| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2013/0203/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0006 |
| Огноо | 2013-11-29 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0203/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Я.Туул, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч ***,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000568 дугаартай хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, ***, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр ***аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
2. Монгол улсын иргэн, *** *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр ***аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч ***нар нь бүлэглэж 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Үйлдвэрчний эвлэлийн байрны орчимд иргэн ***ыг зодож “Жийп” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон бэлэн 1.285.000 төгрөгийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гараад найзтайгаа уулзаад архи уусан. Тэгээд Дархан сумын 5 дугаар багт байрлах Үйлдвэрчний эвлэлийн байрны орцонд орж архи уугаад байж байтал хохирогч ах гэнэт гарч ирсэн юм. Тэгээд тэр ахад *** бид хоёр архи хийж өгөхөд тэр ах уугаад гараад явсан. Тэгтэл бид хоёр байрны орцноос гараад явж байтал хохирогч ах тааралдахаар нь би тамхи асуусан юм.
Гэтэл хохирогч ах надад хандан “манайд орж архи уух уу, охид байгаа юу” гэж асуугаад намайг өшиглөөд газар унасан юм. Тухайн үед хохирогч ах намайг өшиглөөд өөрөө газар унахаар нь *** түүний мөнгийг нь аваад зугтаасан байсан. Би ***г хүний эд зүйлийг авсан байсныг мэдээгүй” гэв.
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…“ 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ***бид хоёр Дархан сумын 5 дугаар багт байрлах нэг байрны орцонд архи уугаад сууж байтал зүс үл таних нэг ах орж ирэхээр нь түүнд архи хийж өгсөн юм. Тэгээд тэр ах дахиад ирэхэд нь би бие засах гээд өөр газар очоод эргэж хартал газраар баахан мөнгө тарсан байдалтай байсан. Тэгээд би газар байсан мөнгийг шүүрч аваад Э***ай хамт зугтаасан. Тэгээд би ***д газраас авсан мөнгөө дамжуулсан. Бид хоёр тэр ахын гар утсыг аваагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, мөнгөн дэвсгэрт түр хураан авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв.
Шүүгдэгч *** нар нь бүлэглэж 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Үйлдвэрчний эвлэлийн байрны орчимд иргэн Д***ын эд хөрөнгийг авах зорилгоор нь элэг рүү минь цохиж улмаар газар унасан хойно нь өшиглөж эрх чөлөөнд халдах явцдаа халаасанд нь байсан мөнгө эд зүйлийг авсан авсан болох нь:
Хохирогч ***ын:…”Тухайн өдөр Үйлдвэрчний эвлэлийн байрны орчимд явж байтал брак байрны шатан дээр 2 залуу сууж байснаа надад хандан “ахаа тамхи байна уу” гэж асуухаар нь би хайрцагтай тамхиа гаргаж ирээд тэдэнд өгөхөд нэг нь миний гараас зуурч авахад нэг нь буюу саарал малгайтай нь элэг рүү минь нэг удаа цохиод 2 удаа өшиглөхөд би доошоо эвхэрч унасан юм. Тэгтэл тэр хоёр залуу миний халааснаас мөнгө аваад 20-4 дүгээр байрны хажуугаар гүйгээд явчихсан. Тэр хоёр залуу надаас нийтдээ 1.400.000 орчим төгрөг дээрэмдсэн байсан. Надад учирсан хохирлоос 800.930 төгрөгийг нь би хүлээн авсан. Одоо үлдэгдэл 464.070 төгрөг болон гар утасны үнэ 80.000 төгрөг, сим карт шинээр сэргээхэд гарсан 5.000 төгрөг зэргийг нэмж тооцоод нийт 549.070 төгрөгийн хохирол үлдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-12 дахь тал/,
Гэрч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…”2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагаас 17 цагийн орчим би Ширээ нуруунд айлын цонх янзалж өгөхөөр явах болсон юм. Тэгээд би хоёр давхрын цонхоор гадагш харахад хоёр залуу нийлчихсэн нэг залууг газар унагааж өшиглөж цохиод зодоод байсан юм. Тэгэхээр нь би хоёр давхраасаа гараад шатан дээр очоод тэр хоёр залууд хандан “болиоч ээ. Та нар яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэж хэлэхэд хоёр залуу зодуулж байсан залуугийнхаа халаасыг ухаж нэг зүйл аваад цаашаа 20-4 дүгээр байрны зүг рүү урагш чиглээд зугтаачихсан. Тухайн үед намайг харахад тэр хоёр залуугийн арай өндөр залуу нь зодуулж байсан залуугийн хүзүүн дээр нь дараад доош нь тонгойлгоод өшиглөөд зодож байсан бөгөөд арай намхан залуу нь мөн хажуу талаас нь өшиглөж зодож байсан. Зодуулж байсан залуугийн халаасыг өндөр залуу нь ухсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
Гэрч ***ын:…”2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би ажил дээрээ байсан юм. Тэгтэл манай гэрийн хажуу талын “***” гэдэг нэртэй хүнсний дэлгүүрийн эгч над руу залгаад танай нөхөр мөнгөө дээрэмдүүлчихлээ, чам руу залгаад өг гэж байна” гэж хэлсэн юм. Тэгээд би ажил дээрээсээ гараад 15 минутын дараа очиход манай нөхөр нилээд халамцуу байдалтай явган сууж байсан. Би түүнээс яасан бэ гэж асуухад манай нөхөр хоёр залуу ирээд мөнгө дээрэмдээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хаана дээрэмдүүлсэн талаар асуухад манай нөхөр “Титаник” гэдэг нэртэй брак байрны хажууд шаттай хэсгийг зааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 2 дахь тал/,
Мөнгөн дэвсгэрт түр хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 3 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч ***нар нь бүлэглэж хохирогчийн элэг нь тус газар цохиж унасан хойно нь өшиглөх зэргээр амь насанд аюултай аргаар эд зүйлийг нь авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч ***нь “Жийп” маркийн 50.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болон бэлэн 1.400.000 орчим төгрөгийг дээрэмдүүлсэн гэх боловч шүүгдэгч нар хохирогчийг дээрэмдсэний дараа цагдаад баригдаж 800.930 төгрөг хураалгасан ба үлдэх 549.070 төгрөгийг шүүгдэгч нар хохирогчоос авсан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийг Цагдаагийн байгууллага шалгах явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул цаашид мөрдөн байцаагч болон түүнд хяналт тавьж буй прокурор анхаарч ажиллах шаардлагатай байна.
Тухайлбал: Дээрэм болсны дараа цагдаагийн нэр бүхий албан хаагч нар шүүгдэгч нарыг “Энжел” гэдэг нэртэй кафенаас барьж биед нь үзлэг хийж дээрэмдэж авсан мөнгийг хурааж авсан боловч хэдэн төгрөг сэжигтэн нараас хурааж авсан талаар тэмдэглэл тухай бүрд нь үйлдээгүй байдлаас болж шүүгдэгч нарын авсан, хохирогчийн алдсан гэх мөнгөний тоо өөр хоорондоо зөрүүтэй байна.
Сэжигтэн ***ын “Нокиа” 26-00 маркийн гар утсыг мөн кафенаас эд мөрийн баримтаар хураан авсан боловч энэ эд мөрийн баримтыг одоо хаана байгаа нь тодорхойгүй гэх мэт.
Шүүгдэгч *** нар нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаар Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогдсон, /хэргийн 67, 70 дахь талууд/, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй шаардлагагүй гэж үзээд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн эзэмшлийн “Фунай” маркийн 14 инчийн 30.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, шүүгдэгч ***ын эзэмшлийн “NOKIA 26-00” маркийн 25.000 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг шүүгдэгч Э.Төрмандах, Л.Мөнхтүвшин нарт буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ***д эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял,
***д эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э***ын энэ хэрэгт 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг,
***ийн энэ хэрэгт 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хохирогч ***аас нэхэмжилсэн 549.070 /таван зуун дөчин есөн мянга далан/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Э***ын эзэмшлийн “Нокиа” 26-00 маркийн 25.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг,
Л***ийн эзэмшлийн “Фунай” маркийн 14 инчийн 30.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг битүүмжилсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосонд тооцсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
З.ТУНГАЛАГМАА