Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 174

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 2а байрны 101 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Нэргүй /ТГ-77082863/-н нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, Огтор бэлчир гэх газарт оршин суух, Шаавай овогт Үрлээгийн Цагаансүх /МВ-76082600/-д холбогдох

10 406 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Нэргүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Ү.Цагаансүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, гэрч М.Эрэмжээ, И.Ганболд, нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би түүхий эдийн бизнес эрхэлдэг. Ү.Цагаансүх бид хоёр 2015 онд танилцсан. Би Ү.Цагаансүхээр, Баруунбүрэн сумаас түүхий эдээ авхуулдаг байсан. 2015 оноос хойш бид хоёрын түүхий эдийн бизнес хэвийн явагдаж байсан. 2016 онд ноолуур дээр маргаан үүссэн. Би Ү.Цагаансүхийн өөрийнх нь дансаар нийтдээ 65.715.000 төгрөг шилжүүлсэн. Хүмүүсийн дансаар 5.650.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хүмүүсийн данснаас Ганчимэг гэдэг хүний данс тодорхой болж 2.650.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тэгээд бэлнээр нийтдээ 2.200.000 төгрөг авсан. Ерөнхий тооцооноос, авсан ноолуураа хасаад одоо Ү.Цагаансүхээс 10.406.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал: Ү.Цагаансүхийн дансаар нийтдээ 65.715.000 төгрөгийг гуйвуулсан. Бусад хүмүүсийн дансаар гуйвуулсан мөнгө нь 5.650.000 төгрөг юм. Үүнээс 3.000.000 төгрөгийг нь Ганчимэг гэж тодорхойлсон. Үндсэндээ энэ мөнгө /3.000.000 төгрөг/ Ү.Цагаансүхэд хамааралгүй юм. Ү.Цагаансүх 2.200.000 төгрөгийг бэлнээр авсан 710.000 төгрөгийн давс, хивэг авсан. Андуурсан мөнгө буюу 2.500.000 төгрөг энэ дүнгээс хасагдана. Өөрөөр хэлбэл 65.715.000 төгрөгөөс хасаж тооцоод 63.215.000 төгрөг болно. Энэ мөнгөн дээр 2.650.000 төгрөг, 2.200.000 төгрөг, 710.000 төгрөгийг нэмж тооцоод 68.775.000 төгрөг болж байна. Түүн дээр 630 кг 900 грамм ноолуурын мөнгө болох 53.499.000 төгрөг авсан. Тэгээд би бэлнээр Ү.Цагаансүхээс 4.870.000 төгрөг авсан. Одоо би Ү.Цагаансүхээс 10.406.000 төгрөг авах ёстой. Энэ мөнгийг Ү.Цагаансүхээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ү.Цагаансүх шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М.Нэргүйд 2.000.000 төгрөгийн арьс ширний үлдэгдэл байгаа гэж хэлсэн. Би 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.Нэргүйд хоёр удаа арьс шир оруулж өгсөн. Эхний удаа Бямбажав гэдэг хүн надтай хамт М.Нэргүйд арьс ширийг оруулж өгсөн. Ингэхдээ нийтдээ 3.003.000 төгрөгийн арьс шир оруулж өгсөн. Би нийтдээ 704 кг 500 грамм ноолуур авч өгсөн. Би 04 дүгээр сарын 04-ний өдөр Эрэмжээ гэдэг хүнээр 73 кг 700 грамм ноолуурыг 85.000 төгрөгөөр бодож өгсөн. Одоо би 6.264.500 төгрөгийн ноолуурыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би энэ ноолуурыг М.Нэргүйд өгсөн. М.Нэргүй ноолуур очсоны дараа 73 кг 700 грамм ноолуурын мөнгийг шилжүүлсэн. Би М.Нэргүйд үлдэгдэл тооцоо байхгүй. Бүх ноос, ноолуурыг нь өгсөн. Давс, хивэг нь ноолууртаа бодогдсон байгаа. 900 кг давс ирсэн. Түүнээс би 346 кг 950 грамм давс зарсан. Үлдсэн давс буюу 653 кг 50 грамм давсыг буцааж өгсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч М.Нэргүй нь хариуцагч Ү.Цагаансүхээс 10 406 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Ү.Цагаансүх М.Нэргүйд нийт 704.5 кг ноолуур, бусад арьс ширийг хүлээлгэн өгсөн тул тооцоо дууссан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Хариуцагч Ү.Цагаансүх нь нэхэмжлэгч М.Нэргүйн хүсэлтийн дагуу түүний зардлаар түүхий эд худалдан авч өгөх зорилгоор 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 68 775 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно.

Зохигчдын хооронд гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй бөгөөд хэлцлийн гол нөхцөл, зорилго, талуудын эрх, үүргийг шинжлэн судалбал тухайн гэрээ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний шинжийг илүүтэй агуулжээ.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Гэрээний нөхцөлүүд нь Иргэний хуулийн 399 зүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1, 400.4-т заасан зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг даалгаврын гэрээний үүргийн биелэлтийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулах тухай гэж тодорхойлох боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагч нийт 704.5 кг ноолуурыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж, нэхэмжлэгч 630.9 кг ноолуур хүлээн авсан гэж маргаж байгаа. Хариуцагч 73.7 кг ноолуурыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт байрлах Нэргүйн агуулах руу Дагвадорж гэх хүнээр өгч явуулсан гэж тайлбарлаж байна.

Гэрч М.Эрэмжээ 73.7 кг ноолуур худалдсан талаар мэдүүлсэн, нэхэмжлэгч М.Нэргүйд тухайн ноолуурыг хүлээлгэн өгсөн талаар мэдүүлээгүй.

 

Мөн хариуцагч Ү.Цагаансүх эхний удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 3 003 000 төгрөгийн арьс шир, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 923 000 төгрөгийн арьс шир оруулж өгсөн гэх гэх тайлбарыг гаргах боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ү.Цагаансүхээс 10 406 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нэргүйд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 022 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү.Цагаансүхээс улсын тэмдэгтийн хураамжид 181 446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Нэргүйд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.4 дэ хэсэгт зааснаар хариуцагч Ү.Цагаансүхээс 10 406 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нэргүйд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186 022 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ү.Цагаансүхээс улсын тэмдэгтийн хураамж 181 446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Нэргүйд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА