| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00326/И |
| Дугаар | 00353 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 00353
| 2020 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00353 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт оршин суух, Ц туг овогт Чн Б //,
хамтран нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт оршин суух, Оръяс овогт Бын Э // нарын нэхэмжлэлтэй,
гэр бүл болсон он, сар, өдрийг тогтоолгох, улсын бүртгэлийн санд оруулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2020/00326/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ч.Б, хамтран нэхэмжлэгч Б.Э, гэрч М.Г нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Э бид хоёр 1993 онд танилцаад, 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын “Маш” гэх нэртэй газар хуримаа хийсэн. Тухайн үед байгалийн нөхцөл байдал хүнд байсан учраас гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Дараа нь хэсэг хугацааны дараа сумандаа орж ирээд гэрлэлтээ бүртгүүлэх гэсэн боловч гэрчилгээ дууссан учраас дараа нь орж ирээд бүртгүүлчих гэж хэлсэн. Түүнээс хойш малаа маллаад дахин хөөцөлдөөгүй.
Одоо тэтгэвэрт гарах болоод насны хишигт хамаарагдах гэсэн боловч баримт бичиг дутуу гэсэн шалтгаанаар болохгүй байна. Иймд Б.Э, Ч.Б бид нарыг 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....Бид нар 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийгээд 3 хоногийн дараа сумынхаа Засаг даргын Тамгын газар дээр очсон боловч гэрчилгээ дууссан гэж хэлээд дахиад орж ирэхээр нь бүртгэнэ гэж хэлсэн. Дараа нь нэг удаа очиход ирээгүй байсан. Бид нарын амьдрал хүнд байсан учраас дахиж орж ирээгүй. Сүүлд гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад төрөөс 500,000 төгрөгийг шинээр гэр бүл болсон айлуудад өгч байх үеэр нутгийн хүмүүс гэрлэлтээ бүртгүүлэх талаар хэлж байсан боловч хуурамч юм хийхгүй гэж хэлээд бүртгүүлээгүй. Энэ нь алдаа болсон байна....1996 оны 7 дугаар сарын 13-ны өдөр охин Б.М, 1998 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Мэ төрсөн боловч 1998 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөр бүртгэсэн байсан, 1999 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.Эрчис, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Хархул нар төрсөн....Эрчис нь Болд-Очир гэсэн нэртэй байж байгаад бие нь 2011 онд нэрийг нь өөрчилсөн, Хархулыг Мөнхтөр гэдэг нэрээр бас өөрчилсөн....гэв.
Хамтран нэхэмжлэгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ч.Бтай 1993 онд танилцаад, бид нар 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуримаа хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. 1996 оны 7 дугаар сарын 13-ны өдөр охин Б.М, 1998 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Мэ, 1999 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.Эрчис, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Хархул нарыг төрүүлсэн. Тухайн үед манай нөхөр гэрлэлтээ бүртгүүлэхээр яваад бүтээгүй. Түүнээс хойш дахин хөөцөлдөөгүй. Бид нар тэтгэвэрт гарах гэсэн боловч нийгмийн даатгалын хэлтсээс хамтын амьдралтай байснаа тогтоолгож ирэх талаар зөвлөсөн. Иймд О.Э, Ч.Б бид нарыг 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь гэр бүл болсон он, сар, өдрийг тогтоолгох, улсын бүртгэлийн санд оруулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Б.Эг татан оролцуулсан байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б, хамтран нэхэмжлэгч Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ч.Б, Б.Э нарын 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох” гэж өөрчилөв.
Нэхэмжлэгч Ч.Б, хамтран нэхэмжлэгч Б.Э нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ч.Б, хамтран нэхэмжлэгч Б.Э нар нь 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгч, хамтран нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1/62 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1262 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн 2001-2006, 2008-2009 онуудын Ч.Б, Ч.Э нарт холбогдох хэсгийн Хүн амын тооллогын хуулбарууд, 1996 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Бийн Мгийн .. дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, 1998 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Бийн Мийн дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, 1999 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Бийн Эрчисийн 126/003923 дугаартай Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Хархулын 126/003928 дугаартай Ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгч Ч.Б, хамтран нэхэмжлэгч Б.Э нарын гэрлэлт бүртгэлгүй тухай ...., .... дугаартай лавлагаанууд, гэрч М.Гын шүүх хуралдаанд өгсөн “....Ч.Б, Б.Э нар нь 1995 оны 8 сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн “Машийн гол”-д хуримаа хийсэн. Миний хувьд авга ах нь учраас хуримд нь оролцсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Ч.Б, Б.Э нар хамтран амьдарч байгаа. Айл гэр болсноос хойш 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин нь Улаанбаатар хотод суралцдаг. Бусад хүүхдүүд нь ЕБС-д суралцдаг. Ч.Б, Б.Э нар нь нутагтаа малаа маллаж амьдардаг нь үнэн....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 7-10, 23-31, 38-43 дугаар тал/
Иймд шүүхээс нэхэмжлэгч Ч.Б, хамтран нэхэмжлэгч Б.Э нарын 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Ц туг овогт Чн Б //, Оръяс овогт Бын Э // нарын 1995 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ