албан тушаалын ангилал АА-2 гэжээ.
Ийнхүү Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б/22 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар албан хаагчдыг чөлөөлж, Гуравдугаар хавсралтаар “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх ажилтнуудын овог, нэр, албан тушаал”-ыг баталсан бөгөөд Бат-Очирын У-г Хяналт, шалгалтын газрын Дарга, ахлах хянан шалгагчийн албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Үүний дараа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Б.У-г түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх тухай” Б/114 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1, 33 дугаар зүйлийн 33.2.2, 43 дугаар зүйлийн 43.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай "Мэдэгдэх хуудас", 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн "Сонсох ажиллагааны тэмдэглэл"-ийг тус тус үндэслэн Хяналт, шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Бат-Очирын У- нь тухайн албан тушаалд тавигдах хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангахгүй байх тул...” түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
7. Дээрхээс үзэхэд хариуцагч нь анх нэхэмжлэгчийг албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуульд заасан журмыг зөрчиж, шаардлага хангаагүй хүнийг, сонгон шалгаруулалтгүйгээр түр орлон гүйцэтгэгчээр төрийн албанд томилсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Гагцхүү нэхэмжлэгчээс “...төрийн албанд түр томилогдон ажиллаж байсан хэдий ч төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд мөн тул төрийн албан хаагчийн нийтлэг болон нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай, иймд төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж авах ёстой...” гэж маргасан.
8. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 3.1.2-т “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана”, 61.1.1-д “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус заасан.
Дээрх зохицуулалтаар, төрийн албан хаагчийн эдлэх боломжтой нийтлэг болон нэмэгдэл баталгаа нь гагцхүү хуульд заасан шаардлагыг хангасан, зохих журмын дагуу томилогдож, албан тушаалын бүрэн эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид л хамаарна.
9. Маргааны үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалтуудтай холбон тайлбарлавал, нэхэмжлэгч Б.У- нь анх түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны төв байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад оролцоогүй байхдаа томилогдсон зэрэг нь түүнийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж дүгнэхэд хүргэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй.
10. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй, зохих журмын дагуу томилогдоогүй нэхэмжлэгчийг чөлөөлж, улмаар Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан нийтлэг болон нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан “төрийн албанаас чөлөөлөгдсөний тэтгэмж гаргуулах” тухай хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхгүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсанчлан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа эдлэх урьдчилсан нөхцөл нь “хуульд заасан журмын дагуу томилогдсон байх” явдал тул энэ шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй талаарх дүгнэлтийг хэргийн үйл баримтад хамааралтай гэж үзнэ.
11. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “заасныг” гэх үгийг давтаж бичих, нэхэмжлэлийн шаардлага дахь “цалингийн” гэх үгийг алдаатай бичсэн нь учир дутагдалтай тул энэ мэт алдааг цаашид анхаарвал зохино.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулахгүй нөхцөлд түүнийг албажуулахад хайхрамжгүй хандсан энэ ялимгүй алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамааруулах шаардлагагүй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 228 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН