Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 186

 

        Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***

Хариуцагч: ***

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***аймгийн ***сумын ***дугаар баг, ***тоотод оршин суух хаягтай, ***овогт ***  ***нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32.400.561 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга ***, төрийг төлөөлж прокурор ***, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /онлайнаар/, хариуцагч  ***, ***, тэдгээрийн өмгөөлөгч ***, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2016/113/01/ тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд: 1.***, ***, *** нарын өмчлөлийн *** аймгийн *** сум *** дугаар баг, *** дугаар байрны *** тоот хаягт байрлалтай 37.78 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-1310002815, гэрчилгээний 000034573 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 464 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 1.254.845 төгрөг, хүүгийн төлбөрт 3.035.654 төгрөг нийт 4.290.499 төгрөг төлж барагдуулсан. Иймд сангийн зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1.2016 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 2016/113/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах. 2.2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах. А.Үндсэн зээлийн төлбөрт 23.745.174 төгрөг, Б.Зээлийн хүүгийн төлбөрт 566.092 төгрөг, В.Зээлийн алданги 8.075.795 төгрөг, Г.Нотариатын зардал 13.500 нийт 32.400.561 гаргуулах, 3.Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох. 1***, ***, *** нарын өмчлөлийн ***аймгийн *** сум, *** дугаар баг, ***тоот хаягт байрлалтай 37.78 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-1310002815, гэрчилгээний 000034573 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах. Жич. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, алдангийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32.400.561 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлдэгч *** нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2016/113/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нийт 25.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5%-ийн хүүтэйгээр “утаагүй шахмал түлшний үйлдвэр байгуулах” төслийн зориулалтаар зээлж авсан байдаг. Зээлийн барьцаанд ***, ***, ***нарын өмчлөлийн *** аймгийн ***сумын *** дугаар баг, ***тоотод байрлалтай 37.78 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авсан. Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй. Удаа дараа зөрчсөн. Зээлийг 461 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээнд зохих арга хэмжээг авсан. Зээлдэгч нарт холбогдох арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн. Зээл төлөх болон зээл буцаан төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй. Зээлдэгч, зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 1.254.845 төгрөг, хүүгийн төлбөрт 3.035.654 төгрөг, нийт 4.290.499 төгрөгийг төлж барагдуулсан. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн  зүгээс Нэгдүгээрт: 2016 оны 07  дугаар сарын 07-ны өдрийн 2016/113/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. Хоёрдугаарт: 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгож зээлийн үндсэн төлбөрт  23.745.174 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 566.092 төгрөг, зээлийн алдангид 8.075.795 төгрөг,   нотариатын зардал 13.500  төгрөг, нийт 32.400.561 төгрөгийг гаргуулах. Дээрх төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг  барьцаа  хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ...Сангийн яамнаас ирүүлсэн нотлох баримтыг хэргийн оролцогч нар бүгд харсан байх. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс ганцаараа толгой мэдэж дансаа өөрчилсөн асуудал биш юм. Олон улсын дансны дугаарлалтын стандартад нийцүүлэхийн тулд 100 гэсэн кодыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00 цагаас эхлэн төрийн сан  дахь бүх дансны өмнө 100 гэсэн код нэмэгдсэн. Энэ баримтыг Сангийн яамнаас ирүүлсэн байгаа. Нэгдүгээрт: Сангийн зүгээс гаргаж өгсөн тооцоолол буюу хөндлөн хүснэгт дээр харвал зээлдэгч 2017 оны 2, 3, 4, 5 дугаар саруудад 110.000 төгрөгөөр 5 удаа гүйлгээ хийсэн. Үүнээс харахад данс өөрчлөгдсөнтэй холбоотой гэж харагдахгүй байна. Хоёрдугаарт: Зээлийн гэрээг байгуулахдаа талууд зээлийн гэрээгээ уншиж  танилцаад бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Энэ гэрээнд алданги гэдэг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг хэлнэ. Мөн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1%-ийн алданги төлөх талаарх заалтыг зээлдэгч нар аль аль нь хүлээн зөвшөөрсөн. Тиймээс алдангиас хасах, чөлөөлөх ямар ч үндэслэл байхгүй. Гуравдугаарт: Талууд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байгаа. Хэрэв зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчих юм бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. ...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь  дараа дараагийн зээлдэгч нарт боломж олгож оролцдог журамтай. Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Хоёрдугаарт: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд цугларч байгаа мөнгөн хөрөнгө  нь төрийн албан хаагчдын хөлс хүч болон нөхцөл байдалтай уялдаатай байдаг. Тиймээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж өгөхийг хүсэж байна. Зээлдэгч өөрөө зээлээ хэтрүүлээгүй, тухай бүрд нь зээлээ төлөөд явсан бол бид нарын зүгээс энэ хүртэл явах шаардлага байхгүй байсан... ...Алданги нь хуулийнхаа дагуу талуудын хоорондоо байгуулсан гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог зохицуулалттай. Хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алдангийг тооцох анзыг алданги гэж байгаа юм. Сангийн зүгээс 0.1%-ийн алданги тооцож авахаар болсон. Учир нь Сан ашгийн төлөө бус байгууллага юм. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь таны нийт төлөөгүй үнийн дүнг хэлж байгаа юм. Интернэтээр биш юм аа гэхэд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дээр очиж уулзаж болох байсан гэв.

Төрийг төлөөлөн оролцсон прокурор *** тайлбартаа: *** аймгийн ***сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *** би Прокурорын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.10-д зааснаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлд заасныг удирдлага болгон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийг төлөөлж оролцож байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хариуцагч ***, хариуцагч *** нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32.400.561 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар зээлдэгч ***,*** нар нь гэрээний үүргээ зөрчсөн гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Гэрээний 7.1.1-т заасан зүйл заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч *** нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2016/113/01 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 60 сарын хугацаагаар, 5%-ийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөлтийг хугацаандаа төлөөгүй. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Гэрээнд заасны дагуу арга хэмжээ авч, зээлээ төлөх талаар удаа дараа  мэдэгдсэн байдаг. Зээлдэгч зээлийн гэрээнийхээ дагуу үндсэн төлбөрөөс 1.254.845 төгрөг, хүүгийн төлбөрт 3.035.654 төгрөг, нийт 4.290.499 төгрөгийг төлж барагдуулсан байна. Нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөрт 23.745.174 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 566.092 төгрөг, зээлийн алдангид 8.075.795 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 32.400.561 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна. Үүнд 1.2016, 2017, 2018 онуудад бид зээлийн эргэн төлөлтийг зохих түвшинд хийж байсан бөгөөд тухайн байгууллагаас гаргасан нэхэмжлэлд дутуу тусгагдсан, мөн тухайн онуудад зээл төлөлтийн хуулга нэхэмжлэлийн баримтанд хавсаргаагүй. 2.Зээлийн алданги өндөр байгаа зэрэг нь зөвшөөрөөгүй байх шалтгаан болж байна гэжээ.

Хариуцагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар эхлээд зээлээ төлөөд явж байсан. Дансны өөрчлөлт гарсан. Энэ талаарх буцаалтын баримтыг Хаан банкнаас гаргаж өгсөн байгаа. Миний  хувьд үндсэн зээл, зээлийн хүүг төлнө. Алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас данс өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй. Тиймээс алдангиас чөлөөлж өгнө үү. Зээл, зээлийн хүүг 2 сарын дотор төлнө. ...Гүйлгээ хийгээд буцсан байгаа. Энэ нь нэг удаагийнх биш жил шахам ийм зүйл болсон. 2018 оны буцсан баримт байгаа. ...Бид нарын зүгээс зээл, зээлийн хүүгээ төлнө. Алдангиа төлөхгүй гэв.

Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 1. 2016-2018 онд зээлийн эргэн төлөлтийг тухай үед төлж байсан бөгөөд төлөлтийн дүн таарахгүй байгаа. 2.Мөн корона вирус өвчин гарч хорио цээрийн орлого муудсан тул зээлийн хүүгийн алданги төлөх боломжгүй байна. 3.Эргэн төлөлтийн хуваарийг дахин хийж төлөх саналтай байна гэжээ.

Хариуцагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлээ, хүүтэй нь төлнө. Үндсэн зээл, хүүг 7, 8, 9 дүгээр саруудад төлөөд дуусгачихна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн гол нь сангаас данс өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээллийг зээлдэгч нартаа мэдэгдэх ёстой байсан. Гэвч энэ талаар мэдэгдээгүй. Данс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төлөлт буцаж орж ирээд байсан. Энэ талаар Хаан банкнаас баримт гаргуулсан. Тухайн үед данс өөрчлөгдсөн талаар мэдээлэл авах гэж холбогдох  хүмүүстэй нь холбогдож байсан.  Гэрчийн мэдүүлэг байгаа. Үүнийг харгалзан үзэхийг хүсэж байна. ...2017 онд эхний 3 сарын мөнгийг хийсэн. 2018 онд мөнгө хийхэд данснаас мөнгө буцаад байсан. Аймаг руу ярьж асуусан. Учир нь энэ гэрээн дээр Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ямар ч утас байхгүй байсан. Тиймээс бид нар Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнээс асуусан. Аймгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мэргэжилтэнд учир байдлаа хэлсэн. Данс авсан боловч буцаж орж ирээд байсан. ...Нэхэмжлэгчийн зүгээс дан веб сайтад мэдээлэл тавьсан гэж хэлж байна. *** зүгээс интернэтэд орж үзээгүй. Миний зүгээс ч гэсэн танай веб сайт руу орж үзээгүй. Танай зүгээс өөрийнхөө веб сайт болон утасны дугаараа гэрээндээ бичээгүй байсан. Хөдөө орон нутагт Улаанбаатар хот шиг байнгын интернэттэй байх боломж байхгүй. 2021 оны 07 дугаар сард зээлийн хугацаа дуусах байгаа. Тиймээс 1 жилийн хугацааны зээлийн алдангийг хасуулах хүсэлтэй байна. Хугацаа нь болоогүй байгаа зээлээс яагаад алданги тооцоод байгаа юм бэ. 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын хоорондох хугацааны алдангийг хасуулах хүсэлтэй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар зээлээ өөрсдөө төлнө гэж байгаа учир барьцаа хөрөнгө буюу байраараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нэхэмжлэлтэй, хариуцагч ***, хариуцагч *** нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 32.400.561 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 23.745.174 төгрөг, зээлийн хүүд 566.092 төгрөг, нийт 24.311.266 төгрөгийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги нэхэмжилж байгааг доор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, хариуцагч нарын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан бэ гэдгийг тодорхойлсны үндсэн дээр уг маргааныг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн зүйл заалтад нийцнэ гэж үзэж байна. Гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн зээлийн гэрээний зүйл заалтыг бус Засгийн газрын тусгай сангийн тухай 2006 оны хуулийн 14.5.2 дахь заалтыг үндэслэн байгуулсан байгаа. Энэ зээлийн гэрээний нийтлэг үндэслэл дээр тодорхой тусгасан байгаа. Иймээс энэ гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгосон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Үндэслэлээ тайлбарлая. Гэрээний нэг тал буюу зээлдүүлэгч тал нь Засгийн газар бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан Засгийн газрын тусгай чиг үүрэг, зорилтын санхүүжүүлэх зориулалттай тусгай данснаас мөн хуулийн 4.1.2-т заасан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор олгож байгаа улсын төсвийн шилжүүлэг байгаа юм. Иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Улсын төсөвт төвлөрсөн хөрөнгөнөөс иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлье гээд олгож байгаа банкны зээлээс хүү багатай зээл байгаа. Улсын төсвийн шилжүүлэг байгаа учраас зээл гэдэг утгаар шууд ойлгох нь өрөөсгөл болох юм. 2007 оны Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн 10.1.4-т Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр, төсөл арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг гадаадын зээл тусламж, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган шийдвэрлүүлнэ гэж заасан байна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан үйл ажиллагааг санхүүжүүлдэг байх зарчим баримтална гэж заасан бөгөөд жил бүр энэ сангаас олгох зээлийн хөрөнгийг төсвийн хуульд заасан хэмжээгээр улсын төсөвт суулгаж олгож байгаа. Ийм учраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг үндсэн зорилгынхоо хүрээнд зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. 2007 оны жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль, мөн шинэчлэн найруулсан Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн үг нь шинээр нэмэгдэж орж ирж байгаа юм байна. 2019 оны хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг үндэслэн байгуулсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хуулиудыг уншаад харахаар энэ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд юм байна гэж үзэх үндэслэлтэй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хэлээд байсан. Манайх Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авахгүйгээр зээл олгодог гэсэн асуудлыг ярьж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд хүү тооцох, алданги тооцох асуудал яригдана. Тэнд бүртгүүлэхгүйгээр тэндээс зөвшөөрөл авахгүйгээр улсын төвлөрсөн төсвөөс зээл олгож байгаа учраас манайх эндээс авах шаардлагагүй гэсэн зүйлийг нэхэмжлэл дээрээ яриад байсан. Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тусгай санг улсын төсөвт суулган бий болгож эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Ийм учраас Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд гэж энэ санг үзэхээр үндэслэлтэй байгаа учраас энэ дээр анз төлөхгүй гэж үзэж байна.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд тусгай сангийн хөрөнгө нь юунаас бүрдэх вэ,  тусгай сан юунаас бүрдэх юм вэ гэдгийг хуульчилж, зааж өгсөн. Үүн дээр улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж, гадаад дотоодын байгууллагуудын хандив тусламж, тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлого хамаарахаар тусгасан байгаа. Энэ дээр зээлийн хүүгийн орлого гэж байгаа болохоос зээлд тооцсон алданги, анз гэж тусгаагүй байна. Нэгэнт тусгай сан маань ийм хөрөнгөнөөс бүрдэж байгаа учраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар авсан байгаа алдангийг заавал бид нар төлүүлнэ гээд байх үндэслэл байхгүй юм. Тодорхой хэмжээгээр алдангиас чөлөөлөх, алдангийг багасгах тал дээр харилцан тохиролцох байдал байж болно гэж үзэж байна. Үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд зээлийн гэрээн дээр ямар зүйлүүдийг тусгасан байна вэ гэхээр анз төлнө, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1, 231.1.4-д заасан барьцаа авна гэсэн 2 аргыг хэрэглэсэн байгаа. Энэ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөшүүр, механизм болж байгаа учраас энэ сангийн бүрдүүлэлт, санд төвлөрүүлэх мөнгө биш байгаа учраас харилцан тохиролцож, уян хатан байдлаар багасгах, чөлөөлөх байдал байж болно гэж үзэж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан үндэслэлээр зээл олгож байгаа этгээд байгаа учраас, тусгай сангаараа дамжуулаад Засгийн газрын улсын төсвөөс зээл олгож байгаа учраас анз хэрэглэхгүй гэж үзэж байна. Гэрээнд хоёр тал харилцан үүрэг хүлээх ёстой. Гэрээн дээр хоёр тал харилцан үүрэг хүлээж байгаа тохиолдолд гэрээний үүрэг дээр нэхэмжлэгч талаас буюу зээл олгогч талаас төрийн сангийн данс нь өөрчлөгдсөн байгаа тохиолдолд дансны өөрчлөгдсөн мэдээллийг гэрээнийхээ нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй байсан. Төрийн сангийн данс нь өөрчлөгдсөн бол тэр талаар зайлшгүй гэрээний нөгөө талд мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй. Тиймээс энэ хүн өнөөдөр мөнгө хийхэд эргэж буцсан асуудал гарсан. Гэрээндээ өөрийнхөө хаяг, утас, шуудангийн хаягийг бичээгүй. Энэ байдлаас харахад гэрээний үүргээ зөрчсөн байдал харагдаж байна. Сангийн яамнаас 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрийн сангийн бүх данс өөрчлөгдсөн. Энэ талаар манайхаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд мэдэгдсэн гэдэг. Тийм байхад Жижиг дунд  үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлдэгч нартай мэдэгдэх ёстой байсан. Санд зээлдэгч нарын хаяг, утасны дугаар бүгд байдаг. Гэрээ хоёр талын хүсэл зоригийн дагуу харилцан тохиролцож хийгддэг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээл олгох эрх бүхий этгээд зээл олгож байна. Тиймээс алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм. Алдангиас 100% чөлөөлж өгнө үү гэв.

 

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, *** нарт шахмал түлшний үйлдвэр барих зориулалттайгаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 25.000.000 төгрөгийн зээлийг жилийн 5 хувийн хүүтэй зээлсэн болох нь зээлийн 2016/113/01 тоот гэрээ /хх-11-17/, эргэн төлөлтийн хуваарь /хх-18-20/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ***, *** нар нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр   зээл авснаасаа хойш 2017 оны 07 сарын 31-ний өдөр  хүртэл хүү төлөх, үүнээс хойш сар бүр зээл ,зээлийн хүү  бүгд 575.700 төгрөг төлөх хуваарь хийсэн байна. /хх-18/,

Хариуцагч нар 2016, 2017, 2018 онуудад нийт 3.100.000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үүнээс үндсэн зээлд 971.615 төгрөг, хүүд 2.128.385 төгрөг /хх-7/  төлсөн байна. 2019 оны 04 дүгээр сарын 30-нд 1.200.000 төгрөг төлсөн бөгөөд 283.210,26 төгрөг нь үндсэн зээлд, 916.789,74 төгрөг нь зээлийн хүүд төлөгдсөн /хх-8/, үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 464 хоног хугацаа хэтэрсэн болох нь  тогтоогдож байна.

Дээрх төлбөр төлсөн дүнгийн талаар хариуцагч нар маргаагүй, зээлийн гэрээнд бичигдсэн ***дугаартай данс өөрчлөгдсөн учир бидний хийсэн зээл удаа дараа буцаж байсан. Энэ талаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан дээр очиж уулзаж байсан гэж тайлбарлаад зээл, зээлийн хүүг төлнө, зээлийн төлөгдөх данс өөрчлөгдсөнөөс болж 2017,2018 онд хэд хэдэн удаа зээл төлсөн данс руу мөнгө орохгүй буцаж байсан тул алданги 8.075.795 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.

Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т бичигдсэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь *** дугаартай данс  2017 оны 01 дүгээр сарын сарын 01-ний 00 цагт өөрчлөгдсөн болох нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 12-21/4996 дугаартай Монгол Улсын Сангийн яамны албан тоотын “...Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь төрийн санд урсгал санхүүжилтийн *** дугаар данстай байсан ба Монгол банкнаас 2016 онд хэрэгжүүлсэн “Дансны  нэгдсэн дугаарлалтыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Сангийн яамны Төрийн сангийн газар нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00:00 цагаас эхлэн төрийн сан дахь бүх дансны (хуучин хэрэглэгдэж байсан) өмнө 100 гэсэн код нэмж, нийт дансны дугаар 12 тэмдэгтийн урттай болсон...“ гэх хэсгээр нотлогдож байна.

Хариуцагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь данс өөрчлөгдсөн талаар бид нарт мэдэгдээгүй, хаана байдаг хаяг нь тодорхойгүй, гэрээндээ өөрчлөлт оруулаагүй гэж маргаж байгаа нь гэрч *** “...Интернетэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийнхаа бүх мэдээлэл болж байгаа үйл явцыг бүгдийг нь тавьдаг. Тэндээс мэдээлэл авах боломж байгаа. Шаардлагатай холбогдохгүй байна. Холбоод өгөөч гэвэл бид нар хооронд нь уулзуулахгүй ч утсаар холбох боломж байгаа ...Би энэ асуудлыг сонсоод гайхлаа. Эргээд холбогдохгүй байна.  Дахиад өөр утас байна уу? гэсэн асуудал тавигдаагүй. Үүн дээр янз бүрийн гомдол санал маргаантай асуудал ирдэггүй...”гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Гэрч *** мэдүүлгээс зээлийн данс өөрчлөгдсөнөөс болж зээл буцаагдаж байсан гэх асуудал болж байгаагүй байдал тогтоогдож байна.  

Хариуцагчийн хүсэлтээр орсон гэрч *** “...***над дээр орж ирээд дансанд мөнгө хийсэн чинь буцаад байна. Данс нь өөрчлөгдсөн юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би аймгийн Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн *** ахын утасны дугаарыг өгсөн. *** гэсэн дугаарыг өгсөн...“ гэх мэдүүлгээс *** данс өөрчлөгдсөн талаар асууж байсан нэг удаагийн тохиолдлыг гэрчилж байгаа болохоос удаа дараа зээл төлөгдөхгүй буцаж байгаа гэх хариуцагч нарын тайлбарлаж байгаа байдлыг нотолж чадахгүй байна.

Хариуцагч ***, *** нарт  олгосон зээл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээл биш Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл  учир зээл болон зээлийн хүүг төлнө алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж байгаа өмгөөлөгчийн тайлбар нь дараах байдлаар няцаагдаж байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ, 15.2.Банкны үйл ажиллагааны чиглэлээр, 15.3.банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж тус тус хуульчилсны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж “...зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү...” авдаг эрх бүхий байгууллага байна.

Хариуцагч нар нь *** онд буюу “Жижиг дунд үйлдвэрийн тухай” хууль хүчингүй болоогүй байхад 25.000.000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед дагаж мөрдөж байсан Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т ” урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгоно” гэсэн бол шинээр дагаж мөрдөж байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг  дэмжих  тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т  жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор “хөнгөлөлттэй зээл олгоно” гэж хуульчилсан байна. Дээрх хуулиудын заалтаас харахад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох эрх бүхий байгууллага байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан бөгөөд энэ заалтын зээлдүүлэгч гэдэгт иргэн хуулийн этгээд аль ч байж болох бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь зээлдүүлэгч байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ  нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээ бөгөөд энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүүг талууд тохиролцож бичгээр байгуулсан хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Анзын гэрээг бичгээр хийнэ. Анз нь торгууль алданги гэсэн хоёр төрөлтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заажээ.

            2016 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн гэрээний 6.1.1-д “ Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн  дүнгийн 0.1 хувийн алданги тооцож авахаар тохиролцсон. Иймд хариуцагч нар нь гэрээнд заасны дагуу алданги 8.075.975 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

            Зээлдэгч зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээлийн төлбөрийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөнийг ноцтой зөрчил гэнэ гэж гэрээний 2.1.8-д заасан бол 7.1.1-д гэрээний үүрэг зөрчих гэдэг нь зээлдэгч энэхүү гэрээний хавсралтад заасан” зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчихийг хэлнэ, 8.1-д “...зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд Сан энэ гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээгээр барьцаалагдсан эд зүйлээр хуульд заасан журмаар буюу шүүхээр шийдвэрлүүлэн шийдвэр гүйцэтгэх журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэнэ гэсэн заалтыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Мөн гэрээний 10.2.1-д заасан энэхүү гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зөрчлийн аль нэгийг гаргасан нь гэрээ цуцлах үндэслэл /хх-15/ болно гэж тохиролцсоноор нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэхэмжлэгч тал  нэмэлт хугацаа тогтоогоогүй ч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар сангийн бүтэц орон тоог шинэчлэн батлагдахад хууль активын хэлтэс гэж нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байгуулагдсан. Тэрнээс өмнө өр барагдуулах мэргэжилтэн гэж байгаагүй. Ганц хуулийн мэргэжилтэн байсан. 2019 оны 04 дүгээр сараас хойш бид нарын зүгээс зээлдэгч нар луу мэдэгдэл хүргүүлдэг. Утсаар ярьдаг. Мессеж бичдэг. Барьцаа хөрөнгийн өмчлөгчтэй уулздаг. Мэдэгдэл хүргүүлдэг. Хаягаар явдаг ажлуудыг зохион байгуулаад явж байгаа. Зээлдэгч *** мэдэгдэл хүргүүлж байсан. Халиун гэдэг өр барагдуулах манай мэргэжилтэн зөрчил үүссэнээс нь эхлээд утсаар холбогдох, мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажлуудыг хийсэн...“  гэх тайлбараар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор энэхүү гэрээний хавсралт болох 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Б2016/113/01 тоот барьцааны гэрээнд тодорхойлсон *** аймгийн *** сумын ***-р баг, ***дугаар байрны*** тоот 37.78 м.кв  үл хөдлөх хөрөнгийг барьцаа болгон барьцаалсан /хх-20-23/ байна.

Хариуцагч нар алданги төлөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь зээлийг төлж барагдуулах тул барьцааны хөрөнгийг худалдан борлуулахгүй гэж тайлбарлаж байгаа ч хэрхэн яаж барагдуулах талаар тайлбар хийгээгүй болно.  

Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч ***, *** нараас үндсэн зээл 23.745.174 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 566.092 төгрөг, зээлийн алданги 8.075.795 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг нийт 32.400.561 төгрөг гаргуулан Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ***аймгийн***сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоот 37.78 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 319.952 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хугацааны хүү алдангийг нэхэмжлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч ***, *** нараас үндсэн зээл 23.745.174 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 566.092 төгрөг, зээлийн алданги 8.075.795 төгрөг, нотариатын зардал 13.500 нийт 32.400.561 төгрөг гаргуулан *** олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар *** аймгийн *** сумын *** дугаар баг,*** дугаар байрны *** тоот 37.78 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 319.952 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийн гардан авахыг мэдэгдэж, нэхэмжлэгчид  хүргүүлсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

                                         

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА