Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан

         Улсын яллагч Д.Ганцэцэг

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

         Шүүгдэгч П.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Хд холбогдох 2316000000117 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн,  ... настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн .... багт оршин суух хаягтай, ...  регистрийн дугаартай,  О овогт П.Х.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Хыг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Алтангадас одонд тодорхойлж, одонг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгнө гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож Л.Бгаас 265,000 төгрөгийг авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Улсын Их хурлын гишүүн Э-Агийн туслах байна. Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож А.Эаас 211,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоодын холбооноос ярьж байна. Таныг Алтангадас одонгоор шагнахаар боллоо гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Р.Гоос 582,000 төгрөгийг шилжүүлсэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоодын холбооноос ярьж байна. Таныг Алтангадас одонгоор шагнахаар боллоо гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож А.Баас 315,000 төгрөгийг шилжүүлсэн авсан

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.Бөөс тэмдэг, үнэлэхийн үнэ 172,800 төгрөг, арга хэмжээнд зориулж 100,000 төгрөг, шагнуулах ажил бүтээсэн төлбөр 100,000 нийт 372,800 төгрөгийг шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Л.Таас тэмдэг, үнэмлэхийн үнэ 260,000 төгрөг, 550,000 төрөг нийт 810,000 төгрөгийг шилжүүлэн авч хэсэг хугацааны дараа 300,000 төгрөгийг буцаан шилжүүлж нийт 510,000 хохирол учруулсан,

-.99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Баас тэмдэг, үнэмлэхийн үнэ 282,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            -99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Цгаас тэмдэгтийн хураамж гэж 205,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Ш.Угаас тэмдэгтийн хураамж гэж 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Даас тэмдэгтийн хураамж гэж 357,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож А.Гээс оролцооны мөнгө 162,200 төгрөг, бензиний мөнгө 240,000, 220,000 төгрөг нийт 620,200 төгрөгийг шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож С.Эаас тэмдэг, үнэмлэхийн үнэ 211,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

           -99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “мөнгөн зээлээч орой буцааж өгнө” гэх байдлаар хуурч Б.Чаас 250,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.Эгээс үнэмлэхийн мөнгө 82,000 төгрөг, одонгийн мөнгө 220,000 төгрөг нийт 302,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-Солонгос улс руу явах аяллын виз гаргаж өгөх гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож Г.Мгаас 2023 оны 06 дугаар сард 200,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 560,000 төгрөг нийт 1,960,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан,

-99****** дугаартай утас ашиглан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Алтангадас одонгоор шагнахаар боллоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.Оээс тэмдэгтийн хураамж гэж 315,000 төгрөгийг шилжүүлж авсан,

-2023 оны 05 дугаар сард Л.Дыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж би танд “Алтангадас” одон авч өгье гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 162,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

             Давтан үйлдлээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн ...тоотод хамт архи ууж байсан Л.Дын хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үргэлжлүүлэн 17 цаг 05 минутад 40,000 төгрөг, 21 цаг 12 минутад 300,000 төгрөг, 22 цаг 36 минутад 80,000 төгрөг нийт 420,000 төгрөгийг авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч П.Х нь 2023 оны 5-8 дугаар саруудад Алтангадас одонгоор шагнана, Солонгос улс руу аяллын виз гаргаж өгнө гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий 18 хохирогчийн өмчлөх эрхэнд халдаж хохирол учруулсан, мөн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Жавхлант 1-5 тоотод хамт архи ууж байсан Л.Дын Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үргэлжлүүлэн 17 цаг 05 минутад 40,000 төгрөг, 21 цаг 12 минутад 300,000 төгрөг, 22 цаг 36 минутад 80,000 төгрөг нийт 420,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь бусдын өмчлөх эрхэд халдсан хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч П.Х гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч П.Хын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гээд асуултад хариулсан “...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би муухай тоглоомоос болж хайртай хүмүүсээ гомдоосон байгаа. Маш их гэмшиж байна. Цаашид сайхан амьдрахыг хүсэж байна. Баривчилгаанд 50 хоног хоригдоод гараад ирэхдээ их зүйл ойлголоо. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна амлаж байна. Хор уршгийг нь мэдсэн. Ээж талхны цехэд ажиллаж байгаа. Би тэнд ээжтэйгээ хамт сар гаруй ажилласан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Намайг зөвөөр ойлгож, ялыг хөнгөлж өгнө үү. Би цаашдаа зөв аргаар мөнгө олж аав, ээж, эгчийнхээ ачийг хариулна. Олон хүүхдэд шатар заахыг хүсдэг. Шатарт багаасаа дуртай байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Хохирогч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Төрийн банкны салбарын захирал С.Б над руу утсаар залгаад Э-А гишүүний туслах ярьсан. Тэгээд ярилцаж байгаад таныг Алтангадас одонгоор шагнуулахаар болсон. 2023 оны 08 дугаар сарын 02-ны орой Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн хаалтын арга хэмжээн дээр гардуулна гэж байна. Та П.Х эзэмшигчтэй 5315****** дугаарын данс руу 282,000 төгрөгийг яаралтай шилжүүл гэж хэлсэн. Би П.Х эзэмшигчтэй 5315****** дугаарын данс руу 282,000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй 99****** дугаарын утаснаас над руу нэг эрэгтэй хүн залгаад 15 цагаас шагналын материалуудыг хэлэлцэнэ. Тэгээд хэзээ шагнал гардуулахыг нь хэлье гэж хэлсэн. Би ажил дээрээ очоод шагналын анкетаа бөглөөд байж байтал С.Б захирал өрөөнд орж ирээд хүнд залилуулсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 8-р хуудас/,

           

         Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд 99****** дугаарын утаснаас залгаад Засагт Хан аймгийн 100 жилийн ойн баяр наадмын шагнал тодорхойлох комиссоос ярьж байна. Таныг Жаргалант багт тогтвор суурьшилтай олон жил хувиараа хөдөлмөр эрхэлсэн учир Алтангадас одонгийн шагналд тодорхойлох гэсэн юм гэж ярьсан. Би эхэндээ дургүйцээд тасалсан. 99****** дугаарын утаснаас маш олон удаа залгаад ажил хийлгэхгүй байхаар нь за тар нар өөрсдөө мэд гэж хэлсэн. Тэгтэл 5315****** дугаарын данс руу үнэмлэх, тэмдгийн хураамж 172,800 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Би тэр дор нь 5315****** дугаарын данс руу үнэмлэх, тэмдгийн хураамж 172,800 төгрөг шилжүүлсэн. Удалгүй 99****** дугаараас дахиж залгаад шагнал олгох комисс хуралдаад ойн арга хэмжээнд зориулж 100,000 төгрөг нэмж авахаар болсон. Та шилжүүлээдэх гэж хэлсэн. Тэгээд 5315****** дугаарын данс руу дахиж 100,000 төгрөг шилжүүлсэн. 2 хоногийн дараа мөн 99****** дугаараас залгаад би таны шагнуулах ажлыг бүтээсэн. Та надад 100,000 төгрөг шилжүүлээд өгөөч. Би машиндаа дугуй авах гэсэн юм. Удалгүй буцааж өгнө гэж хэлэхээр нь дахиж 100,000 төгрөг шилжүүлсэн. Би хөдөө явж байгаад 2023 оны 07 дугаар сарын 30-ны орой аймагт ирээд 99****** дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд залилуулсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,

 

            Хохирогч Л.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 99****** дугаарын утаснаас залгаад Говь-Алтай аймаг Засагт Хан 100 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Есөнбулаг сумын баг болгоноос 2 иргэнийг Алтангадас одонгоор шагнахаар болсон. Оргил багаас таныг шагнахаар болсон. Та хүлээн зөвшөөрч байвал 5315****** дугаарын данс руу тэмдэг, үнэмлэхийн хураамж 260,000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Би тухайн үед 5315****** дугаарын данс руу 260,000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй дахиж залгаад би Тайшир суманд ажлаар явж байна. Хүнд яаралтай мөнгө өгөх хэрэг гарсан. Та миний данс руу 550,000 төгрөг шилжүүлээд өгөөч. Би оройхон буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгээд би 5315****** дугаарын данс руу 550,000 төгрөг шилжүүлсэн. Оройхон би 99****** дугаарын утас руу залгаад 550,000 төгрөгөө буцаагаад хий гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа 300,000 төгрөг над руу шилжүүлсэн байсан. 2023 оны 08 дугаар сарын 01-ний орой 99****** дугаараас залгаад 1,000,000 төгрөг яаралтай шилжүүлээд өгөөч гэж ярьсан. Тэгээд би хүнд залилуулаад байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би нийт 810,000 төгрөг шилжүүлснээс 300,000 төгрөг буцааж хийсэн. Үлдэгдэл 510,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151-р хуудас/,

 

           Хохирогч С.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 99****** дугаарын утаснаас залгаас Улсын Их Хурлын гишүүн Э-Агийн туслах П.Х байна. Таныг Аптан гадас одонгоор шагнахаар болсон. 2023 оны 08 дугаар сарын 02-ны орой Хантайшир уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хаалтын ажиллагаан дээр гардуулна гэж хэлсэн. Тэгээд 282,000 төгрөгийг 5315****** тоот данс руу шилжүүлнэ үү гэж хэлсэн. Би тэр дор нь мөнгийг нь шилжүүлсэн. Дараа нь дахиж залгаад сум орон нутгаас 1 ажилтан мөн шагнана. Орон нутгийн Төрийн банкны тооцооны төвөөс нэг ажилтны нэр өгнө үү гэж хэлсэн. Би Шарга сумын төрийн банкны тооцооны төвийн ахлах теллер ажилтай Г.А гэх хүний нэрийг өгсөн. Би Г.А эгч рүү залгаж холбогдоод УИХ гишүүн Э-Агийн туслах нь холбогдоод орон нутгаас Төрийн банкны нэг ажилтанг Алтан гадас одонгоор шагнуулахаар болсон. Таны нэрийг өгчих үү гэж асуугаад хэрэв шагнуулахаар бол 282,000 төгрөгийг 5315****** тоот данс руу шилжүүл, ажил дээр ирж анкетаа бөглө гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа тооцооны төв хариуцсан менежер Д.Хуягбаатар гэх хүнтэй уулзаж Э-А гишүүний туслах П.Х гэх хүнтэй холбогдсон. Төрийн банкнаас 2 хүн Алтангадас одонгоор шагнуулахаар болсон талаараа хэлэх үед Д.Хуягбаатар нь Э-А гишүүний туслах П.Х гэж хүн байдаггүй талаар хэлж хүнд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийн эзэмшлийн *** тоот данснаас П.Х эзэмшигчтэй хаан банкны 5315****** дугаарын данс руу 282,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-204-р хуудас/,

 

         Хохирогч Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гудамжинд явж байтал 09 цагийн үед П.Х гэх залуу таараад би таныг Алтангадас одонд тодорхойлж өгье. Та мөнгийг нь хийх хэрэгтэй, яаралтай хэрэгтэй байна гээд байсан. Тэгээд тухайн өдрийнхөө 18 цагийн үед айлд байж байтал намайг дуудаад бид 2 уулзаж Нарлаг дэлгүүрийн Хаан банкны АТМ-ын гадна талд зогсоогоод миний картыг аваад орсон, орох үед нь надаас нууц кодыг асуухаар нь би хэлчихсэн. Тэгээд миний картнаас 315,000 төгрөг авсан байхаар нь надад 50,000 төгрөг нь хэрэгтэй байна гээд буцаагаад авчихсан. 2023 оны 08 дугаар сарын 25-нд медалийг чинь авч ирээд өгнө гэсэн. 99****** гэсэн дугаар өгөөд залгана гэж хэлээд сураггүй болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-р хуудас/,

 

Хохирогч А.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 99****** дугаараас залгаад УИХ-ын гишүүний туслах байна. Таны Алтангадас одонгоор шагнахаар болсон байна. Тэмдэгтийн хураамж 211,000 төгрөгийг 5315****** дугаарын данс руу шилжүүлнэ үү гэж хэлсэн. Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр П.Х эзэмшигчтэй 5315****** дугаарын данс руу 211,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр шагналаа авах байх гээд хүлээж байтал захирал Туул залгаад цагдаагаас ярьж байна. Хүнд залилуулсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21-р хуудас/,

 

          Хохирогч Р.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 99****** дугаараас над руу залгаад Хөдөө аж ахуйн хоршоодын холбооноос ярьж байна. Таныг Алтангадас одонгоор шагнах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтангадас одонтой шүү дээ гээд хэлсэн чинь өө тийм байна, Говь-Алтай аймгийн хэмжээнд хоёрхон хүнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон өгөх гэж байгаа. Та П.Х гэх нарийн бичгийн дарга эмэгтэйн данс руу 282,000 төгрөг шилжүүл гэсэн. Би тухайн дансанд нь мөнгийг хийчхээд байж байтал дахиж залгаад би таныг миний садан хамаатан гэж даргадаа хэлж байгаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулахаар болсон. Нэмээд 300,000 төгрөг хийгээдхээч гэхээр нь би нэмээд 300,000 төгрөг хийсэн. Дахиад залгасан чинь утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-р хуудас/,

 

          Хохирогч А.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 99****** дугаараас над руу залгаад Хөдөө аж ахуйн хоршоодын холбооноос П.Х гэж хүн байна. 2023 оны 09 сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт хоршоодын холбооны хурал болох гэж байна. Түүнтэй холбогдуулан танай хоршооноос 2 хүнд Алтангадас одон өгөхөөр болсон. Таныг олон жил ажилласан учраас шагнах гэж байгаа. Регистрийн дугаар, утасны дугаараа явуул гэсэн. Тэгээд одон үнэмлэхийн үнэ 315,000 төгрөгийг 5315****** тоот дансанд шилжүүл гэсэн. Тэр өдрөө би завгүй байсан болохоор шилжүүлж чадаагүй, маргааш нь дахин дахин залгаад мөнгө хий гээд байхаар нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 20 цаг 59 минутад манай хүү Алтайбаатарын данснаас мөнгийг нь шилжүүлж хийж өгсөн. Би дахиад П.Х гэдэг хүний утас руу залгахад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/,

 

        Хохирогч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 99****** дугаарын утаснаас дахин дахин залгаад П.Х гэж УИХ-н гишүүний туслах байна. Танай хорооноос 2 хүнийг Алтангадас одонгоор шагнах юм байна. Таныг Алтангадас одонгоор шагнуулах гэсэн юм. Та өөрөө хүлээн зөвшөөрч байвал тэмдэгтийн хураамж 357,000 төгрөгийг 5315****** дугаарын данс руу шилжүүлнэ үү гэж хэлсэн. Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр П.Х эзэмшигчтэй 5315****** дугаарын данс руу 357,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь *** дугаараа бичээд шилжүүлсэн. Хэд хоног хүлээж байгаад залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 91-92-р хуудас/,

 

          Хохирогч Б.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд 99****** дугаарын утаснаас дахин дахин залгаад Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын ажлын албанаас холбогдож байна. Засагт хан аймгийн 100 жилийн ойн баяр наадмын төсвийг бүрдүүлэхийн тулд шагнал урамшуулал олгож байгаа. Намайг П.Х гэдэг. Би нийтийн ахуй үйлчилгээний чиглэлийг хариуцаж шагнал урамшуулал олгож байна. Одоо байгаа шагналуудаас Худалдаа үйлчилгээний тэргүүн, Хөдөлмөрийн хүндэт, Алтангадас гэсэн шагналууд байна. Та шагнуулахаар бол тэмдэгтийн хураамж 205,000 төгрөгийг 5315****** дугаарын данс руу шилжүүлнэ үү гэж хэлсэн. Би тухайн үед шууд 5315****** дугаарын данс руу 205,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь *** дугаар бичээд шилжүүлсэн. Хэд хоногийн дараа П.Х гэдэг хүн Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газарт ажил хийдэггүй гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-8-р хуудас/,

 

          Хохирогч А.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 99****** дугаарын утаснаас дахин дахин залгаад УИХ-ын гишүүний туслах байна. Таны Алтангадас одонгоор шагнахаар болсон байна. Та өөрөө хүлээн зөвшөөрч байвал оролцооны зардал 162,200 төгрөгийг 5315****** дугаарын данс руу шилжүүлнэ үү гэж хэлсэн. Би 2023 оны 07 сарын 18-ны өдөр П.Х эзэмшигчтэй 5315****** дугаарын данс руу 162,200 төгрөгийг гүйлгээний утга дээр нь ДЮ..., .... дугаараа бичээд шилжүүлсэн. Орой дахиж залгаад Тайшир сумын усан цахилгаан станц дээр байна. Бензиний мөнгө хэрэгтэй байна. Аймаг ороод шууд шилжүүлье гэж хэлэхээр нь 5315****** дугаарын данс руу дахиж 240,000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй дахиж залгаад 220,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 3 удаагийн гүйлгээгээр 620,200 төгрөг шилжүүлж залилуулсан. Шөнө дахиж залгаад мөнгө нэхээд байхаар нь миний шилжүүлсэн мөнгийг буцааж хий гэж хэлээд хэл үг хийж байж 3 удаагийн гүйлгээгээр 340,000 төгрөг буцааж шилжүүлж авсан. Үлдэгдэл 280,200 төгрөгийн шилжүүлэхгүй, дахиж залгаад мөнгө нэхээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-133-р хуудас/,

 

         Хохирогч Ш.Угийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд 99****** дугаарын утаснаас залгаад Говь-Аптай аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдож байна. Намайг хүмүүст шагнал олгох ажилд томилсон. Таныг Алтан гадас одонгоор шагнахаар болсон байна. Та өөрөө хүлээн зөвшөөрч байвал тэмдэгтийн хураамж 190,000 төгрөгийг 5315****** дугаарын данс руу шилжүүлнэ үү гэж хэлсэн. Би 2023 оны 07 дугаар сарын 15-ны орой П.Х эзэмшигчтэй 5315****** дугаарын данс руу 190,000 төгрөг гүйлгээний утга дээр нь ... дугаараа бичээд шилжүүлсэн. Удалгүй дахиж залгаад та хэдэн төгрөг зээлээр өгөөч би маргааш өгье гэх зэргээр маш олон удаа залгасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51-р хуудас/,

   

       Хохирогч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвд байж байхдаа П.Х гэх хүний явуулсан 5315****** тоот дугаарын данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би гүйлгээний утга дээр нь “СН” гэж бичээд хийсэн. П.Х гэдэг хүн анх удаа залгахдаа Авираа ах, Эрдэнэ-Очир ахаас таны дугаарыг авлаа. Би таныг банканд ажилладаг байхад үйлчлүүлсэн юм. Та надад 250,000 төгрөг зээлээч би орой буцааж өгнө гээд удаа дараа залгаад байсан юм. Би түүнийг огт танихгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 217-218-р хуудас/,

 

         Хохирогч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дэлгэр суманд гэртээ байж байтал манай сургуулийн захирал залгаад нэг хүн олон жил ажилласан одонгоор шагнагдах хүн байна уу гэхээр нь таны нэрийг өгсөн та мөнгөн тэмдэгтийн хураамж болох 211,000 төгрөгийг шилжүүлэх юм байна гээд 5315****** дугаарын П.Х гэсэн эзэмшигчтэй дансыг явуулсан. Би тэр дор нь П.Х гэх хүний данс руу өөрийн *** дугаарын данснаас 211,000 төгрөгийг 0000 гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн юм. Манай захирал надтай холбогдоно гэхээр нь хараад байж байтал таг чиг болохоор нь залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 176-177-р хуудас/,

 

         Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу явж байхад П.Х гэдэг залуу 99****** дугаараас залгаад та манай аав, ээжид тусалдаг болохоор би таныг Аптангадас одонгоор шагнуулъя. Та үнэмлэхийн мөнгө 82,000 төгрөг, одонгийн мөнгө 220,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 5315****** тоот данс руу шилжүүлсэн. Одонгоо авъя гэхээр өгнө гээд өгөхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17-р хуудас/,

 

        Хохирогч Г.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М.Б ах надад П.Х гэх хүний утасны дугаарыг өгөөд түүнд холбогдож асуугаарай гэж надад хэлсэн. Би П.Хтай утсаар холбогдож Бүгд найрамдах Солонгос улсад аяллын виз авах хүсэлтэй байгаа талаараа хэлж түүний утсыг М.Баас авсан талаар хэлж хоорондоо ярьж надад П.Х виз гаргаж өгөхөөр тохирсон. Тухайн үед надад 1 сарын дотор виз гаргаж өгнө гэж хэлсэн. П.Х бичиг цаасны бүрдүүлэх ажлын мөнгөнд 200,000 төгрөг нэхсэн. Би түүний өгсөн 5315****** тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1,200,000 төгрөгийг тус дансанд шилжүүлсэн. Тэрнээс хойш нэг хоногийн дараа тохирсны дагуу үлдсэн мөнгө 560,000 төгрөгийг тус данс руу шилжүүлсэн. Тэгээд арваад хоногийн дараа П.Хтай утсаар ярихад таны визийг захиалсан удахгүй гарах байхаа захиалга их болж удаж байгаа гэж ярьж байсан. ...Тэгж хэлээд 3 сар болсон. Одоо утсаа авахгүй байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 171-172-р хуудас/,

 

         Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...99****** дугаараас залгаж орж ирээд Хөдөө аж ахуйн яамнаас ярьж байна. Би Бигэр, Цогт, Дарив сумдыг хариуцаж байгаа юм. 2023.09.18-22-ны өдрүүдэд Хоршоологчдын өдрүүд болох гэж байна. Удаан жил ажилласан хүмүүсийг шагнах гэж байгаа юм гэж хэлсэн. Би тухайн үед ямар ямар шагнал байгаа гэж асуухад ганцхан Алтангадас одон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө Алтангадас одонд тодорхойлуулъя. Гэхдээ сумынхаа 100 жилийн ойгоор өгүүлье гэж хэлсэн. Тэгвэл тэмдэгтийн хураамж 315,000 төгрөгийг шилжүүл энэ данс руу хийгээрэй, би дарга дээр орж байна. Ерөнхийлөгчөөр тамга даруулах гэж байна. Ерөнхийлөгч гадагшаа явах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 315,000 төгрөгийг 5315****** тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 179-р хуудас/,

 

          Хохирогч Л.Дын мөрдөн байцаалтад өгсөн:  “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр П.Х нь над руу утсаар яриад та гэртээ байна уу? хэн хэнтэй байгаа юм бэ? гэж асуусан. Би гэртээ ганцаараа байна гэж хэлсэн чинь П.Х манай гэрт ирсэн. Тухайн үед надаас таны ууж байсан архинаас чинь байгаа юу гэж асуусан. Тухайн үед манайд өмнөх өдрийн ууж байсан архинаас үлдсэн байсан болохоор би архи гаргаж ирээд П.Х бид хоёр 2-3 хундага уусан... П.Х одоо нэг бэлэн хоол авч идэх үү гэхээр нь би би өөрийн эзэмшлийн Хаан банкны картаа өгөөд явуулсан чинь П.Х энэ картад чинь мөнгө байхгүй байна гэж миний картыг авч ирж өгөхөөр нь би 5315361227 гэсэн дугаартай Хаан банкны картаа өгөөд нууц үгийн хэлээд явуулсан. П.Х нь удалгүй 2 ширхэг бэлэн хоол авч ирсэн. Авч ирсэн бэлэн хоолоо идээгүй. П.Х нь нэг шил архи аваад ирнэ гэж хэлж яваад архи авч ирээд бид хоёр 2-3 хундагыг уугаад байж байтал доод давхрын Оюунбилэг орж ирээд хэсэг юм ярьж байгаад явсны дараа манай бүл дүү Ц.Б манай гэрт ирсэн. Тэгээд байж байгаад П.Х бид хоёр 100,000 төгрөг тавиад шатар тоглохоор болоод шатар тоглосон юм. Тухайн үед хэн ч хожоогүй ничээ болсон юм. П.Х нь би гэртээ оччихоод ирье хамт байгаа хүнээ явуулчхаад байж байгаарай гэж хэлээд явсан. Хамт байсан бүл дүү Ц.Бтай дэлгүүр орж тамхи аваад гэрийн урд талд байдаг тоглоомын талбай дээр байж байсан чинь П.Х над руу залгаад хаана байгаа талаар асуухаар нь би гэртээ байхгүй 48-д айлд байна гэж хэлсэн. Тухайн үед картаа үзээгүй байж байгаад маргааш нь буюу 2023 оны 08 сарын 22-ны өглөө 08 цагийн үед босоод дэлгүүр орж юм авах гээд картаа үзсэн чинь байхгүй байсан. Миний карт манай эхнэрийн гар утастай холбоотой байдаг болохоор утсаар яриад картаа шалгуулсан чинь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед 7,400 төгрөгөөр бэлэн хоол авсан байна. Тэгээд 40,000 төгрөг, 300,000 төгрөг, 80.000 төгрөгөөр гаргаж аваад дууссан байна. Одоо картад чинь мөнгө байхгүй байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. ...Мөн П.Х нь 2023 оны 05 дугаар сарын үеэр байх надтай гар утсаар яриад би Улаанбаатар хотод байна танд Алтангадас одон аваад өгье гэж хэлээд надаас 162,000 төгрөг аваад одоо болтол Алтангадас одон өгөөгүй залилсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 163-164-р хуудас/,

 

         Гэрч Ц.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Л.Д ах намайг гэртээ хүрээд ир гэж дуудсан. Би Л.Д ахын гэрт 18 цагийн үед очиход Л.Д ах гэртээ нэг залуутай байж байсан. Намайг очиход тэр хоёр нэг шил архи задлаад талд нь ортол уучихсан байсан. Намайг гэрт нь орсны дараа тэнд байсан залуу 100,000 төгрөгөөр бооцоотой тоглоно гээд нэг удаа тоглоод хайнцаж дуусгаад тэр залуу байж байгаад гараад явчихсан. Намайг гэрт нь орох үед тэр хоёр бэлэн гоймон буцалгаад тавьчихсан байсан. Миний дэргэд мөнгө, карт тэр залууд өгөөгүй. Маргааш өглөө нь босож ирээд картаа хайгаад олоогүй. Эхнэрээсээ карт алга дотор нь мөнгө байгаа үзээдэх гээд ярьсан чинь картад байсан мөнгийг нь авчихсан байна гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 183-р хуудас/,

 

        Хаан банкнаас ирүүлсэн “...5315****** тоот дансны эзэмшигч нь П.Х /РД:.../ гэрийн хаяг Говь-Алтай аймаг ... тоот, утас 99******, 9948**** манай банканд бүртгэлтэй байна...” гэх албан бичгүүд,

 

        Пүрэвдоржийн П.Хын Хаан банканд эзэмшдэг 5315****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1-р хх-ийн 49-60, 105-116, 155-166, 208-219, 2- р хх-ийн 12-26, 55-69, 96-110, 137-151, 185-197, 230-247, 3-р хх-ийн 21-22-р хуудас/,

 

         Лхамжавын Л.Дын Хаан банканд эзэмшдэг 5315****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хх-ийн 188-189-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч П.Хын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

         Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ат 282,000 төгрөг, Л.Бд 265,000 төгрөг, А.Эд 211,000 төгрөг, Р.Год 582,000 төгрөг, А.Бт 315,000 төгрөг, Д.Бөд 372,800 төгрөг, Л.Түвшинбаярт 510,000 төгрөг, С.Бт 282,000 төгрөг, Б.Цд 205,000 төгрөг, Ш.Уд 190,000 төгрөг, Б.Дд 357,000 төгрөг, А.Гт 282,200 төгрөг, С.Эт 211,000 төгрөг, Б.Чт 250,000 төгрөг, Д.Эд 302,000, Л.Дт 582,000 төгрөг, Д.Оэд 315,000 төгрөг, Г.Мд 1,960,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч нь хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж шүүгдэгч П.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт  заасан “...нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг...” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “П.Х нь Хан-Алтай компанид өргөдлөө өгөөд, ярилцлагад ороод тэнцчихсэн байгаа. Хан-Алтай компани руу явахаар шүүх хуралдаантай холбоотойгоор чөлөө өгдөггүй тул шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Мөн Тайшир сум руу явах компанид хүсэлтээ өгсөн байгаа. Хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч цаашдын амьдрал шийдэгдэнэ. ...Цаашид хөдөлмөр эрхлэх боломжтой байдал болон хохирол төлөгдсөн, өөрийгөө илчилсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд тэнсэн хянан харгалзаж өгнө үү...” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шударга ёсны зарчмын хүрээнд тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч П.Хын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, цагдан хоригдсон 49 хоногийг 49 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэлээ.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Г.Ат хохирол учруулсан үйл баримтыг орхигдуулж бичсэн, хохирогч А.Гт учирсан хохирлыг “...А.Гээс оролцооны мөнгө 162,200 төгрөг, бензиний мөнгө 240,000, 220,000 төгрөг нийт 620,200 төгрөгийг шилжүүлэн авсан” гэж хохирлын дүнг буруу бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 49 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О ургийн овогт П.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч П.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хын нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хын цагдан хоригдсон 49 хоногийг 49 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар тооцож, эдлэх ялаас хасаж тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийн хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан П.Хд сануулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, 49 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

          10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА