Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 00352

 

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2020/00352

Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ... тоотод оршин суух, Чавараягар овогт Шгийн А //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ... тоотод оршин суух, Ители овогт Нын А //-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 153/2020/00003/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.А 2011 оны 12 дугаар сарын 15-нд 8401000145 тоот тушаалаар гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд архи ууж гадуур хонож ирчээд, зодож хэл амаар доромжлон дарамталж, гэрлээд сар ч болоогүй байхад хүүхэдтэй болсонгүй гэж зоддог байсан. Гадуур сар хугацаатай явахдаа өөр хүнтэй харилцаатай болсон байсныг мэдсэн. Энэ асуудал нь өдөр ирэх тусам улам даамжирч гэртээ ирэхээ байсан. 2019 оны 12 дугаар сарын 15-нд гэр бүл болсон. 2012 оны 09 дүгээр сарын 25-нд том хүү Н.Ф 2015 оны 09 дүгээр сарын 20-нд хүү А.Б 2018 онд 08 дугаар сарын 08-нд хүү А.А төрсөн. Бидний зан харилцаа таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 онд 04 дүгээр сарын 15-наас хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеээс хойш хүү А.А надтай амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж хүү болох А.Б, А.А миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр сонгуулийн ажилд орохоор бүртгүүлээд явж байтал хадам ах эхнэртэйгээ явж байгаад машинд суучих хүргээд өгье гэхээр суусан. Та хоёр хүүхдүүдээ бодохгүй ингээд яваад байх юм хүүхдүүдээ боддоггүй юм уу гэхээр нь би надад бас хэцүү байна, манай нөхөр гэртээ байна уу тэгвэл би очиж уулзъя гэж хэлсэн. Тэгээд очиход манай нөхөр гэртээ байсан.  Хоёр хүүгээ харахад аймаар болчихсон байсан. Би ингэж тэнэж явж байхаар хүүхдүүдээ бодъё нэг өдөр хүний гарт үхвэл үхнэ биз гэж бодсон. Хүүхдүүдээ бодоод эвлэрсэн. Манай нөхөр түргэн ууртай болохоор намайг доромжлоод байдаг. Бид хоёр жил гарантай хоёр талд байсан. Өчигдөр намайг залуучуудтай явж байгаад ирсэн гээд хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр муухай үг хэлэхээ болихгүй байгаа. Нэг удаа нөхөртөө боломж өгөөд хүүхдүүдээ бодоод эвлэрье гэж шийдсэн. Дахиад янз бүрийн асуудал гарвал би шууд сална гэв

Хариуцагч Н.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.. Бид хоёр эвлэрээд 4-5 хоног хамт амьдарч байна. Би эхнэрээсээ уучлалт гуйсан. Үр хүүхдээ бодоод үр хүүхдүүдийнхээ төлөө хамт амьдарна. Саяхан хөдөө яваад хадмуудаасаа уучлалт гуйгаад ирсэн....Бид хоёр хоёулаа буруутай ганц хүнээс буруу гарахгүй. Нэг нэгнийхээ бурууг хоёулаа уучлаад эвлэрлээ. Үр хүүхдээ бодоод хамт амьдарч байгаа.  Чи ч гэсэн уураа барь өөрөө ч гэсэн муухай ааш зан гаргадаг. Чи намайг хүндэлбэл би ч гэсэн хүндэлнэ. Бид хоёр ярилцаад эвлэрээд хамт амьдарч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.А нь Н.Аэд холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах туха тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2017 оны 9 дүгээр сард танилцан, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 126/001929 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүү Б.Алдар төрсөн болох нь №8440000015 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 4, 6 дугаар тал/

Шүүхээс тус иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Н.А нар нь эвлэрч, хамт амьдарч байгаа болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШЗ2020/00007 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ш.Алмагүлийг улсын тэмдэгтийн хураамж нийт 121,764 /нэг хорин нэгэн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-т зааснаар хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамж 60,882 /жаран хоёр мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Алмагүлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ад холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч эвлэрэн хамт амьдарч байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШЗ2020/00007 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ш.Алмагүлийг улсын тэмдэгтийн хураамж нийт 121,764 /нэг хорин нэгэн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-т зааснаар хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамж 60,882 /жаран хоёр мянга найман зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ