Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00354

 

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00354

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Өтгөс овогт Нгийн М /../,

хамтран нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Авгас овогт Ан С /../ нарын нэхэмжлэлтэй,

хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00274/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Н.М, хамтран нэхэмжлэгч А.С, гэрч А.Дэндэв нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:А.С бид хоёр нэг нутаг ус, нэг довын хүмүүс бие биенээ багаасаа мэддэг. Бид хоёр 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуримаа хийсэн. 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин С.Ц төрсөн. 1999 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүү С.С төрсөн. Бид өнөөдрийг хүртэл хамт мал маллаж амьдарч байгаа.

Гэрлэлтийн гэрчилгээгээ авч амжилгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие тэтгэвэрт гарах болоод бичиг баримт бүрдүүлэхэд гэрлэлтийн гэрчилгээ хэрэгтэй болсон. Бид 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан боловч өмнө нь хамт амьдарч байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд А.С, Н.М нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү....гэв.

Хамтран нэхэмжлэгч А.С нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М бид хоёр 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хуримаа хийж гэр бүл болсон. 1995 онд охин С.Цэцэгбадам төрсөн, 1999 онд хүү С.С төрсөн. Хоёр хүүхэдтэй, эхнэртэйгээ мал маллаж амьдарч байгаа.

Манай эхнэр Н.М тэтгэвэрт гарах болоод бичиг баримт хөөцөлдөхөд гэрлэлтийн баталгаа шаардсан. 1994 оноос хойш хамтарч амьдарч байсныг тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Иймд 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд А.С, Н.М нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.Нэг удаа сум ороход гэрлэлтээ бүртгүүл гэж байсан. Тухайн үед бүртгүүлээгүй. Зав чөлөө муутай байсан. Эхнэр тэтгэвэрт гарах болоод бичиг хөөцөлдөхөд гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай болсон. Сүүлийн хэдэн жил гэрлэлтээ батлуулахаа таг мартсан байсан....Манай охиныг төрөхөд гэрлэлтийн гэрчилгээ шаардаж байсан. Хүүгээ би өөрөө очиж бүртгүүлээгүй. Хүнд захиад манай хүүхдэд гэрчилгээ аваадах гээд захиж авахуулж байсан. Эхнэр Н.М тэтгэвэрт гарах болоод гэрлэлтийн баталгаа хэрэгтэй болсон. Хамтын амьдралтай байснаа тогтоолгохгүй бол тэтгэвэрт гарахгүй гэж хэлсэн....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.М нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр А.Сыг татан оролцуулсан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М, хамтран нэхэмжлэгч А.С нар нь нэхэмжлэлийн шаардлагаа А.С, Н.М нарын 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж тодруулав.

Нэхэмжлэгч Н.М, хамтран нэхэмжлэгч А.С нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч Н.М, хамтран нэхэмжлэгч А.С нар нь 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгч, хамтран нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай Манай багийн иргэн А.С, Н.М нар нь 1994 оноос хойш одоог хүртэл хамтран гэр бүл болон амьдарч байгаа нь үнэн болно гэх бичвэртэй албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 47 дугаартай албан бичгээр ирүүлсэн А.Сын 1994-2007 онуудын Мал тоологын баримтын хуулбарууд, А.Сын 2010-2017 онуудын Мал тоологын баримтын хуулбарууд, 1995 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Сын Цэцэгбадамын 126/003925 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Сын Сумъяагийн 126/003924 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, А.С, Н.М нарын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн 126/003926 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч А.Дэндэвийн шүүх хуралдаанд өгсөн ....А.С, Н.М нар 1994 оны намар 9 сард гэр бүл болж байсан. Тэр цагаас хойш хамт амьдраад хоёр хүүхэдтэй болоод өдий хүртэл мал маллан амьдарч байгаа. Би эднийд хавар, өвөл, намар очиж хэд хоногоор хамт амьдардаг. Анхны охин С.Цэцэгбадам 1995 онд төрж байсан. Манайд байж байгаад 10 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн анагаахын сургуульд сурч төгсөөд одоо Эрдэнэбүрэн сумандаа сувилагч хийж байгаа. Хүү С 1999 онд төрсөн санагдаж байна. С.С бас манайд байж байгаад 10 дугаар ангиа төгсөөд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хувиар аваад одоо 3-р курсд сурдаг. А.С, Н.М нар нь тасралтгүй хамт амьдарч байгаа.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 9, 21-38, 62, 61 дүгээр тал/

Иймд шүүхээс нэхэмжлэгч Н.М, хамтран нэхэмжлэгч А.С нарын 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Авгас овогт Ан С /../, Өтгөс овогт Нгийн М /../ нарын 1994 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      С.ОЮУНЖАРГАЛ