Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0002

 

 

 

 

 

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2013/0207/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Ё.Ринзаан, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч ***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000466 дугаартай хэргийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, регистрийн *** дугаартай, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, ***, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эцэг, эх, эхнэр, хүүхдийн  хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч ***нь урьд дээрмийн гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа 2013 оны 08 дугаар сарын 05-ны орой 16 цагийн орчим ***иргэн ***ийн гар цүнх, улаан хүрэн өнгийн түрийвч, Скайтелийн гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх, монетон ээмэг зүйлийг хулгайлж бусдад 218.900 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ өглөө унтаж байхад манай гэрт *** ах ирээд цугтаа гарсан. Гэрээс гараад *** ганц шил архи ууя гэхээр нь цугтаа Смайл гэдэг бааранд орсон. Тэгээд сууж байгаад хохирогч ***ийн сууж байсан ширээн дээр очоод дуу дуулж байгаад сандал дээр байсан цүнхийг нь авсан. Цүнхэн дотор бэлэн 10.000, 20.000 төгрөг,

Ц

нийт 30,000 төгрөг, монетон ээмэг, бугуйн цаг зэрэг байсан. Би бэлэн мөнгө болон монетон ээмгийг авсан. Хохирогчид 180.000 төгрөгийг өгсөн, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Миний буруу хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

Хохирогч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ” Би *** оны *** дугаар сарын ***-ны өдөр найз ***тэй хамт Смайл бааранд орж сууж байхад шүүгдэгч залуу нэг залуутай цуг байсан. Намайг 00-ийн өрөө рүү ороод ирэх хооронд миний цүнхийг аваад гарсан байсан. Бааранд сууж байсан хүүхэн таны цүнхийг сая нэг залуу аваад зугтаачихлаа гэж байсан. *** надад 180.000 төгрөг өгсөн нь үнэн. Цүнхэнд ээмэг байсан болохоор одоо 150.000 төгрөг нэхэмжилмээр байна” гэв.

 

Хавтас хэргээс:

Эд зүйл түр хураан авсан тухай, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8-9 дүгээр тал/,

Хохирогч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 10-11 дүгээр тал/,

Гэрч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/,

Гэрч *** ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/,

Шүүгдэгч *** ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 29-30, 38-39, 48-49 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл /хэргийн 50-52 дугаар тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 99/13 дугаар магадлагаагаар “...*** хэрэг хариуцах чадвартай” гэжээ /хэргийн 60 дугаар тал/

Эд хөрөнгө үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 14 дүгээр тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар тал/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 17-19 дүгээр тал/,

Дархан сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт/хэргийн 56 дугаар тал/,

Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 37 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *** урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1-д заасны журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар хувь оногдох эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 5 хоног хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн суллагдсан бөгөөд ялтай байх хугацаандаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** цагийн орчимд Дархан сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Смайл” бааранд иргэн ***ийн гар цүнх, улаан хүрэн өнгийн түрийвч, Скайтелийн гар утас, бугуйн цаг, иргэний үнэмлэх, монетон ээмэг зэрэг эд зүйлийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч иргэнд 218,900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч ***ийн “...2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Смайл бааранд найз ***ийн хамт ороод пиво аваад сууж байсан чинь бид хоёрын хажуу талын ширээнд сууж байсан хоёр залуу хүрч ирээд “хамт сууя” гэхээр нь бид хоёр нээх дугараагүй дуулаад сууж байгаад би 00 ороод гарч ирсэн чинь нэг залуу хүрч ирээд “таны цүнхийг хамт сууж байсан залуу чинь аваад гараад явчихлаа” гэхээр нь би гүйгээд очсон чинь миний цүнх алга болчихсон байсан. Тэгэхээр нь хамт явж байсан залууд нь “танай найз миний цүнхийг аваад явчихлаа” гэсэн чинь нөгөө залуу “харин тийм би сая харсан” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудаад бид нар хамт гэрт нь очиход тэр залуу гэртээ байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

 -Гэрч *** ын “...2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим танил *** буюу *** тай уулзаад Смайл бааранд ороод 1 шил архи авч хуваагаад ууж байсан чинь Лхамаа “тэр хоёр эгч дээр очъё авсан архинаас нь хувааж ууя” гээд намайг дагуулаад бид хоёр тэр эгч нар дээр очоод суусан. Тэгээд байж байсан чинь нэг эгч нь 00 орохоор яваад өгсөн, би нөгөө эгчтэй юм яриад сууж байгаад өөрийнхөө ширээн дээр ирээд сууж байсан чинь тэр бааран дотор сууж байсан залуу “хөөе чамтай хамт явж байсан залуу чинь тэр эгчийн цүнхийг аваад явчихлаа” гэхээр нь харсан чинь Лхамаа нөгөө эгчийн цүнхийг аваад хаалгаар гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч ***ийн “...2013 оны 08 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим унтаж байсан чинь цагдаа ирээд “танай хүү *** буюу *** бусдын эд зүйл хулгайлсан байна” гэж хэлээд явсан. Тэгээд 2013 оны 08 дугаар сарын 15-нд миний утас руу ***  ярихаар нь би “чи хүний эд зүйл хулгайлсан юм биш үү тэрийг нь өгөөч” гэсэн чинь *** “би тэр өдөр согтуу байсан юм аа тэр цүнхийг нь 15 дугаар сургуулийн орчим хаясан юм шиг байна та очоод авчих” гэхээр нь охин ***ийг явуулсан чинь 15 дугаар сургуулийн орчмоор хайж байгаад олоод ирсэн. Тэр цүнхэн дотор нь Н. *** гэсэн иргэний үнэмлэхтэй, улаан өнгийн түрийвч, эмэгтэй хүний гоо сайхны зүйлс байсан...” гэсэн мэдүүлэг,

-Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэрүүд

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоол,

- ***ын сэжигтэн болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр унтаж байсан чинь *** орж ирээд “ганц нэг архи ууя” гэхээр нь би “мөнгө байгаа юм уу” гэсэн чинь эхнэрээсээ авчихна гэхээр нь хамт гараад Смайл бааранд ороод 1 шил 0.5 грамм архи аваад ууж байсан. Би урьд шөнө нь архи уучихсан байсан болохоор хурдан согтоод байсан. Нэг санахад караокед ороод дуулж байсан, ахиад санахад гадаа нэг эмэгтэй хүний цүнх авчихсан гүйж байсан...” гэсэн мэдүүлэг,

Эд хөрөнгө үнэлэх комиссын шийдвэрээр “Хар өнгийн эмэгтэй цүнхийг 15,000 төгрөгөөр, Улаан хүрэн өнгийн эмэгтэй түрийвчийг 15,000 төгрөгөөр, Скайтелийн гар утсыг 20,000 төгрөгөөр, бугуйн цагийг 20,000 төгрөгөөр, Монгол Улсын иргэний үнэмлэхийг 38,900 төгрөгөөр, монетон ээмгийг 110,000 төгрөгөөр, нийт 218,900 төгрөгөөр үнэлжээ” /хэргийн 14 дүгээр тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч ***ыг урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэн, түүнийг ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** урьд нь хорих ял эдэлж байсан, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөрт 180,000 төгрөг болон өөрийн цүнх, түрийвч, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлээ буцаан авсан боловч цүнх түрийвч зэрэг эд зүйл норсон, усанд унасан байсан тул хэрэглэх боломжгүй болсон. Одоо 150,000 төгрөг авчихвал надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэсэн шаардлагыг гаргажээ.

Шүүгдэгч *** нь хохирогчид бэлнээр 180,000 төгрөг, түүний иргэний үнэлэхийг буцаан өгч эд хөрөнгийг үнэлсэн комиссын шийдвэрээр тогтоосон 218,900 төгрөгийг хохирлыг төлсөн болох нь  эд хөрөнгө үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 14 дүгээр тал/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 37 дугаар тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 9 дүгээр тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Харин хохирогч *** ийн нэхэмжилсэн 150,000 төгрөгийн шаардлагаас түүний түрийвчинд бэлэн байсан 43,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж,  үлдэх иргэний нэхэмжлэлийн шаардлага болох 107,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч ***нь энэ хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ***ыг “дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлээд ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах” онц хүнд гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч ***д 20.000 /хорин мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 10 /арав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ***энэ хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***аас 43,000 /дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч *** тоотод оршин суух ***-д олгож, үлдэх иргэний нэхэмжлэлийн шаардлага болох 107,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА

 

ШҮҮГЧИД                                                           Ё.РИНЗААН

 

                                                                            Я.ТУУЛ