Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1316

 

 

 

 

 

 

 

     2023       10          24                                    2023/ШЦТ/1316

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,  

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цолмонгэрэл,

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд хялбаршуулсан журмаар хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б т холбогдох эрүүгийн 2306 00000 2698 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б  нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... бүлэгт хичээл зааж байхдаа 8 настай сурагч Х.Х ийг хичээлдээ анхаарлаа хандуулсангүй гэх шалтгаанаар толгойн дагз хэсэгт гараараа нэг удаа цохиж ширээ мөргүүлсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь хохирогч Х.Х ийг 8 настай бага насны хүүхэд болохыг мэдсээр байж түүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг /хх-ийн 13 дахь тал/, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16 дахь тал/, хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 18 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Х.Х ийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11500 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33 дахь тал/, яллагдагч Д.Б ийн мэдүүлэг /хх-ийн 51-52 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “Хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэх шинжийг бүрэн агуулжээ.

Д.Б  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цолмонгэрэлээс эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 298.000 төгрөгийг Д.Б  төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэхээ илэрхийлсэн байна.

Иймд Д.Б ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацааг 90 хоногоор тогтоож шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган хадгалж, Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б т 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс Д.Б т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Цолмонгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтыг бүрдүүлэн шүүгдэгч Д.Б ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн болох CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ