| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/01151/И |
| Дугаар | 102/ШШ2020/02050 |
| Огноо | 2020-06-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2020/02050
| 2020 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2020/02050 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо оршин суух М Г /РД:*****/
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг тоотод оршин суух Ц Г /РД:****/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г
хариуцагч Ц.Г
хариуцагчийн өмгөөлөгч Т.М
нарийн бичгийн дарга С.С нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Гтэй 2014 онд танилцаж, 2019 онд хэсэг хугацаанд хамтран амьдарсан. Бидний хүү Г.Э 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд би Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, хүү маань надаар овоглосон. Бид зан харьцаа, таарамжгүй байдлаас болж 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Хүү Г.Э нь 11 сартай нярай байгаа бөгөөд өдөр тутмын зардал, хувцас хунар, сүү тэжээлээс авахуулаад бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд хүү Г.Эд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: М.Ггийн нэхэмжлэлтэй иргэний маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид танилцсанаас хойш нэг ч удаа хамтран амьдарч байгаагүй. Нэг удаа уулзсанаас 10 хоногийн дараа М.Г нь жирэмсэн болсон гэж хэлж байсан тул надаас хүүхэдтэй болсон гэдэг үндэслэлгүй юм. Хүүхэд гарсан надад мөнгө өг гэж хэлсний дараа 1,000,000 орчим төгрөг шилжүүлж байсан бөгөөд жаахан хүүхэд байгаа учраас хэл ам хийлгүй өгсөн. Одоо бол миний хүүхэд мөн эсэхийг тодруулах хүсэлттэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Г бид хоёр 2013 онд анх танилцсан. Тэр цагаас хойш бие биенээ таньж мэддэг болсон. Бид хоёр гэр бүл болох хэмжээний дотно харилцаатай байгаагүй. М.Г гадаад руу яваад буцаж ирээд уулзъя гэдэг байсан. Тэгээд ирсэнийх нь дараа уулзаад ганц удаа дотно харилцаанд орсон. Тухайн үедээ жирэмсэн гэхэд нь би өөрийн хүүхэд гэдэгт итгээгүй. Төрсний дараа нь шөлний хонь болон мөнгө өгч байсан. Бид хоёр 10 хоног ч хамт амьдарч үзээгүй. Шүүхийн шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлт гаргах хүртэл би өөрийнхөө хүүхэд гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан. Шинжилгээний хариугаар миний хүүхэд мөн гэсэн тул хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Ц.Гэд холбогдуулан хүү Г.Эд тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргажээ. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн Г.Э эхийн нэрийг авсан байх ба хариуцагч Ц.Г нь Г.Эий эцэг мөн эсэх асуудлаар маргасан байна. Иймд хариуцагч хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2020/05223 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ. Тус хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2256 тоот дүгнэлтээр хариуцагч Ц.Г нь Г.Эий биологийн эцэг байх магадлал 99,99%-иар тогтоогдсон байна. Дээрх дүгнэлтийг хуульд заасан арга, журмын дагуу гаргуулсан ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, шинжилгээний үр дүнгийн талаар хариуцагч маргаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Ц.Гээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Г.Эийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц Гээс 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Эийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Г нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 37,030 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 33,170 төгрөг, хариуцагч Ц.Гээс улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Гд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА