| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/0228/Э/ |
| Дугаар | 218 |
| Огноо | 2012-11-30 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 218
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2012 оны 11 сарын 30 өдөр Дугаар 218 Дархан
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0228/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Хохирогч М.М.Б-,
Шүүгдэгч Р.Р.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* Р.Ц-д холбогдох 201209000520 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1975 оны 8 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ********* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ********* тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ********* Р.Ц- /********/
Шүүгдэгч Р.Р.Ц- нь 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр 23 цаг 50 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Дархан-Ус” ТӨХК-ны дэргэдэх уулзвар дээр тоёота раум маркийн ****УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5б, 2.5в, 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч М.М.Б-ийг мөргөж гэмтээн, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Р.Ц-ас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 24 цагийн орчим найз Х-тай хуучин орж яваад Ус сувагийн ойролцоо уулзвар дээр явж байтал 2 согтуу хүн явж байгаад зам дээр гараад ирсэн. Хохирогчийн эмчилгээний зардалд 1070.000 төгрөг өгсөн. Цаашид хохирогч эмчилгээ хийлгээд, хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлээд ирвэл хохирол төлбөрийг цаг тухайд нь төлнө. Миний жолоочийн үнэмлэх олдохгүй байгаа учир хэрэгт ирүүлээгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч М.М.Б-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр манай найз Б- утсаар дуудаад Шүтээн пабад суусан. Тэгээд 23:30 цагийн үед гарсан. Б-гийнд очих гээд Микрийн колонк дээр буугаад утсаар яриад зам хөндлөн гарч явтал ийм зүйл болсон. Би банкинд мөнгө төлдөг байсан. Би ажил хийж чадахгүй байгаа
бөгөөд 9-11 сар хүртэл ажил хийгээгүй. Сард 600 гуруй мянган төгрөг банкинд төлдөг. Одоогоор 9, 10, 11, 12 сарын мөнгө төлөөгүй байгаа, үүнийг гаргуулах хүсэлтэй байна.
D:\Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-tsastulga 215.2 - Copy.docx
Одоо босож суухад толгой эргээд байдаг. Улаанбаатар хот орж, Сонгдо эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөх хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь 800.000 төгрөг болно гэдгийг Р.Р.Ц- мэдэж байгаа. Шүүгдэгч Р.Р.Ц-ас 1070.000 төгрөг авсан нь үнэн гэв.
Шүүгдэгч Р.Р.Ц- нь 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ****УБП улсын дугаартай тоёота раум маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5б, 2.5в, 2.7а, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсний улмаас Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Дархан-Ус” ТӨХК-ны дэргэдэх уулзвар дээр зам тээврийн осол гаргаж, явган зорчигч М.М.Б-ийг мөргөж гэмтээн, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4, 9-10 дахь тал/
- Тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-13 дахь тал/
-Гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл Р.Ц- тэр хүнийг мөргөөд нөгөө хүн нь машины урд шил хага мөргөөд шидэгдээд унасан. Мөргөөд л тэр дороо зогссон. Зогсоод 2-улаа машинаасаа буугаад 2-уулаа ойртож очоод би мөргүүлсэн хүний дээрээс очоод яаж байна гэхэд юм хэлэхгүй ёолоод байсан. Нүүр дух орчмоос нь цус гарсан байсан. ...Р.Ц- эмнэлэг ирэх үед замын хажууд зогсож байгаад эмнэлэг ирээд явсаны дараа замын хажууд хашлаган дээр сууж байсан.”гэх мэдүүлэг /хэргийн 27дахь тал/
-Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг машин ирээд М.Б-ийг мөргөөд дороо зогссон. М.Б- мөргүүлээд шидэгдээд нилээн зайтай зам дээр унасан. Яг эргээд харахад мөргүүлж байсан. ...эмнэлэг ирэхээс өмнө жолооч нь машиныхаа хажууд зогсоод л байсан. Эмнэлэг удаагүй ирээд М.Б-ийг аваад явсан. Эмнэлэг аваад явсаны дараа харахад жолооч харагдахгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/
-драйгер үлээлгэсэн тайлбар /хэргийн 35 дахь тал/
- 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 39 дэх тал/ М.М.Б-ийн биед зүүн талын тахилзуур ясны хугарал, тархи доргилт, нүүр, чихний зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. /шинжээч эмч С.Сүнчин/
- 2012 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 44 дэх тал/ Жолооч Р.Р.Ц- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. /шинжээч хошууч С.Хурцбилиг, ахмад Х.Ганболд, дэслэгч З.Ганбат/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд Р.Р.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, хохирогч М.М.Б-ийг мөргөж гэмтээн, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул аймгийн аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Р.Р.Ц- нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 67 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Хохирогч М.М.Б- нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас Хадгаламж банкнаас авсан зээлийн 9,10,11,12 сард төлөх төлбөр болох 2593475 төгрөг 56 мөнгө /634868.89x4=2593475.56/, Улаанбаатар хотод очиж Сонгдо эмнэлэгт үзүүлэх эмчилгээний төлбөр 800.000 төгрөг, 2 хүний замын зардал, хоол хүнс 100.000 төгрөг, анх эмнэлэгт хэвтсний ор хоногийн төлбөр 20000 төгрөг, эм тариа 40000 төгрөг зэрэг хохирлыг нэхэмжилж байгаа бөгөөд хохирогч С.М.Б- нь 2012 оны 3 сарын 6-ны өдөр Хадгаламж банкнаас 12.000.000 төгрөгийг бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авчээ. Хохирогч М.М.Б- нь ямар компанийн гэрээт борлуулагчаар ажиллаж, сард хэдэн төгрөгийн борлуулалт хийдэг, мөн ямар хэмжээний ашиг олж хэдий хэмжээний татвар төлдөг гэдгийг нотлох баримт ирүүлээгүй байх тул Хадгаламж банкнаас авсан зээлийн 9,10,11,12 саруудын төлбөрийг түүний хөдөлмөрийн чадвараа алдсанаас олох байсан орлого гэж үзэж, шүүгдэгч гаргуулах үндэслэлгүй байна. Мөн хохирогч Сонгдо эмнэлэгт үзүүлэх эмчилгээний төлбөр 800.000 төгрөг, 2 хүний замын зардал, хоол хүнс 100.000 төгрөг, эмнэлэгт хэвтсний ор хоногийн төлбөр 20000 төгрөг, эм тариа 40000 төгрөг зэрэг хохирлыг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хохирогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй боловч шүүгдэгч Р.Р.Ц- нь хохирогч М.М.Б-ид 1070.000 төгрөг төлсөн гэдгийг хохирогч хүлээн зөвшөөрч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүгдэгч Р.Р.Ц-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Р.Р.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1070.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Р.Р.Ц-ын жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Р.Ц- нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байх тул П.П.Э-гийн эзэмшлийн ****УБП улсын дугаартай “тоёота раум” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.Б.З-ын 2012 оны 10 сарын 4-ны өдрийн 487 тоот тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэргийн хамт шүүхэд ирсэн ****УБП улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн ******тоот гэрчилгээг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Р.Ц-д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Р.Ц- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* Р.Ц-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Р.Р.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Р.Р.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Р.Р.Ц- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 1070.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Р.Р.Ц-ын жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч М.М.Б- нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т П.П.Э-гийн эзэмшлийн ****УБП улсын дугаартай “тоёота раум” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.Б.З-ын 2012 оны 10 сарын 4-ны өдрийн 487 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэргийн хамт шүүхэд ирсэн ****УБП улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн ******тоот гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Р.Ц-д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Р.Р.Ц-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Р.Р.Ц-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Р.Р.Ц-д мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Р.Р.Ц-д энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Р.Р.Ц-д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ