Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар  2023/ШЦТ/1443

 

 

 

    2023       11         22                                  2023/ШЦТ/1443

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

 улсын яллагч К.Чимгээ,

 шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А эд холбогдох эрүүгийн 2306 00000 2733 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Биеийн байцаалт:

 Холбогдсон хэргийн талаар:

 Э.А  нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт байрлах “.... ” зочид буудлын орчим хохирогч Ш.Г ын эзэмшлийн Iphone 11 pro max загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хавтаст хэргээс:

 

Цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын тасгийн 102 дугаарт 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 44 минут 51 секундэд 888828... дугаараас “өдөр манай ахын таксинд суусан 4 залуу Iphone 11 гар утсыг нь авч зугтсан байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 99 дэх тал/,

Хохирогч Ш.Г ын “Би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед 55-42 УЕО улсын дугаартай тоёота приус 41 маркийн машинтайгаа явж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байгаад үл таних 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүнийг авсан. Тэгээд тухайн 4 хүнийг аваад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.... ” зочид буудлын орчим бууна гэхээр нь би зам дээр шахаж зогссон. Гэтэл миний урд талд буюу хажуу талд байсан залуу миний голын хайрцагт байсан айфоне 11 про макс загварын гар утсыг авч байхад нь хараад хөөш гэтэл шууд гараад зугтаасан. Ард байгаа 3 хүүхэд нь гар утсыг авсан талаар мэдэхгүй байхаа. Найз чинь гар утас шүүрээд зугтаачихлаа гэхэд “одоо хүрээд ирнэ, нойл орсон байхаа гэх мэтчилэн хэлээд надтай хэрэлдээд машинаас буусан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,

Гэрч Б.Э гийн “2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр Б , түүний найз А , Т  нартай хамт Баянголын орчим орой 20 цагийн орчим такси бариад өөрийн найз болох Г тэй уулзана гээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзах болоод тухайн газраасаа такси барьсан. Өнгийг нь мэдэхгүй приус 41 маркийн такси ирээд бид дөрвийг авсан. Тэгээд 13-ын автобусны буудлын орчимд зогсоход урд зогсож байсан найз болох А  машин зогсох үед буусан. Тэгээд би тухайн таксины жолоочийн мөнгийг өгтөл тухайн жолооч сая урд суусан залуу хаана байна гэх мэтчилэн уурлаад байсан. Тэгээд Б , Т  бид 3 нойл орсон гэж хэлээд буусан. Тухайн жолоочоос салаад явсан. Удалгүй А тэй уулзахад жолоочийн гар утсыг би авчихлаа гэж бид гуравт хэлсэн. Тэгээд бид 4 нийлээд 1000 оюутны орчим байсан караокед ороод дуулж байгаад Сансар ороод салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

Гэрч Б.Т ий “... 13-ын автобусны буудлын орчим зогсоход А  нойл орлоо гээд таксинаас гараад гүйсэн. Араас тухайн таксины жолооч миний гар утсыг аваад зугтаачихлаа гээд хойно сууж байсан Э , Б  бид гурав руу уурлаад байсан. Тэгээд дараа нь би А ээс гар утсыг нь булааж зугтаасан талаар асуугаагүй. А  ч гэсэн надад ямар нэгэн юм хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/,

Гэрч Б.Б ын “... 13-ын автобусны буудал дээр буух гээд байж байтал А  урд талаас утас аваад зугтаачихлаа гээд байсан. Энэ үед би өөрийн найз охин болох Э , Т  нарын хамт арын суудалд суусан. Тэгээд таксины жолоочид 3.000 төгрөг өгөөд буусан. Би А ээс тэр орой гар утсыг нь авчихсан юм уу, би зорчих эрхийг хязгаарлах ялтай буюу цагтай шүү дээ гэж асуухад чи дуугүй бай, чимээгүй бай гээд байсан. Би ямар маркийн гар утас авч зугтаасныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн БЗД2-23-1464 дугаартай “Айфоне 11 про макс загварын  гар утасны үнэлгээ 1.375.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хх-ийн 28-31 дэх тал/,

Яллагдагчаар Э.А ийн “Тухайн жолоочийн гар утас голын хайрцагны доор байхад нь аваад халаасандаа хийгээд миний шээс хүрээд машинаас гүйж гарсан. Араас тухайн жолооч гар утас аваад ир гэж орилсон гэсэн би анзаараагүй. Миний найз болох Б  руу гар утас аваад зугтаасан гэж хэлсэн гэсэн. Тэгээд би тухайн гар утсыг аваад караоке орсон. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдрөө жоохон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн гар утсыг авч яваад яг хаана яасан эсэхээ мэдэхгүй байна. Би гар утаснаас өөр ямар нэгэн зүйл аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дэх тал/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дэх тал/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 43-57 дахь тал/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарыг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч Ц.Мандал нар үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

  Шүүгдэгч Э.А  нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт байрлах “.... ” зочид буудлын орчим хохирогч Ш.Г ын эзэмшлийн Iphone 11 pro max загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ш.Г , гэрч Б.Э , Б.Т , Б.Б , яллагдагч Э.А  нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ш.Г  нь такси үйлчилгээ үзүүлж байсан, Э.А  нь Ш.Г ын жолоодож явсан тээврийн хэрэгслээр үйлчлүүлж урд талын суудалд суусан, тус тээврийн хэрэгслээс буухдаа голын хайрцагт байсан гар утсыг авсан, Ш.Г  үүнийг хараад араас нь дуудахад зугтаасан, Э.А тэй хамт явж байсан хүмүүс энэ талаар мэдээгүй гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.А  нь хүний өмчлөх эрхийн эсрэг халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Э.А ийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халдсан байх дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, тэдний нүдэн дээр авсныг, хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдаж, эд хөрөнгийг авсан даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийснийг, Хууль бусаар авсан гэж эд хөрөнгийг дээрх аргаар үнэ төлбөргүйгээр авч захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирчээ.

Иймд шүүгдэгч Э.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ гэмт хэргийн улмаас хохирошч Ш.Г ад 1.375.000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба шүүгдэгч Э.А , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарын зүгээс хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах талаар гаргасан хүсэлтийг хангасан боловч энэ хугацаанд хохирлыг төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ээс 1 375 000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Г ад олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.А  нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч Э.А  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, төрийн нэрийн өмнөөс явагдаж буй шүүх хуралдаан, шүүхэд хүндэтгэлгүй хандаж дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй зөрчсөн, өөрт томилогдсон өмгөөлөгчөөсөө татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч Э.А  хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж, хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн.

Шүүгдэгч Э.А ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй харилцаа хандлага, урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинж чанар, бусдын өмчлөх эрхэд халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Э.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.А эд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.А эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Э.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А эд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.А эд шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ийн урьд цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.А ээс 1 375 000 /нэг сая гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Г-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.А эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ