| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0221/Э/ |
| Дугаар | 214 |
| Огноо | 2012-11-23 |
| Зүйл хэсэг | 223.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0221/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч хяналтын прокурор Г.Яндаг,
шүүгдэгч О.О.Г-а түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-т заасан гэмт ******О.Г-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000205 дугаартай хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******О.Г-а /РД: / 1990 оны 11 дүгээр сарын 04-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эмээ, ахын хамт тоотод оршин суудаг, урьд
1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхээр 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээр 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
3. Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял, хөнгөн ялыг хүнд нь багтааж 3 жил 1 сар хорих ял шийтгэгдэн 2009 оны 9 дүгээр сарын 23-нд эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 23 хоногийн хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
4. Дархан-Уул аймгийн шүүхээр 2011 оны 7 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар 3 сар баривчлах ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч О.О.Г-а нь 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар багт байрлах “Мишээл” дэлгүүрийн гаднаас иргэн Э.Э.О-гийн эзэмшлийн ******ДАР улсын дугаартай цагаан өнгийн “Верна” маркийн автомашиныг авч зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
О.О.Г-а 223.2 шийтгэх тогтоол № 214
Шүүгдэгч О.О.Г-а хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг эгчийнх рүүгээ явж байхад гудамжинд 3 ах дуудаад намайг зодохоор нь би айгаад зугтаасан. Зугтаагаад Мишээл дэлгүүрийн урдуур гүйж байтал дэлгүүрийн гадаа Верна машины жолооч талын хаалга нь онгорхой машин нь асаалттай хүнгүй байхаар нь уг машиныг унаад Шарын гол руу явсан. Өглөө нь Дарханд буцаж ирчихээд С- Б- нартай 3 цуг Шарын гол явсан. 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр С-аар машинаа бариулаад Шарын голоос эргэж Дархан руу наашаа С- Б- нартай ирсэн. С-ын аавын бие муу эмнэлэгт үзүүлээд гарч яваад цагдаад баригдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
Хохирогч Э.Э.О-гийн мэдүүлэг /хэргийн 12-14 дүгээр тал/,
Гэрч Б.С-, Ж.Лхадорж нарын мэдүүлэг /хэргийн 15, 122 дугаар тал/,
О.О.Г-ыг яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хэргийн 32 дугаар тал/,
О.О.Г-а нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл 1 дүгээр багт оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 38 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 40 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Дархан сум 6 дугаар багт байрлах “Мишээл” дэлгүүрийн гаднаас иргэн Э.Э.О-гийн эзэмшлийн ******ДАР улсын дугаартай цагаан өнгийн “Верна” маркийн автомашиныг авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Э.Э.О-гийн “...Мишээл дэлгүүрийн гадна машиныхаа түлхүүрийг нь зоолттой чигээр нь тавьчихаад хаалгаа цоожилгүй түр орхисон юм. 30 минутын дараа ирэхэд машин маань байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ...О.О.Г-аас машины хохирол болгож 1.000.000 төгрөгийг хүлээн авлаа. Одоо надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй“ гэсэн мэдүүлэг /хэргийн 12-14, 101 дүгээр тал/,
гэрч Б.С-ын “... орой нь би О.Г-атай утсаар ярьсан чинь ахаас машинаа авах гээд гэрт нь очсон чинь ах миний машиныг аваад зугаалганд явчихсан байхгүй байна гэсэн. Тэгээд ахын Верна аксентийг авчихлаа орой явах уу гэсэн. Тэгээд би Б-тэй холбогдоод бид хоёр О.Г-атай уулзаад Шарын голд байдаг Алтны уурхай руу явцгаасан. Тэгээд удалгүй ажил дээр байж байсан чинь 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр О.Г-а намайг машин бариад Дархан яваад өгөөч Улаанбаатараас найз охин Дарханд ирчихсэн байна очиж уулзах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд Б-, О.Г-а бид гурав Дархан орсон. Маргааш нь манай аавыг эмнэлэгт үзүүлээд буцаж яваад цагдаад баригдсан“ гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар тал/,
гэрч Ж.Лхадоржийн “...О.О.Г-а нь манай найз Тэрбишийн дүү юм. О.Г-а манайхаар орж гардаг болохоор миний Бонго машины улсын дугаарыг авчихсан байна лээ. Миний машины мотор цохиод хашаанд байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 122 дугаар тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.О.Г-а нь 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар багт байрлах “Мишээл” дэлгүүрийн гаднаас иргэн Э.Э.О-гийн эзэмшлийн ******ДАР улсын дугаартай цагаан өнгийн “Верна” маркийн автомашиныг авч зугтаасан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зїйлийн 223.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Ийнхүү ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.О.Г-а нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохын зэрэгцээ урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, мөн авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байдлыг харгалзан ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.О.Г-аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******О.Г-ыг авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрїїгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зїйлийн 223.2-т зааснаар шүүгдэгч О.Г-ад 6 /зургаа/ сар баривчлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч О.Г-ын 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Г-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР