Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00543

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Х.Г-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Г- нь 1960 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа. 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан. тус шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй хэмээн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж гарсан. Х.Г- хуульд заасан шаардлагыг ханган дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно. Х.Г-д 1975, 1980 оны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч овог нэр, нөхөн бичилт, тамганы зөрчилтэй тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймээс хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, 1979, 1980 оны цалингийн карт, харилцахын баримтаас 1983 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шар тос тушаасан баримт, 1984 оны 7 дугаар сарын түүхий эд тушаасны цалингийн баримт, 1975, 1981 оны хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг үндэслэн 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн Х.Г- нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х.Г-ийн хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овгийг “Хүүхэн” гэж дурьдсан байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болон 1981 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээрх “Хүүхэний” гэсэн овог нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн овогтой тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Х.Г- мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр болон 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Х.Г-” мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Х.Г-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс олгосон 1899 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэг, нөхөн бичилтийн зөрчилтэй болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.02.12-ны өдрийн 152 тоот “... Эрдэнэдалай сумын 4-р багийн иргэн Х.Г- нь  1975, 1980 оны хөдөлмөрийн дэвтэр овог нэр, нөхөн бичилт, тамганы зөрчилтэй тул 1979.01.01-1990.01.01-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна...” гэх албан бичиг /хх-5 дугаар хуудас/, Архивын тасгийн 2020.2.12-ны өдрийн 188 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд 1979 оны 1 сараас 1990.01.01-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Х.Г-той холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх албан бичиг /хх-6 дугаар хуудас/” гэх тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.02.12-ны өдрийн 08/266 тоот “Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэл нь 1991 оны 3 дугаар сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 дугаар сарын 19-нд Хөгжил хувьцаат компани, 1996 оны 4 дүгээр сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт /хх-8 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2020.02.12-ны өдрийн 08/265 тоот “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн иргэн Х.Г- нь 2009, 2010 онд мал бүхий иргэний орлогын албан татвар төлж байсан нь үнэн болно” тодорхойлолт /хх-7 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын 2020.02.11-ний өдрийн 36 тоот “Тус сумын Засаг даргын Тамгын газрын архив нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "Хөгжил" нэгдлийн 1972-1994 оны 70 дансны баримтыг бүрэн бус хүлээн авсан. Тус сумын 4-р багийн иргэн Х.Г-ийн "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсны 1979, 1980 оны цалингийн карт, харилцахын баримтаас 1983 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шар тос тушаасан баримт, 1984 оны 7 дугаар сарын түүхий эдийн тушаасны цалингийн баримтыг өөрийн хүсэлтээр хуулбарлан олгов” гэх лавлагаа /хх-9 дүгээр хуудас/,

- “1982 онд тушаав, №2 Х.Г-” гэх бичилт бүхий Эрдэнэдалай сумын Рашаант бригадын шар тос тушаасан хүмүүсийн жагсаалт, /хх-11 дүгээр хуудас/,

- “№81 Х.Г-, №3 Х.Г-” гэх бичилт бүхий 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдөр түүхий эдийн тушаасан баримт /хх-12, 13 дугаар хуудас/

- Улсын бүртгэлийн хэлтсээс 2020.05.26-ны өдөр олгосон 005/000499 дугаартай төрсний бүртгэлийн “Д-ийн Г Эрдэнэдалай сумын төрөхөд 7-д бүртгэгдсэн, эхийн эцэг, эхийн нэр Х, эхийн нэр Д” гэх лавлагаа /хх-10 дугаар хуудас/,

- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 4-р багийн Засаг даргын 2020.5.22-ны өдрийн 4/47 дугаартай “Тус багийн иргэн Х.Г- ам бүл 1, багийн хүн амын дэлгэрэнгүй бүртгэлд бүртгэлтэй байнгын оршин суугч мөн болно” гэх албан бичиг /хх-14 дүгээр хуудас/

- Хүүхэний овогтой Г-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр олгосон 1899 дугаартай 1979 оны 1 сараас 1980 оны 12 сар дуустал хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж олгов тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-15-18 дугаар хуудас/,

- Х.Г-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон “Нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4 тоот тушаалаар Рашаант бригадад малчнаар” гэх бичилт бүхий 1981 оны 1 сараас 1989 оны 12 сар хүртэл хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж олгов тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19-22-р хуудас/

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар /1990.01 сараас 2000.12 сар/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэх баталгаажилтын хуудас /хх-23 дугаар хуудас/

- Гэрч Н.Ё-ын “...Би 1975-1995 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд жолоочоор ажилласан. Х.Г- нь сургуульд бараг суугаагүй, эмэг эхийн хамт мал дээр байдаг байсан. Х.Г- нь 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Х.Г- нь Хөгжил нэгдэл тартал малчнаар ажилласан...” гэх мэдүүлэг /хх-34 дугаар хуудас/, гэрч Ж.Э-ийн “...Би 1979-1989 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний газарт оёдолчноор, 1990-1995 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд хиамчнаар ажилласан. Х.Г- нь 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ахуй үйлчилгээний газарт малчдын зөвлөгөөн болоход хүмүүсийг нэг нэгээр нь танилцуулдаг байсан. Х.Г- нь 1979 онд анх зөвлөгөөнд ирж байсан. Х.Г- нь намайг оёдолчноор ажилладаг байхад 1989 он дуустал малчдын зөвлөгөөнд ирдэг байсан. Мөн намайг хиаман цехэд ажилладаг байхад орж ирж танилцаж байсан. Хиам боловсруулах үйлдвэрийг тухайн үед малчдад танилцуулдаг байсан. Х.Г- нь намайг хиаман цехээс гарахад малчнаараа ажиллаж л байсан...” гэх мэдүүлэг /хх-35 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1975 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хүүхэний Г-д олгосон хөдөлмөрийн дэвтэр, мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдлээс 1981 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Х.Г мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Г-г 1979 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэдалай сумын "Хөгжил" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ