| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/01160/И |
| Дугаар | 102/ШШ2020/02068 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2020/02068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг оршин суух Р Ж /РД:****/
Хариуцагч: Баянгол дүүрэг оршин суух Р П /РД:*****/
1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А
хариуцагч Р.П
нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Ж миний бие өөрийн төрсөн дүү болох Р.Пд 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгийг маань өсгөж өгье гэж хэлсэн. 2017 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буцааж өгөөгүй байна. Иймд Р.Пгаас 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Ж нь өөрийн төрсөн дүү Р.Пд 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөнгийг чинь өсгөж өгнө гээд авсан. Энэ мөнгийг бэлнээр авсан. Мөнгийг аваад нэг хүн рүү шилжүүлнэ гэсэн яриа гарсан гэсэн. Хавтаст хэргийн 14 дэх хуудсанд 1,564,000 төгрөгийг явуулсан хуулга байгаа. Р.П та мөнгө байвал надад өгөөч ээ, бэлэн мөнгө өгвөл өсгөдөг юм байнаа, мөнгө байвал өсгөөд өгье гэж хэлсэн. Р.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүүдээ мөнгө өгчихөөд хөдөө явсан. Энэ хооронд утсаар л ярьж байсан. Тэгээд өгөхгүй болохоор нь хотод ирээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ярьсан. Мөнгийг яг төдийд өдийд төлнө гэж тохирсон зүйл байхгүй. Зээлийн гэрээг талууд хугацаагүй байгуулсан боловч хариуцагч төлөхгүй удсан учир шүүхэд хандсан байгаа. Иймд хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Р.П шүүхэд гаргасан тайлбартаа: Миний төрсөн эгч Р.Ж нь надад 1,500,000 төгрөгийг бэлнээр өгөөд тэр мөнгийг намайг авсан болгож шүүхэд хандсан байна. Иймд миний бие нь уг мөнгийг аваагүй. Эгч бид хоёр хамт гараад Хаан банкин дээр цуг очоод миний найз болох Б овогтой Ц-н Хаан банкны дансанд шууд шилжүүлсэн. Ийм учир би энэ 1,500,000 төгрөгийг хариуцахгүй. Б.Ц-н дансыг шалгаж үзэх бол шууд гарч ирнэ гэдгийг батлан хэлж чадна.
Хариуцагч Р.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх мөнгөө өсгөх боломжтой зүйл байдаг юм байна гэж Б.Ц надад хэлсэн. Тэгээд би энэ талаар санамсаргүй эгчдээ хальтхан л тэр талаар хэлсэн. Тэр үед эгч юм хэлээгүй явсан. Тэгсэн дараа нь манай эгч над дээр ирээд би орьё гэж хэлэхээр нь Б.Ц руу залгаад хэлтэл миний хаан банкны дансруу шилжүүлчихээ гэж хэлсэн. Тэгээд эгч бид 2 Хаан банкинд очоод, эгч бичиж чадахгүй гэхээр нь би өмнөөс нь бичээд өөрийнхөө нэрээр явуулчихсан. Түүнээс биш би тэр мөнгийг бэлнээр гар дээрээ ч аваагүй. Б.Ц л бүгдийг мэдэж байсан. Надаас болон найзуудаасаа бас мөнгө аваад одоо ч буцааж өгөөгүй л байна. Өөрөө болохоор мөнгөө өсгөөд явдаг хэрнээ бид нарт буцааж өгч байгаагүй. Надад 1,500,000 төгрөгийг өгсөн гэж байгаа хэдий ч би аваагүй Б.Ц руу шилжүүлсэн. Б.Цгийн хуулган дээрээс үзэхэд 2 долоо хоногийн ногдол ашгаа авсан байсан. Б.Ц надад эхний ногдол ашгаа авсан гэдгийг хэлж байсан. 40 евро монгол мөнгөөр 100 гаруй мянган төгрөг болж байгаа байх. Б.Цгийн дансны хуулган дээр 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ээж 105,000 төгрөг гэсэн шилжүүлэг харагдаж байгаа. Тэрийг байх гэж бодож байна. Учир нь Р.Ж өөрөө энд байхгүй байна. Дансны дугаарыг өгсөн, өгөөгүйг мэдэхгүй байна. Гэхдээ охиныхоо дансны дугаарыг өгөөд тийшээ шилжүүлсэн байх гэж бодож байгаа учир доор нь тэмдэглэсэн байх. Дахин зоосон мөнгө гээд бичсэн дугаар байгаа. Тэр нь манай найзын шилжүүлсэн мөнгөний баримт байсан болохоор дээрх 2 мөнгөний баримт ойролцоо тул мөн байх гэж бодож байна. Бүртгүүлж ороод мөнгөө оруулвал 7 хоноод л ногдол ашиг өгдөг гэсэн. Яг хэр ашиг ордог гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би мөнгийг аваагүй тул төлж чадахгүй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч Р.Ж нь хариуцагч Р.Пд холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл” гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх ба харин хариуцагч “зээлж аваагүй, миний найз Б.Ц Японы нэг компанид хөрөнгө оруулалт оруулж ашиг авдаг гэсний дагуу энэ мөнгийг эгч надаар дамжуулж Б.Цд өгсөн, мөнгөнийхөө ашгийг эгчийг авсан гэж байсан, би төлөх үндэслэлгүй” гэж маргаж байна.
Хариуцагч Р.П нь нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг авч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Цгийн данс руу өөрийн нэрээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Мөн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд “эгч Б.Цгаас эхний сарын ашгаа авсан байсан, би Б.Цгийн данснаас харсан” гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн Б.Цгийн Хаан банкин дахь дансны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргуулсан ба тухайн хугацаанд Б.Цгаас Р.Жд мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр мөнгөө өсгөх зорилгоор Б.Цд өгч, ашиг авч байсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй“ гэж заасны дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэлээ нотлоогүй, нотлох баримт цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Бусдын хөрөнгийг шилжүүлж авсан этгээд нь хөрөнгийн эзний зөвшөөрөлгүйгээр олж авсан, хөрөнгийн эзэн хөрөнгөө авахыг зөвшөөрсөн ч энэ нь хүчин төгөлдөр бус тохиолдолд хөрөнгө олж авсан этгээд хөрөнгийг эзэнд нь буцаан өгөх үүргийг хуулиар хүлээнэ. Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх нөхцөл байдал буюу хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр эсвэл нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр олж авсан байдал тогтоогдоогүй тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг зээлж аваагүй, нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор мөнгөө Б.Цд өгсөн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, энэ талаар нотлох баримт бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд нэхэмжлэгчийн мөнгийг хариуцагч хүлээн авсан үйл баримтыг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Цг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар Б.Цг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг Б.Цгаас шаардахаас татгалзжээ. Иймд Б.Цд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р П-с 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р Жд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Ж нь хариуцагч Б.Цд холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.П-с улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Жд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА