| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0718/З |
| Дугаар | 221/МА2026/0308 |
| Огноо | 2026-05-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0308
З.О нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Нэхэмжлэгч: З.О, О.М, Б.Г, П.С, С.Т, Б.Д, Б.У, Б.Н
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: “Н” ХХК, “М к” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот захирамжийн нэхэмжлэгч нарын гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын мэдээллийн санд А4 байр болон “М к” ХХК-ийн эзэмших талбайг шинээр бүртгэн оруулахыг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0200 дугаар шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч болон нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, өмгөөлөгч Д.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0718/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.О нараас нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот захирамжийн нэхэмжлэгч нарын гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын мэдээллийн санд А4 байр болон “М к” ХХК-ийн эзэмших талбайг шинээр бүртгэн оруулахыг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0200 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хууль /2002/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211, 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийн биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211, 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд хариуцагч нар шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актуудын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. ... Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзвэл бусдын эзэмшил, нийтийн эзэмшил талбайд гарааш барьсан, түүнийхээ доор байрлах бусдын эзэмшил газрын давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нийтийн эзэмшил талбайг албадан чөлөөлөхөөр гаргасан захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгатай байна.
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцнэ.
Гэвч анхан шатны шүүх “нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны ашиглалтыг хориглосон эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр гарсан тул тухайн байр, орчны газар нь дахин төлөвлөлтөд хамрагдах зориулалттай, ийнхүү дахин төлөвлөлтөд хамрагдах байрны орчны газар болон нийтийн эдэлбэр газарт хот тохижуулах үндэслэлээр зардал төлөвлөж байгаа нь үргүй зардал гаргаж байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм” гэж дүгнэлт хийж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч иргэдийн оршин сууж буй байрны дахин төлөвлөлтийн талаар хэргийн оролцогчид маргаагүй, тэдний орон байр дахин төлөвлөлтөд хамрагдсан нь бусдын эзэмшил, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй гарааш барьсныг зөвтгөх үндэслэл болохгүй болохыг анхан шатын шүүх анхаарч үзсэнгүй.
Гуравдагч этгээд анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, одоогийн маргаан бүхий газрыг 3202 м.кв талбайн хэмжээгээр эзэмших болсон бөгөөд түүнээс хойш газар эзэмшигчийн нэр өөрчлөгдсөнөөс талбайн хэмжээ нэмэгдээгүй, байршил огт өөрчлөгдөөгүй.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Газар эзэмших" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл иргэн нь нийтийн эзэмшлийн газрыг ашиглах бол Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмын дагуу дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж, газрын төлбөрийн төлбөр төлөх, эзэмших бол гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрх үүсэх хууль зүйн зохицуулалттай байна.
Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга, тэдгээрийн газар зохион байгуулах албанаас нэхэмжлэгч нарт газар ашиглах зөвшөөрөл гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй бол дээрх заалтуудын дагуу иргэнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэхгүй байх хууль зүйн үр дагавартай.
Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашийн доорх газрыг нэхэмжлэгч нарт дээр дурдсан хуульд заасны дагуу эрх бүхий дүүрэг, газар ашиглах, эзэмших эрх олгосон бөгөөд нэхэмжлэгч нар нь хууль ёсны дагуу авсан газрын гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий гараашийн доорх газрыг эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч З.О, О.М, Б.Г, П.С, С.Т, Б.Д, Б.У, Б.Н нараас нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот захирамжийн нэхэмжлэгч нарын гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын мэдээллийн санд А-4 байр болон “М к” ХХК-ийн эзэмших талбайг шинээр бүртгэн оруулахыг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. “Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарын гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар “... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7 дахь заалтыг ... тус тус үндэслэн нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг нэгдүгээр хавсралтаар баталжээ.
3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нийтийн эдэлбэр газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, үүнээс шалтгаалаад оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж байна” гэж тайлбарлан маргасан.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Бидний зүгээс нийтийн эдэлбэр газарт гадна тохижилт хийх, ногоон байгууламжийг байгуулах зорилгоор газрыг шилжүүлэн өгөхөд маргаан байхгүй” гэжээ.
3.4. Хэрэгт авагдсан баримтууд болох нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар “А-4” СӨХ-д 15 жилийн хугацаатай орон сууцны орчмын 1696 м.кв газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах гэрээ байгуулсан,
нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/57 захирамжаар “Н” ХХК-ийн 3202 м.кв газрыг “М к” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шилжүүлж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” А/484 дүгээр захирамжаар “М к” ХХК-ийн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 3151 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгосон,
Нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/00-360 дугаартай “Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар”-т “Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны зүүн талд нийтийн эдэлбэр 5488 м.кв газарт гадна талбайн тохижилт буюу ногоон байгууламж, гадна тохижилтын элементүүд бүхий амрах талбай, авто зогсоол барих”-аар төлөвлөсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
3.5. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.5-д “Хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих”, 9.1.7-д “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Хот, суурин газарт экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулж, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулна” гэж тус тус заасан.
3.6. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаж буй газрыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад авахгүйгээр нийтийн эдэлбэр газарт шилжүүлэх, маргаан бүхий гараашнуудыг буулгах, гадна тохижилт хийх, ногоон байгууламж барихтай холбоотойгоор маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.
3.7. Энэ тохиолдолд хариуцагчаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, маргаан бүхий газраас ямар хэмжээгээр тохижилтын ажил хийгдэх нийтийн эдэлбэр газарт хамааруулах талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдтэй зөвшилцөж бодит нөхцөл байдлыг нэмж тодруулан нягтлах ажиллагааг хийх шаардлагатай, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
3.8. Иймд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийн биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
4. “Чингэлтэй дүүргийн газрын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2004 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 360 дугаар захирамжаар “Н” ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 3202 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар анх эзэмшүүлсэн. Улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн газрыг 15 жилийн хугацаатайгаар сунгаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжаар “Н” ХХК-ийн 3202 м.кв газрыг “М к” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шилжүүлж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар “М к” ХХК-ийн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 3151 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заасан.
4.3. Тодруулбал, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
4.4. Иймд нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй 2004 оны 360 дугаар захирамж гарснаас хойш дээр дурдсанаар 2017 онд “Н” ХХК-иас тухайн газрыг “М к” ХХК-д шилжүүлж, 2021 онд газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан зэргээс үзвэл 2004 оны 360 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нарт эрх зүйн шууд үр дагавар үүсгэхээргүй байх тул шүүхээс уг захиргааны актыг түдгэлзүүлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хууль зүйн хувьд боломжгүй.
4.5. Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08-26-01 дугаар мэдэгдэх хуудсаар “... 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор газар чөлөөлөхийг нэхэмжлэгч нарт мэдэгдэж байна. ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасны дагуу дээрх хугацаанд тайлбар, санал гаргах эрхтэй ба тайлбар, саналаа гаргаагүй нь газар чөлөөлөхөд нөлөөлөхгүй” гэжээ.
4.6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... маргаан бүхий мэдэгдэх хуудаснаас хойш дахин мэдэгдэх хуудас ирсэн, одоогийн байдлаар нийт 7 гараашийг буулгасан, үүнээс нэхэмжлэгч З.О, Б.Г, Б.У нарын гараашийг буулгасан” гэх тайлбарыг гаргасан.
4.7. Дээрх тайлбар болон хэргийн бодит нөхцөл байдлаас үзвэл Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас гарснаас хойш хариуцагчаас дахин нэхэмжлэгч нарт мэдэгдэх хуудас хүргүүлснийг тухайн байрны гарааш эзэмшигч бүхий оршин суугчид хүлээн зөвшөөрснөөр нийт долоон гарааш буулгасны дотор энэ хэргийн нэхэмжлэгч найман хүний гурвынх нь гарааш орсон байна. Энэхүү үйл баримттай талууд маргаагүй.
4.8 Нөгөөтээгүүр, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас гарсны дараа хариуцагчаас дахин нэхэмжлэгч нарт мэдэгдэх хуудас хүргүүлснээр өмнөх мэдэгдэх хуудасны үйлчлэл дуусгавар болохоос гадна нэхэмжлэгч нарын хүчингүй болгохоор маргаж буй мэдэгдэх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна.
4.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй болсон нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамж болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудаст хамааруулан хэрэглэсэн нь буруу байна.
4.10. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар “Чингэлтэй дүүргийн газрын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.11. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэхдээ мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн мэт дүгнэж шийдвэрлэснийг залруулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0200 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хууль /2002/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7 дахь заалт, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд хариуцагч шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж,
мөн хэсэгт “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас, нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 3 дахь заалтыг нэмж, 3 дахь заалтын дугаарлалтыг 4 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН