Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/01619

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2020/01619

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг  дугаар хороо дугаар гудамжны тоотод оршин суух Х А /РД:И*******/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо  тоотод оршин суух О Б /РД:Е*******/

 

7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А

                             хариуцагч О.Б

                             нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.А иргэн О.Б нар нь харилцан тохиролцож 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж иргэн О.Б 6,000,000 төгрөгийг бэлнээр авч гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу О.Б нь зээлийн төлбөр 6,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Х.Ад төлөхөөр тохиролцсон боловч О.Б нь зээлийн үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар тооцон алданги 1,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг О.Бээс гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.А хариуцагч О.Б нар 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаатай байгуулж, гэрээг нотариатаар баталгаажуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч О.Б мөнгөө өгөөгүй учраас уулзаж холбоо барихаар олон удаа оролдсон. Хариуцагч утсаар шаардлага тавихаар төлбөрийг төлнө гэж бичдэг. Сүүлдээ хариуцагч утсаа авахаа больсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд бодогдсон хоногийн 0,5 хувийн алдангид 1,500,000 төгрөг тооцсон бөгөөд үндсэн төлбөр 6,000,000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие О Б нэхэмжлэлийн шаардлага болох 7,500,000 төгрөгөөс үндсэн төлбөр 6,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна.

 

Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Атай зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгө төгрөгийг бэлнээр аваагүй. Зээлийн гэрээ байгуулах шалтгаан нь би нэхэмжлэгчээс компани худалдаж авсан. Компани худалдаж авсан мөнгөний үлдэгдэл төлбөрийг компанийн үйл ажиллагааг явуулсны дараа төлөхөөр тохиролцсон. Нийгмийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан ажил, бизнес зогсонги байдалд орсон. Түүнээс биш нэхэмжлэгч надад 6,000,000 төгрөгийг бэлнээр өгөөгүй. Худалдаж авсан компанийн үйл ажиллагааг явуулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэж тохиролцсон боловч корона өвчний улмаас одоогоор компанийн үйл ажиллагаа зогссон байгаа тул төлбөрийг төлөх боломжгүй байна. Үндсэн төлбөр болох 6 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, алдангийг төлөх боломжгүй байгааг харгалзан шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч О.Бд холбогдуулан үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “зээлийн гэрээ”-г бичгээр хийсэн байх ба уг гэрээгээр хариуцагч нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүй зээлэхээр тохирч, мөнгийг хүлээн авсан талаар заасан байна. Дээрх гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүй бөгөөд уг гэрээгээр хариуцагч мөнгө зээлээгүй, харин 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Г С С” ХХК-ийн хувьцааг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 4,000,000 төгрөгийг төлж, үлдсэн 6,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдов.

 

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээний үүргийг хангах баталгаа болгож байгуулсан байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ. Худалдах, худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Дээрх гэрээний үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа талаар зохигч маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч 6,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсэгт заасан бөгөөд мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тодорхойлсон. Иймд алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага бөгөөд уг хариуцлагыг талууд харилцан тохиролцож, бичгээр баталгаажуулсан тохиолдолд хүлээнэ. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр байгуулсан гэрээгээр хариуцагч нь төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги төлөхөөр тохирсон байх тул алданги төлөх үүрэгтэй байна. Уг хариуцлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх багасгаж болох тул хариуцагч О.Бийн тайлбарыг үндэслэн цар тахал буюу коронавируст халдварын улмаас эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн шаардаж буй алдангийн хэмжээг тал хувиар багасгаж алдангид 750,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Иймд хариуцагчаас 6,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О Бээс 6,750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Ад олгож, нэхэмжлэлээс 750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 122,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА