| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 112/2026/0004/З |
| Дугаар | 221/МА2026/0223 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0223
Г.Уын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112/ШШ2026/0005 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эоос гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Г.У
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц
Хэргийн индекс: 112/2026/0004/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112/ШШ2026/0005 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Уаас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “... Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр захирамжийн Г.У-аас гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөр нийт 17,500,000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх хэсгийг хүчингүй болгуулах, 17,500,000 төгрөгийг Г.Ут буцаан олгохыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Тус аймгийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлага засаг даргын тамгын газарт ирсний дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/656 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтыг явуулсан. Уг албан шаардлагад дурдсан” Нийтлэг үйлчилгээ” ОНӨҮГ-т 50,0 сая /тавин/ төгрөгийг шилжүүлсэн асуудал нь санхүүгийн анхан шатны баримт бүрдэл хангаагүй, аймгийн Засаг даргын захирамжийг мөнгө шилжүүлснээс хойш 4 сарын дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаартай гаргаж албажуулсан зөрчилтэй байсан. Мөн аймгийн “Нийтлэг үйлчилгээ” ОНӨҮГазар нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс Б.У, Ү.Б, Ц.М гэх хүмүүстэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж аймгийн төвд зохион байгуулах ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд шаардагдах үр бордоог нийлүүлэхээр гэрээнд тусгасан байна.
2.2. Уг гэрээний дагуу төв суурины газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах гэрээгээр гүйцэтгэх ажил үйлчилгээний төлбөрт /ДЮ********/ регистрийн дугаартай иргэн Г.У-т нийт 17,500,000 (арван долоон сая таван зуун мянга) төгрөгийг, /ДЛ*********/ регистрийн дугаартай иргэн Ү.Б-д нийт 13,500,000 (арван гурван сая таван зуун мянга) төгрөгийг /ХБ************/ регистрийн дугаартай иргэн Ц.М-д нийт 19,000,000 (арван есөн сая) төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр “Н” ОНӨҮГ-аас уг иргэдийн дансанд тус тус шилжүүлсэн байна.
2.3. Аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаартай захирамжийг ажил үйлчилгээний төлбөрийг шилжүүлснээс хойш нөхөж албажуулсан байх тул захирамж гарахаас 4 сарын өмнө мөнгө шилжүүлсэн байгаа нь уг захирамжтай холбоотой бүх үйлдлийг хуулийн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд мөнгө шийдвэрлэсэн, шилжүүлсэн захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй зөрчилтэй тул аймгийн засаг даргын 2025 оны А/661 дугаартай захирамжаар хүчингүй болгосон. Мөн Б.У, Ү.Б, Ц.М нарт ажил үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн мөнгийг гэрээнд заасан дүнгээр буцааж, төлөх шаардлага тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Уаас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “... Говь-Алтай аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дүгээр захирамжийн Г.У-аас гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөр нийт 17,500,000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэх хэсгийг хүчингүй болгуулах, 17,500,000 төгрөгийг Г.У-т буцаан олгохыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3. Анхан шатны шүүх “... Нэхэмжлэгч Г.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 17.500.000 төгрөгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах үр, бордоог нийлүүлсэн байхад төрийн захиргааны байгууллагын өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн иргэн санхүүгийн хувьд хохирох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө гаргах тухай 2024 оны 12 дугаар сарын 31-ний А/756 дугаар захирамж нь гэрээ байгуулснаас хойш 4 сар 3 хоногийн дараа нөхөн гаргаж албажуулсан байгаа нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан Г.Уын буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд уг захирамжийг мэдэх боломжгүй байна. Иймд аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/661 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмын шаардлагад нийцээгүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Хөрөнгө гаргах тухай” А/756 дугаар захирамжаар Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах 50,000,000 төгрөгийг хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын даргад зөвшөөрч, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг гэрээ байгуулан гүйцэтгэх эрхийг “Н” УТҮГ-т олгосон байна.
4.1. Нэхэмжлэгч Г.У болон “Н” УТҮГ-ын дарга нар нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх 1 дугаар гэрээг байгуулсан байх бөгөөд Г.У буюу ажил гүйцэтгэгч нь аймгийн хэмжээнд зохион байгуулах ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардагдах үр бордоог нийлүүлэх ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ажлын гүйцэтгэлийн талаар эрх бүхий албан тушаалтанд тайлагнах, нөгөө талаас захиалагч /Н УТҮГ/ нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх эрх үүргийг тодорхойлж, гэрээгээр гүйцэтгэх ажлын төлбөрийг 17,500,000 төгрөг байхаар тооцож, уг гэрээний хугацааг 3 сараар тогтоосон.
4.2. Харин Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгах тухай” 03/107 дугаар албан шаардлагаар “Нийтлэг үйлчилгээ” ОНӨҮГ-т 50,000,000 төгрөгийн дэмжлэг олгосон нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж, хуульд зааснаас өөр хэлбэрээр дэмжлэг олгож буй зөрчлийг арилгаж, биелэлтийг 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхээр даалгасан байна.
4.3. Улмаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас маргаан бүхий 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/661 дүгээр захирамжийг гаргасан байх бөгөөд уг захирамжаар аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/756 дугаар захирамжийг хүчингүй болгож, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор үр, бордоог нийлүүлэх ажлын гэрээ байгуулж төлбөрийг шилжүүлэхдээ захирамж албажуулаагүй нөхөж гаргасан зөрчилтэй байх тул Г.Уаас гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөр нийт 17,500,000 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад үүрэг болгожээ.
4.4. Гэтэл нэхэмжлэгч Г.Уын хувьд тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ***** газарт 70 ширхэг Energy-х6 гэх үр бордоог 17,500,000 төгрөгөөр нийлүүлсэн байх бөгөөд хожим 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төрийн сангийн 2100901000500009*** тоот дансанд “аудитын шийдвэрээр буцаан төвлөрүүлэв” гэх утгатайгаар 17,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан.
5.1. Тодруулбал, захиргааны байгууллага (албан тушаалтан) нь хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлж аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримтлах учиртай.
5.2. Энэхүү маргааны хувьд хариуцагчаас гэрээ болон гэрээний дагуу нийлүүлсэн үр бордоог хүлээж авсан эсэхтэй маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.У “Н” УТҮГ-ын дарга нарын хооронд байгуулагдсан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээд дууссан байх төдийгүй нэхэмжлэгчээс гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн, үүний дагуу гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авах эрхтэй.
5.3. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах”, “Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Уын хууль ёсны итгэл хамгаалагдана.
5.4. Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Хөрөнгө гаргах тухай” А/756 дугаар захирамжийг нөхөж гаргасан эсэх, уг захирамж гарахаас өмнө гэрээ байгуулсан зэрэг нь нэхэмжлэгчтэй хамааралгүй, түүнийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь захиргааны байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байна.
5.5. Хэдийгээр хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж зааснаар гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй хэдий ч тухайн нөхцөл байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээ дуусгавар болсон байхад төлбөрийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112/ШШ2026/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эоос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОДМАА