Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00355

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00355

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн ... тоотод оршин суух, Б овогт Бгийн Д /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Домбот хотхоны 2 дугаар орцны .. тоотод оршин суух, Халзад овогт Жы Т //-д холбогдох,

эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 153/2020/00334/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Ж.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Ттай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр найзаараа дамжуулаад танилцсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сард дотно харилцаанд орсон. Би хэсэг хугацааны дараа жирэмсэн болсноо мэдээд 3 сартай жирэмсэн байхдаа хүүхдээ авахуулах талаар Ж.Тд хэлэхэд төрүүл гэж хэлсэн. Би хүүхдээ тээж байх хугацаанд Ж.Ттай холбоогүй байсан. Ж.Т хүүхэд нь 10 сар хүрч байхад нэг ч удаа хүүхэдтэйгээ ирж уулзаагүй….Би 10 сарын хугацаанд Ж.Т руу хүүхэд 2 удаа ханиад хүрэхээр нь мессеж бичсэн бөгөөд эхнэр рүү чинь хэлнэ гэж хэлэхэд над руу хариу үйлдэл үзүүлж уулзаагүй. Манай ээж Ариунтунгалаг Ж.Тг ямар хүн гэдгийг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргах талаар зөвлөөд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харин хүүхдийн тэтгэлгээс гадуурх урсгал зардал болох хүүхэд өвдсөн үед эм тарианы мөнгө болон хүүхэд 18 нас хүрсэн тохиолдолд сургуульд сурахад ямар дэмжлэг үзүүлэх талаар өнөөдрийн хурлаар шийдүүлмээр байна. Иймд хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа....Хүү Эрдэнэ-Очир 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн....гэв.

Хариуцагч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Дгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би сар бүр хүүхдийн тэтгэлэг 100,000 төгрөг, ажилтай болсон тохиолдолд нэмж төлөх болно. Би эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Одоо манай эхнэр жирэмсэн. Бид 2 анхнаасаа үерхэж байгаагүй. Нэг удаа Б.Дтай уулзаад жирэмсэн болсон байсан. Хүүхдээ Б.Дгийн асрамжид үлдээнэ....Надаас шалтгаалаад гарах зардлыг төлнө гэж хэлсэн....гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь Ж.Тд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Ж.Т нарын дундаас 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү Д.Эрдэнэ-Очир төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүү Д.Эрдэнэ-Очирын төрсөн эцгээр Ж.Тг тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч Ж.Т нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Д.Эрдэнэ-Очир нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ж.Тгаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Д.Эрдэнэ-Очирыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Эрдэнэ-Очирын нас болон хүүхдэд тавих эхийн халамж зэргийг харгалзан хүүхдийг эх Б.Дгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Дгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тгаас улсын тэмдэгтийн хураамж 104,040 /нэг зуун дөрвөн мянга дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.Дд олгохоор тогтов.

Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Д, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ж.Тд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгээс гадуурх урсгал зардал болох хүүхэд өвдсөн үед эм тарианы мөнгө болон хүүхэд 18 нас хүрсэн тохиолдолд сургуульд сурахад ямар дэмжлэг үзүүлэх талаар шийдвэрлүүлэх гэж тайлбарлах боловч үүнтэй холбогдуулан шаардлага гаргаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Харин нэхэмжлэгч нь тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Эрдэнэ-Очирын төрсөн эцэг Халзад овогт Жы Т // мөн болохыг тогтоосугай.        

 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Эрдэнэ-Очирыг эх Б.Дгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Эрдэнэ-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Тгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Дд, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Ж.Тд тус тус мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн 104,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тгаас улсын тэмдэгтийн хураамж 104,040 /нэг зуун дөрвөн мянга дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Б.Дд олгосугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЖАРГАЛ