| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00493/И |
| Дугаар | 139/ШШ2020/00545 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 139/ШШ2020/00545
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад хоньчноор ажиллаад одоог хүртэл аж ахуйтай болж хувиараа мал маллаж байсан билээ. 1991 оноос 1993 он хүртэл Дэлгэрхангай суман "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад ажилласан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн болон зарим байгаа нь тамга тэмдэггүй, хүчингүй байгаа учир цуг ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлэг болон бусад баримт, тушаал зэргийг харгалзан үзэж Дэлгэрхангай сумын Номгон бригадад хоньчин байсан 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.А-д 1992.01.01-нийн өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Дундговь аймгийн Архивын тасгийн 2020.06.02-ны өдрийн 377 тоот “...Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд 1991.12.30-1993.09.01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Б.А-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна...” гэх албан бичиг /хх-4 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.06.02-ны өдрийн 08/602 тоот “Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэл нь 1991 оны 4 дүгээр сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 дүгээр сарын 29-нд Говийн хангай хоршоо болон үйл ажиллагаа явуулж байна” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2020.01.27-ны өдрийн 33 тоот “Б.А- нь ам бүл долуул, аав, ээж, дүү нарын хамт 1991-2007 он хүртэл мал маллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-6 дугаар хуудас/,
- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил 4 сараар /1993.09-1998.12 сар, 2000.01-2000.12 сар/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэх баталгаажилтын хуудас,
- Б.А-д Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлээс 1992.01.01-ний өдөр олгосон “Нэгдлийн даргын 1991.12.30-ны өдрийн 43 дугаар тушаалаар 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс Номгон бригадад хоньчноор томилов, "Шинэ зам" ХК-ийн захирлын 1993.08.30-ны өдрийн 12 дугаар тушаалаар 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс "Шинэ зам" ХК-ийн малчин ажлаас чөлөөлж, сумын Тамгын газрын мэдэлд шилжүүлэв” гэх бичилт бүхий 1991 оны 1 сараас 1993 оны 8 сар хүртэл хугацааны ажилласан хоног, олгосон хөдөлмөрийн хөлсийг бичиж тамга тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн гэрчлүүлсэн хуулбар /хх-8-9 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Т-ын “...Би 1979 оноос Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Би 2000 он хүртэл мал маллаж байгаад Дундговь аймгийн төв рүү шилжиж ирсэн. Б.А- 1983 онд эцэг Болоож, эх Тогооч нарын хамт Өвөрхангай аймгаас илгээлтийн эзнээр шилжиж ирсэн. Б.А- нь 1986 оны 6 сард илгээлтээр гарч Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Номгон бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Б.А- нь нэгдэл тартал малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсны дараа бас хувиараа мал малласан. Намайг 2000 онд аймгийн төвд орж ирэхэд Б.А- нь Дэлгэрхангай суманд мал малладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-15 дугаар хуудас/, гэрч С.Д-ийн “...Б.А-ын эцэг, эх нь 1983 онд Өвөрхангай сумаас илгээлтээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад шилжиж ирсэн. Б.А- нь 1986 онд "Шинэ зам" нэгдлийн Номгон бригадад илгээлтээр гарч малчнаар ажиллаж эхэлсэн. Б.А- нэгдэл тартал малчнаар ажилласан. Б.А- нь нэгдэл тарснаас хойш хувиараа мал маллаж байгаад 2006, 2007 оны үед Өвөрхангай аймаг руу нүүсэн байх. Би 1985-1993 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажилласан. Би нэгдэл тарснаас хойш тракторчин хийж байгаад мал дээр гараад 2000 онд аймгийн төв рүү орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-16 дугаар хуудас/, гэрч С.Ж-ын “...1982 онд Б.А-ын эцэг Болоож нь Өвөрхангай аймгаас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд илгээлтээр ирж байсан. Б.А- нь 1986 оноос илгээлтээр гарч Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд Номгон бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Б.А- нь 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажиллаж байгаад хувиараа мал малладаг болсон. Б.А- нь 2007 он хүртэл тасралтгүй Дэлгэрхангай суманд мал маллаж байгаад Өвөрхангай аймаг руу шилжсэн. Би 1972 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын дунд сургуулиас илгээлтээр гарч "Шинэ зам" нэгдлийн Толь бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд 1978-1981 он хүртэл малчнаар ажиллаж байгаад 1981-1992 он хүртэл "Шинэ зам" нэгдлийн тоо бүртгэгч, 1992-1995 он хүртэл Толь бригадын даргаар ажиллаж байгаад 1995 оноос хувиараа мал малладаг болсон...” гэх мэдүүлэг /хх-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч нь 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.А-ыг 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ