Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 23

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0029/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                  А.Цэрэндулам,
Улсын яллагч                Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Д.Оюунцэцэг,
Шүүгдэгч                   Э.Пүрэвдорж нарыг  оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Пүрэвдоржид холбогдох эрүүгийн 201723000026 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 10-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Пүрэвдорж /РД: СШ92070914/, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Яллагдагч Э.Пүрэвдорж нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлээд ялгүйд тооцох хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаа дуусаагүй, ялтай байдалтай байхдаа, согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Биеийн тамир спортын төв заалнаас иргэн М.Тэлмэнгийн годон гутлыг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
    Хохирогч М.Тэлмэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед найзууд болох Ган-Эрдэнэ, Тэмүүжин нарын хамт Хэрлэн сумын 3 дугаар баг Биеийн тамир спортын газрын зааланд очиж сагс тоглосон. тэр үед нэг танихгүй ах зааланд орж ирээд сандал дээр сууж байгаа харагдсан. Тухайн үед тоглож байсан болохоор нээх анзаараагүй.  ... шөнийн 00 цаг 30 минутын үед сагс тоглож дуусаад хувцасаа солих гэсэн чинь миний шаргалдуу өнгийн годон гутал маань алга болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, 
     Гэрч О.Ган-“Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэлмэн, Тэмүүжин нарын хамт сагс тоглож байгаад дуусаад хувцас хунараа  өмсөх гэхэд манай найз Тэлмэнгийн шаргалдуу өнгөтэй богиновтор түрийтэй годон гутал алга болчихсон байсан. Тэгээд манай найз энэ талаар цагдаад мэдэгдсэн. Биднийг тоглож байхад нэг хүн зааланд ороод ирчихсэн байсан ямар хүн байсан болохыг анзаарч сайн хараагүй тэр хүнийг авсан байх гэж сэжиглэж байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/, 
    Гэрч Т.Тэмүүжингийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Бид хэдийг тоглож дуусаад хувцасаа өмсөх гэхэд Тэлмэнгийн гутал алга болсон байсан, тоглож байхад бидний танихгүй хүн зааланд орж ирээд гарсан тэр хүн Тэлмэнгийн гутлыг аваад явчихсан байж магадгүй гэж бодож байна. Тэлмэнгийн гутал шаргалдуу өнгөтэй богино түрийтэй годон гутал байсан .. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19тал/, 
Гэрч Ч.Төгсбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Пүрэвдоржийн гэрт очиж тэндээ 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи хоёулаа хувааж уусан. Тэгээд 22 цагийн үед Пүрэвдоржийн гэрээс нь гарч Түмэндэмбэрэл гэдэг нэртэй бааранд орж, юм ярингаа нэг нэг лаазтай пиво захиалаад ууж сууж байгаад уг баарнаас ойролцоогоор 23 цагийн үед гарсан. Бид 2 баарнаас гараад Биеийн тамир спортын газрын төв заал руу хүмүүс шагай харваж байгаа эсэхийг орж харах гээд ороход уг заалан дотор шагай харваж байгаа хүн байхгүй хэдэн залуучууд сагс тоглож байсан. Би Пүрэвдоржийг явах уу гэхэд Пүрэвдорж дуугарахгүй байхаар нь би гараад явсан. Заалны гадаа Пүрэвдоржийг хүлээсэн боловч гарч ирэхгүй байхаар нь би гэртээ харьсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12 тал/, 
Шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг тодруулсан тухай баримтууд /хх-ийн 47-52 тал/, 
Үнэлгээний комиссын тэмдэглэл /хх-ийн 53 тал/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч Э.Пүрэвдоржийг согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Биеийн тамир спортын төв заалнаас иргэн М.Тэлмэнгийн годон гутлыг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Пүрэвдорж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан хугацаа дуусаагүй, ялтай байдалтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх түүнийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурдсан зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. 
Хохирогч М.Тэлмэн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 
Шүүгдэгч нь хувьд оногдох эд хөрөнгөтэй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон    

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Пүрэвдоржийг давтан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвдоржийг эд хөрөнгийг хураахгүйгээр, 02 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвдоржид оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Пүрэвдоржид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 06 сарын хорих  ялыг тэнсэж 03 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар хянан харгалзах хугацаанд тэнсэгдсэн ялтан Э.Пүрэвдоржид хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Пүрэвдоржид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА