| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0158/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0001 |
| Огноо | 2013-12-17 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0001
Хэргийн индекс: 171/2013/0158/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Г.Яндаг,
хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг
хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000444 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, регистрийн *** дугаартай, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Увс аймагт төрсөн, *** настай, ***, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч ***нь 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хооронд ***тоотод оршин суух иргэн ***ны орон байранд нэвтэрч 600.000 төгрөгийн үнэ бүхий 2 мөнгөн аяга, 700.000 төгрөг, 3.500.000 төгрөгийн хаш соруултай гаанс, гаансны цоохор мод 5 ширхэг, дөрвөлжин цай 19.000 төгрөгийн үнэ бүхий нийт 4.819.000 төгрөгийн эд зүйлс хулгайлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би *** эгчийг үхэр рүүгээ явсан хойгуур *** оны ***дугаар сарын ***-ны өдөр гэрээс нь 5 ширхэг 20.000-тын дэвсгэрт 100.000 төгрөгийг, дараа нь *** оны *** дугаар сарын ***-ны өдөр гэртээ байхгүй байхад дахин орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлан авсан. Тэр мөнгөн аягаа *** эгчид 80.000 төгрөгөөр зарсан. Мөн наадмын үеэр дахин гэр рүү ороод бэлэн мөнгө 240.000 төгрөгийг авсан, тэгээд түрийвчинд нь 30.000 гаруй төгрөг үлдсэн. Би тамхины гаанс, гаансны мод, цай зэргийг аваагүй. Манай ээж хохирлыг төлж өгнө гэсэн. Би өөрөө жирэмсэн 6 сартай учир надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Шинэцэцэг-145.2 сүүлд
Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ***-г хулгай хийдэг хүүхэд гэж ер санаж байгаагүй, манайхаар ороод гараад явдаг л байсан. Хадгалсан мөнгө дутаад байдаг байсан, би ч өөрөө гайхаад байдаг байсан. Шинэцэцэг орж ирээд тараг сүү байна уу гээд асуугаад гардаг байсан. Хулгай хийгээд яваад байдаг байсныг мэддэггүй байж. Юм л байхгүй болохоор манайх руу нисэж очоод авдаг байсан байна. Алдсан юм аа бүгдийг нь нэхэмжилнэ, одоо 4.669.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гомдолтой байгаа” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч ***-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,
Гэрч *** нарын /хэргийн 33-34, 36 дугаар талууд/,
Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр “...хуучин цагийн, шинэ цагийн мөнгөн аяга нийт 600.000 төгрөгөөр үнэлэв” /хэргийн 37 дугаар тал/,
Эд хөрөнгө хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 12-17 дугаар тал/,
Мөрдөн байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хэргийн 17 дугаар тал/,
Хохирогч ***-г дахин байцаасан тэмдэглэл /хэргийн 127 дугаар тал/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 128 дугаар тал/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 129 дүгээр тал/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 130 дугаар тал/,
Ц. *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 48-49, 131 дүгээр тал/,
Эд хөрөнгө үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 132 дугаар тал/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийт албан хаагчид эрэн сурвалжлуулах тухай /хэргийн 134-136 дугаар тал/,
Хохирогч *** ийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хэргийн 137 дугаар тал/
шүүгдэгч *** ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 48 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр тал/, ***багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 50 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь 2013 оны 6 дугаар 12-ны өдрөөс 2013 оны 07 дугаар 14-ний өдрийн хооронд *** тоотод оршин суух иргэн *** ийн орон байранд нэвтэрч 2 мөнгөн аяга, 700.000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн ”...2013 оны 7 дугаар сарын 16-ны үед манай хажуу айлын охин *** гэж эмэгтэй надад Үүрийнцолмон ирээд манайд хоночихоод тантай уулзана гээд хашааг чинь даваад орчихлоо Үүрээ юу гэж ярьж байна бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй Үүрийнцолмон надтай уулзаагүй яахаараа энд ирсэн юм бол гэртээ хонохгүй тэднийд хоноод бас яагаад надтай уулзахгүй явдаг байна гэж бодоод гэртээ ороод мөнгө хийсэн авдраа ухаж үзсэн чинь авдран дотроо гар цүнхэн дотроо саарал өнгийн түрийвчинд хийчихсэн байсан ямаа зарж олсон мөнгөн 700.000 төгрөг байсан алга болчихсон байсан. ...тэгээд бас маргааш нь дахиад 2 мөнгөн аягаа санаад нөгөө авдран дотроо хийсэн байсан авдраа ухаад үзсэн чинь бас 2 мөнгөн аяга алга болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 24 дүгээр тал/,
шүүгдэгч *** “...2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр би хашааныхаа хаалгыг хаах гээд явж байтал *** эмээ үхэртээ явж байхаар нь би *** ийн хашааны хаалгаар ороод байшингийнх нь тамбарын хаалга, онгорхой цоожгүй байхаар нь гэрт нь ороод ***ийн хар өнгийн цүнхийг хайгаад жаазных нь араар хайсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь орных нь гудсан доогуур нь үзсэн чинь цагаан оосортой жижиг түлхүүр байсан. Тэр түлхүүрээр нь ханан талын авдрыг онгойлгосон чинь хамгийн дээд талд нь хар өнгийн цүнх байсан. Цүнхийг нь ухсан чинь дээр үеийн саарал өнгийн түрийвч байхаар ухсан чинь дотор нь мөнгө байсан. Яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Тэгээд би дундаас нь 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт авсан. Тэгээд буцааж түрийвчийг нь цүнхэнд хийгээд цүнхийг нь авдарт хийгээд авдрыг нь цоожлоод түлхүүрийг буцаагаад байсан байранд нь орны гудсан доогуур нь хийсэн.
...2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ***г бас үхрэн дээ явсан хойно нь гэр лүү нь ороод өмнө нь мөнгө авсан цүнхнээсээ дахиад мөнгө авах гээд авдрынх нь түлхүүрийг авах гээд орны гудас нь доогуур нь арай өөр улаан оосортой түлхүүр байсан. Тэр түлхүүрийг нь би цонх нь талынх нь авдарт хийсэн чинь түлхүүр нь таараад авдрыг ухсан чинь нэг даавуу байхаар нь сөхсөн чинь мөнгөн аяга байсан. Түүнийг авсан. Тэгээд гадаа чимээ гарах шиг болохоор нь нь сандраад хоёр мөнгөн аягыг нь цамцандаа хийгээд авдрыг нь цоожлоод буцаад гарсан...
...2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн орой ахын хүүхэд унтаад орой 21 цагийн үед *** үхрэндээ явж байхаар нь харж байгаад *** ийн гэр лүү орсон гэр нь бас урьдынх шиг онгорхой байсан. Тэгээд би орны гудас нь доогуур авдрын түлхүүрийг үзтэл улаан цагаан өнгийн оосортой хоёр түлхүүр байж байсан. Тэгээд авдрыг нь онгойлгоод цүнхийг нь гаргаж ирээд түрийвчээс 200.000 төгрөг байхаар нь авсан. Би яг 240.000 төгрөг авсан. Түрийвчинд нь задгай 30 гаран мянган төгрөг үлдсэн. Тэгээд гадаа хөлийн чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би сандраад түрийвчийг нь хальт цүнхэнд нь хийгээд цүнхнийх нь цахилгааныг татаж чадаагүй авдрыг нь цоожлоод гудас нь доогуур нь буцааж хийчихээд гараад явсан, гарахад хүн амьтан байгаагүй нохой нь хуцаж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 46-47 дугаар тал/,
Гэрч *** ийн “ 2013 оны 06 дугаар сард Долгормаагаас буюу охин Бумантуяатай ярьж байгаад 2 тооны ямаа нэгийг нь 100,000 төгрөгөөр хоёуланг нийтдээ 200,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 128 дугаар тал/,
Гэрч ***-ийн “ 2013 оны 05 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. ...нэг ямааг нь 100,000 төгрөгөөр бодоод 4 ямаа 400,000 төгрөг тэр Долгормаа эмээд бэлэн тоолж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 129 дүгээр тал/,
гэрч ***ийн “2013 оны 05 дугаар сард нийтийн ахуй үйлчилгээний газрын ажилчдын хоолонд 4 ямаа, 400,000 төгрөгөөр зарсан. Тэгэхэд ямаа худалдаж авахад нь би хамт явсан. Дараа нь 2013 оны 06 дугаар сарын эхээр манай найз Нарантуяа хоёр тооны ямаа 200,000 төгрөгөөр худалдаж авсан. Би бас тэгэхэд хамт явж голын цаанаас малаасаа авч өгсөн. Мөн 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5,6 дугаар сарын тэтгэврийн мөнгийг хамт явж авч өгсөн. Тэгэхэд 2 сарын тэтгэврийн мөнгө 380,000 төгрөг авсан. Ингэхээр манай ээжид хангалттай 700,000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн130 дугаар тал/,
Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр “...хуучин цагийн, шинэ цагийн мөнгөн аяга нийт 600,000 төгрөгөөр үнэлэв” /хэргийн 37 дугаар тал/
Хохирогч *** ийн тэтгэврийн дэвтрийн хуулбар /хэргийн 137 дугаар тал/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хаш соруултай гаансны үнэ 3,500,000 төгрөг, 5 ширхэг эрээн гаансны модны үнэ 15,000 төгрөг, найман гишүүнт төгөлдөр цайны үнэ 4,000 төгрөг, бэлэн 700,000 төгрөг, унааны зардал 50,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг, нийт 4,669,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хохирогч *** нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “миний өмнө алдагдсан эд зүйл дээр нэмэгдээд хаш соруултай гаанс, цоохор гаансны мод 5 ширхэг, найман гишүүн төгөлдөр дөрвөлжин цай зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би алга болсон эд зүйлээ энэ хэрэг шүүх рүү шилжсэн үед мэдсэн...” гэсэн мэдүүлэг өгсөн.
Гэвч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийт албан хаагчид эрэн сурвалжилж ажилласан хугацаанд алдагдсан гэх хаш соруултай гаанс, гаансны цоохор мод зэрэг эд зүйлийг олж тогтоогоогүй /хэргийн 134-136 дугаар тал/, хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тэр нь нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “...Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *** нь хохирогч ***ийн гэрээс хаш соруултай гаанс, гаансны цоохор мод 5 ширхэг авсан гэдэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдож тогтоогдохгүй байна.
Мөн хохирогч *** ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нэхэмжилсэн унаа машины зардал 50,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөгийн талаар хэрэгт нотлох баримт байхгүй байх тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иймээс хохирогч Ө*** ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нэхэмжилсэн 4.669.000 төгрөгөөс бэлэн мөнгө 700.000 төгрөг, найман гишүүн төгөлдөр цайны үнэ 4.000 төгрөг, нийт 704.000 төгрөгийн шаардлагыг ханган шүүгдэгчээс гаргуулж, үлдэх 3.965.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн гэрээс хулгайлсан хоёр мөнгөн аягыг иргэн ***т 80.000 төгрөгөөр худалдсан болох нь:
иргэний нэхэмжлэгч Ц***ийн “2013 оны 6 сарын сүүлээр Шинэцэцэгээс 80,000 төгрөгөөр 2 мөнгөн аяга худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч *** ийн: “...би сар өдрийг нь санахгүй байна ямар ч байсан наадмаас өмнө хүнээс худалдаж авлаа гээд 2 мөнгөн аяга аваад ороод ирсэн. 80.000 төгрөгөөр худалдаж авсан гэхээр нь тэр хүн чинь юун хүн юм гэсэн чинь зүс таньдаг хүн байгаа юм манай тэнд нэг гуанзанд ажиллаж байсан юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч *** ийн “...нийтдээ би *** эгчээс 80.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч ***80.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч ***т олгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр тал/, эмчийн тодорхойлолт /хэргийн 109 дүгээр тал/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хэргийн 100-101 дүгээр тал/ зэрэг баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч ***т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** г “орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ***т эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***с 704.000 /долоон зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж *** тоотод оршин суух ***-д, 80.000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж *** тоотод оршин суух ***-т тус тус олгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т зааснаар хохирогч ***ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт гаргуулахаар нэхэмжилсэн 3.965.000 /гурван сая есөн зуун жаран таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2013 оны 9 дүгээр 24-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***ийн эзэмшлийн *** маркийн гар утсыг битүүмжилсэн 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх хүчин төгөлдөр болмогц, хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар ***т 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т анхааруулсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА