Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0269

 

 

 

 

 

 

 

 

  2026          04           23                                   221/МА2026/0269

 

 

 

“М” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Одмаа

Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл   

Давж заалдах гомдол гаргасан:

Гуравдагч этгээд Э.А-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М

Нэхэмжлэгч: “М” НҮТББ

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч нар

Гуравдагч этгээд: Э.А

Нэхэмжлэлийн шаардлага:

“Чингэлтэй дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 250807128 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэл хийхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай”

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, Б.Т, гуравдагч этгээд Э.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/0796/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” НҮТББ-аас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 250807128 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэл хийхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

2.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 250807128 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” НҮТББ-ын 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэл хийхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

3.  Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримт, холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болсон бөгөөд маргаантай, нотлогдоогүй төрийн бус байгууллагын дотоод шийдвэрийг хүчинтэй гэж үзэж, улсын бүртгэлийн байгууллагыг хууль зөрчин бүртгэл хийхийг даалгасан нь хуулийн ноцтой зөрчил төдийгүй эрх зүйн тодорхой байдал, хууль дээдлэх зарчимд харшилсан.

“М” НҮТББ-аас Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн хуулийн этгээдийн мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “М” НҮТББ-ын 2025 оны 05  дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын бүртгэлийг хийхийг даалгах, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн улсын бүртгэгчийн хуульд нийцсэн байна гэсэн хариуны дагуу 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 250807128 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Ингэхдээ манай “М” НҮТББ нь хүүхэд залуучуудын хөгжил, боловсрол, эрүүл мэндийг дэмжих зорилгоор анх 2015 онд үүсгэн байгуулагдсан гэжээ. Тиймээс миний бие шүдний эмч мэргэжилтэй бөгөөд мэргэжлийнхээ дагуу шүдний эмнэлгийг ажиллуулдаг, мэргэжлээрээ 16 жил ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд нийгмийн боломжгүй амьдралтай хүүхэд багачуудад шүдний эрүүл ахуйн үзлэг хийх, эмчилгээг үнэгүй үзүүлэх зэрэг Монгол хүүхдүүдийнхээ амны хөндийг эрүүл байлгах зорилгоор анх 2015 онд “М” НҮТББ-ыг ганцаараа үүсгэн байгуулсан бөгөөд одоо эцсийн өмчлөгч юм.

Тус сангийн дүрмийн 9.1-т “Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална” гэж заасны дагуу тухайн үеийн удирдах зөвлөлийн гишүүдийг миний бие сонгосон.

2021 онд зүгээр сангийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байхад хэлбэрээ өөрчлөхгүй л бол болохгүй гэж гүйцэтгэх захирал болон хуулийн зөвлөх гэх О.Хишигжаргал нь нар нь зөвлөөд ятгаад байсан тул сангийн хэлбэрийг өөрчлөн холбоо болгосон. Ингэж төрийн бус байгууллага буюу санг дээрэмдэн авах эхлэл тавигдсан.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн шаардлагын дагуу гээд удирдах зөвлөлд байсан 2 хүний хамтаар 3 иргэн буюу Э.А, Н.Я, Н.Х нарын хамт үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн. Гэхдээ Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Үүний дагуу миний бие дангаараа эцсийн өмчлөгчөөрөө бүртгүүлсэн.

Гэвч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 23/6/1 дугаар тогтоолын хавсралтаар төрийн бус байгууллагын дүрмийг бусад гишүүдийг оролцуулахгүйгээр Габ, Н.Я, С нар хүчин төгөлдөр бус шийдвэрээр шинэчлэн дүрмийг баталсан байна.

Тухайн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа дүрмийн 6.13.2-т заасан “Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй”, 6.13.3-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хуралд оролцохгүй бол” гэсэн үндэслэлээр Удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн гэжээ.

Гэвч тухайн дүрмийн 6.2-т “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд гадаад дотоодын нийлсэн 7 гишүүнтэй байна. үүнд Э.А- .... г.м”, мөн дүрмийн 6.11-т “Удирдах зөвлөлийн гишүүд нь үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр гүйцэтгэнэ” гэж заасан. Түүнчлэн 6.15-д “Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна. Улиран сонгож болно” гэж тус тус заасан.

Иймд Удирдах зөвлөлийн гишүүд нь сайн дурын үндсэн дээр үүрэгт ажлаа гүйцэтгэх эрхтэй мөн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад дүрийн 6.13.2-т заасан “Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй” гэж ямар үүргийг ёсоор биелүүлээгүй гэдгийг тогтоож нотлоогүй. Харин гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн даргад мэдээлэл өгдөггүй, өгсөн үүргийг биелүүлдэггүй, гүйцэтгэлээ хянуулж тайлагнадаггүй.

Түүнчлэн 6.13.3-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хуралд оролцохгүй бол” гэсэн үндэслэлээр гэжээ. Гэтэл нэхэмжлэлд дурдсаны дагуу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралд ирээгүй хуралдсан хурлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж улмаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 128/ШШ2025/0177 дугаартай шүүхийн шийдвэр гарч манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Удирдах зөвлөлийн хурлыг дахин 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийж иргэн Э.А-ийг удирдах зөвлөлийн даргаас чөлөөлсөн гэжээ.

Хурал хуралдахад хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн гишүүдэд хүргүүлж хэлэлцэх асуудлын хурээнд удирдах зөвлөлийн шийдвэр гардаг. Тиймээс дээр заасан 3 ба түүнээс дээш хуралд ирээгүй гэдэг нь яг ямар, ямар хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэдэг нь тодорхойгүй буюу сүүлийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийсэн гэх хурлаар хэлэлцэх асуудал нь Э.А- миний биеийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан юм бол тухайн хуралд хүндэтгэн үзэх хуралд ирээгүй гэдэг шалтгаанаар бол биш болж таарч байна. Мөн төрийн бус байгууллагын тайлан, баланс, үйл ажиллагааг танилцуулахгүйгээр хууль бусаар хавчин гадуурхаж, эцсийн өмчлөгч, удирдах зөвлөлийн дарга Э.А- миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг байнга, ноцтой зөрчиж байна.

Иймээс хуулийн этгээдийн мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдэл болон 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн улсын бүртгэгчийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

3.2. Түүнчлэн “М” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч Э.А- миний бие гүйцэтгэх захирал болох Швейцарь улсын иргэн Габ болон зарим удирдах зөвлөлийн гишүүдийг гүйцэтгэх захиралтай хамтран Төрийн бус байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна”, 20.3-т “Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, төрийн бус байгууллага нэрийн дор ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах, мөнгө угааж, хандив тусламжийг хувийн хэрэгцээндээ ашиглах төдийгүй “М” НҮТББ-ын нэрийг барин бусдыг залилан бусдаас хууль бусаар хандив авч өөр нэгдмэл сонирхолтой төрийн бус байгууллагаараа дамжуулан мөнгө угаах хэрэгсэл болгон татвараас зайлсхийж байгаа болон хөрөнгө завших, хуурамч нотлох баримт бүрдүүлэх г.м гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг болон үндсэн зорилгоосоо өөр үйлдэл, үйл ажиллагаа явуулж буй талаар шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гарган хянагдаж байхад шүүх үүнийг анхаараагүй.

3.3. Мөн opendatalab.mn хаягаар орж үзэхэд үүсгэн байгуулагч Э.А, Н.Я, Н.Х нар нь хувь эзэмшил үүсгэн байгуулагчаас хасагдсаныг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн бүртгэв гэжээ. Түүнчлэн Габ нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлаар сонгогдсоныг бүртгэжээ. Яагаад ямар үндэслэл шийдвэрээр үүсгэн байгуулагчаас хасагдаж бүртгэгдсэн, ямар шийдвэр болон гэрээгээр гүйцэтгэх захирал дахин бүртгүүлсэн, дүрэм дахин шинэчлэгдсэн батлагдсан эсэх зэрэг 2021 онд төрийн бус байгууллагын хэлбэр өөрчлөгдөн бүртгүүлэх материал өгснөөс хойш одоог хүртэлх бүхий л дүрмийн өөрчлөлт, тухай бүр бүртгүүлэхэд өгсөн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэл зэрэг түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас авч тодруулахад энэхүү нөхцөл байдал тодорхойгүй байхад шийдвэрлэсэн.

2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хурал хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бөгөөд учир нь Удирдах зөвлөлийн 7 гишүүнээс Э.А, Б.Б, О нар нь оролцоогүй, мөн Н.Я хөдөө ажлаар явж байсан хуралд оролцоогүй гэж тайлбарладаг.

Түүнчлэн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, удирдах зөвлөлийн гишүүдэд мэдэгдээгүй асуудлаар тухай бүр дүрмийн заалтуудыг өөрсдөдөө тааруулан хуурч мэхлэн залилж өөрчилдөг байсан байна. Тухайлбал:

-2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 21/7/1 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 6.7-д Удирдах зөвлөлийн 5-с доошгүй гишүүн хуралд оролцсон тохиолдолд тухайн хурал хүчинтэй болно.

-2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22/3/1 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 6.7-д удирдах зөвлөлийн 3 гишүүн хуралд оролцсон тохиолдолд удирдах зөвлөлийн хурал хүчинтэй болно.

-2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23/6/1 дугаар тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 6.7-д удирдах зөвлөлийн 4 гишүүн хуралд оролцсон тохиолдолд удирдах зөвлөлийн хурал хүчинтэй болно гэх мэт тухайн удирдах зөвлөлийн хурлаар огт хэлэлцээгүй зүйлийг тухайн удирдах зөвлөлийн гишүүд биш хуулийн зөвлөх нь дураараа дүрмийн заалтыг өөрчилж батлуулж байсан байна.

Энэхүү асуудлаар Эрүүгийн Цагдаагийн албанд болон холбогдох албан тушаалтанд гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байгааг шүүхэд удаа дараа хэлээд үүний дагуу эрүүгийн хэрэг, иргэний хэрэг шийдэгдээгүй байхад энэхүү нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх ёстой талаар шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүйгээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь байдлаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М” НҮТББ-аас Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, тус хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчид холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 250807128 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, “М” НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэл хийхийг Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Э.А- дүрэмд заасны дагуу чөлөөлөгдөж байгаа бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахад удаа дараа улсын бүртгэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т заасныг үндэслэн бүрдүүлбэр дутуу гэж татгалздаг. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд хандахад хуульд заасан хугацаанд шийдвэрээ гаргаагүй, сонсох ажиллагаа хэрхэн шийдвэрлэгдсэн талаар хариу өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй байна ... Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа сунгасан бол энэ талаар бидэнд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр сонсох ажиллагаа явуулсан...” гэж тайлбарлан маргасан.

3. Анх “М” НҮТББ 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр хүүхэд залуучуудын хөгжил, боловсролыг дэмжих үйл ажиллагааны чиглэлтэйгээр, 3 гишүүнтэйгээр /Э.А-, Н.Я, Н.Х/ байгуулагдаж, удирдах зөвлөлийн даргааг Э.А-ийг сонгосон байна.

3.1. “М” НҮТББ-ын удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 22/3/1 дүгээр тогтоолоор зөвлөлийг 5 гишүүнтэй байхаар тогтоож, үүнд Э.А-, Габ, Б.Б, Н.Я, С нарыг хэвээр үлдээж, Н.Х, Г.Д нарыг чөлөөлж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 23/6/1 дүгээр тогтоолоор зөвлөлийг 7 гишүүнтэй байхаар тогтоож, үүнд Э.А-, Габ, Б.Б, Н.Ян, С нарыг хэвээр үлдээж, О, Д нарыг шинээр томилжээ.

3.2. Улмаар 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25/5/1 дугаар тогтоолоор удирдах зөвлөлийн дарга Э.А-, гишүүн О нарыг чөлөөлж, К, Н.Ц нарыг удирдах зөвлөлийн шинэ гишүүнээр томилж, даргаар нь Н.Ц-ыг сонгож, тус төрийн бус байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталж шийдвэрлэсэн бөгөөд уг өөрчлөлтийг бүртгүүлэхээр хариуцагч захиргааны байгууллагад хандсан байна.

4. Улсын бүртгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 250807128 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т заасныг үндэслэн “М” НҮТББ-ын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Э.А-ийг бүртгэлээс хассан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

4.1. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:”, 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.2-т “Улсын бүртгэгч дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ:” гээд 5.2.1-д “ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;”, 5.2.2-т “ирүүлсэн баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;”, 5.2.3-т “хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэж заасны дагуу “М” НҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал  Габ-ийн оршин суух буюу гадаад паспортын Монгол Улсад орж, гарсан тэмдэглэл байхгүй бөгөөд өргөдөлд хавсаргасан баримтыг гадаадад үйлдсэн бол нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй, гарын үсгийг скайнердсэн зэрэг зөрчлийг дурдан бүртгэхээс татгалзсан байхад анхан шатны шүүх эдгээр үйл баримттай холбоотой баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

4.2. Тодруулбал, “М” НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоолын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад улсын бүртгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 250519197 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасныг үндэслэн ““М” НҮТББ-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Габ-ийн оршин суух буюу гадаад паспортын Монгол Улсад орж, гарсан тэмдэглэл байхгүй” гэсэн үндэслэлээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байхад анхан шатны шүүх удирдах зөвлөлийн хурлын хүчин төгөлдөр байдлыг тогтоохын өмнө Габ өөрөө гарын үсгээ зурсан эсэхийг тодруулахаар түүний Монгол Улсад орсон, гарсан талаарх лавлагааг хэрэгт авахаар байжээ.

4.3. Мөн “М” НҮТББ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралд Э.Ануудариас оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байдлаа илэрхийлсэн байхад уг хурлаар үүсгэн байгуулагч бөгөөд удирдах зөвлөлийн дарга Э.А-ийг болон зөвлөлийн нэг гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхдээ Э.А-ийн хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзэлгүй тогтоол гаргасан үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

4.4. Нөгөө талаар гуравдагч этгээд Ж.А-иас анхан шатны шүүх хуралдаанд “...Төрийн бус байгууллагын хөрөнгө завших асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа” гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн цагдаагийн албанд албан ёсоор гомдлоо гаргаад хохирогчоор тогтоолгосон мөрдөгчийн тогтоол байгаа талаар шалгаж өгөх асуудал яригдсан” гэж тус тус тайлбарласаар байхад энэ талаарх нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.

5. Иймд анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт тодруулж, холбогдох баримтыг цуглуулж, удирдах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25/05/1 дүгээр тогтоол хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тус бүрд холбогдох эрх зүйн дүгнэлтийг хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН

                              ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА

                              ШҮҮГЧ                                               О.ОЮУНГЭРЭЛ