Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 18-34 тоотод оршин суух, Тоост овогт Лын М //-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 153/2020/00352/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Л.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 1965 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1980 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцаад 6 дугаар ангиасаа сургуулиасаа гарч эцэг эхтэйгээ мал маллаж байсан. Хөдөлмөрийн насанд хүрээд 1981 оноос 1983 он хүртэл Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн Шураг бригадад эцэг эхийн хамт маллаж байсан. 1983 оны 06 дугаар сард цэрэгт татагдаж 1986 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн.

Тухайн жил Ховд аймагт үер болж байсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийг тартал буюу 1990 оны 5 дугаар сар дуустал мал малласан. Одоо тэтгэвэр гарах гэсэн боловч ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлага гарсан тул шүүхэд хандсан.

Иймд намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социлизм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 23-ны өрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчинаар, 1986 оны 7 дугаар сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү....гэв.

           

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.М нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1048 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг бригадын 1981, 1986-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Т.Доржнамжилын “....Л.М нь манай Эрдэнэүбрэн сумын Шураг багийн малчин Чулууны Ла гэдэг хүний хүүхэд юм. Л.М нь Ховд аймгйин Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж байгаад1981 онд эцэг эх дээрээ ирж, 1983 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд эцэг эхийнхээ хамт мал малласан. Л.М нь 1983 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1986 онд халагдаж ирсэн. Л.М нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн малыг 1991 онд нэгдэл тарах хүртэл малласан....” гэх мэдүүлэг, гэрч Ж.Даваасүрэнгийн “....Л.М нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж байгаад 1981 онд 7, 8 дугаар ангиасаа сургуулиас гарч, эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад мал малласан. Л.М нь 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан. Л.М нь цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн Хотгор хаг бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. Л.М нь 1991 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-11, 28-30, 31-33, 34-35 дугаар тал/

Нэхэмжлэгч Л.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 6 дугаар сараас 1995 оны 10 дугаар сарыг дуустал, 1997 оны 7 дугаар сараас 1998 оны 9 дүгээр сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1600000618 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08/933 дугаартай лавлагааны хуулбар зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 12, 13 дугаар тал/

Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан иргэн Т.Доржнамжил, Ж.Даваасүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Л.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тоост овогт Лын М //-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ