Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1357

 

 

 

 

 

 

 

  2023         11          01                                   2023/ШЦТ/1357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Удвал,

улсын яллагч Б.Арсланбаатар,

шүүгдэгч Э.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б д холбогдох эрүүгийн 2306 00000 2746 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Э.Б  нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарнаас хохирогч С.А ын эзэмшлийн зөөврийн компьютерыг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 325 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б  нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.А ын мэдүүлэг /хх-ийн 6, 9-10 дахь тал/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-24 дэх тал/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17 дахь тал/, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52, 20-22 дахь тал/, яллагдагч Э.Б гийн мэдүүлэг /хх-ийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Э.Б  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч С.А т түүний эзэмшлийн зөөврийн компьютерыг биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул Э.Б г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялын 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх санал гаргасан байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилжээ.

  Эрүүгийн хариуцлагын санал нь ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэх агуулгатай байх бөгөөд шүүх прокурорын тэнсэх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ.

  Иймд шүүгдэгч Э.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.Б д мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

Уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан байхад прокурор яллах дүгнэлтэд “Э.Б  нь ... нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээ хохирол учруулсан” гэж тусгаж хулгайлах гэмт хэргийн биш хулгайлах зөрчлийн шинжийг тусгасан байгааг, Мөн эрүүгийн хариуцлагын саналд ямар үүрэг хүлээлгэх талаар үндэслэл бүхий тодорхой тусгаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Э.Б д шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б  нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ