Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 209

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хэргийн индекс: 171/2012/0222/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ******Э.Б-эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000563 дугаартай хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******Э.Б- /РД: /, 1986 оны 4дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ************ тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Э.Э.Б- нь шунахайн сэдэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу шөнийн 00 цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар цэцэрлэгийн байрны санхүүгийн өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж 19 инчийн "Есер" маркийн компьютерийн хавтгай дэлгэц 2 ширхгийг бусад дагалдах хэрэгслүүдийн хамт хулгайлж бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хуучин ажиллаж байсан ажлынхаа хүмүүстэй нийлж нэг газар архи ууж суусан юм. Тэгээд би харихаасаа өмнө найзындаа очтол гэрт хүн байхгүй болохоор нь харих замдаа Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар цэцэрлэгийн хашаан дотор нь орж бие засаад зогсож байтал онгорхой цонх харагдсан юм. Тухайн үед тэр цонхны төмөр тор руу нь би толгойгоо хийхэд багтаж байхаар нь ороод тэнд байсан компьютерийн хоёр ширхэг дэлгэцийг аваад гарсан. Тэгтэл манаач нь гарч ирээд намайг дуудахад нь би зугтаад нэг байрны орцонд ороод тэндээ өглөө болгочхоод гараад явсан. Тэгээд удалгүй Үйлчилгээний төв дээр байрлах лангуу ажиллуулдаг гэх зүс үл таних Б- гэдэг хүнд хулгайлсан хоёр дэлгэцээ зарсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Шүүгдэгч Э.Э.Б- нь шунахайн сэдэлтээр 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу шөнийн 00 цаг 40 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар

 

 

багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар цэцэрлэгийн байрны санхүүгийн өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж 19 инчийн "Есер" маркийн компьютерийн хавтгай дэлгэц 2 ширхгийг бусад дагалдах хэрэгслүүдийн хамт хулгайлж бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            хохирогч Ц.Ц.Н-гийн:...”2012 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 07 цагт би ажлынхаа өрөөнд хулгай орсныг мэдсэн. Тухайн үед ажил дээрээ очоод үзэхэд хоёр ширхэг "Есер" маркийн компьютерийн дэлгэц, өрөөнд байсан хоёр ширхэг процессорыг задлаад дотроос нь хоёр ширхэг хард /160 gb, 250 gb/, ram хоёр ширхэг /1024 mb, 2048 mb/, компьютерийн гар, хоёр ширхэг хулгана, тэжээлийн залгуур хоёр ширхэг, хоёр залгуур байгууллагын санхүү, нягтлангийн тамга, usb залгуур, хард дискний хоёр ширхэг залгуур зэрэг зүйл алдагдсан байсан. Тухайн үед хулгайч өрөөний цонхоор орсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27 дахь тал/,

            гэрч Д.Б-гийн:...”Би хэзээ худалдаж авснаа тодорхой санахгүй байна. Одоогоос 7 хоногийн өмнө байх, манай лангуунаас заримдаа тоглоом худалдаж авдаг нэрийг нь мэдэхгүй, зүс таних залуу 12 цагийн орчимд хоёр ширхэг "Есер" маркийн компьютерийн дэлгэц барьчихсан ирсэн. Тэгээд надад хандан “зарах гэж байгаа юм, эдгээр нь миний эд зүйл” гэж хэлэхэд нь би түүнээс хоёр ширхэг дэлгэцийг нь 130.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дахь тал/,

            гэрч Н.Н.Г-ын:...”2012 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө 00 цаг 47 минутад би цэцэрлэгээ тойрч шалгаад явж байтал нягтлангийн өрөөний цонхны шатны хажууд нэг залуу доошоо тонгойгоод бөөлжиж байгаа дүр үзүүлээд байсан юм. Тэгэхэд нь би тэр залууд хандан “юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд ойртоход тэр залуу хойд зүгийг чиглээд зугтаагаад явчихсан. Тухайн үед гартаа нэг юм барьчихсан байхад нь би араас нь гүйгээд хулгай хийсэн байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд санхүүгийн өрөөний цонхон дээр очоод утасны гэрлээ тусгаж харахад ширээн дээр байсан хоёр ширхэг компьютерийн дэлгэц байхгүй болсон байсан. Уг цонхны хамгаалалтын төмөр нь их зайтай төмөр байсан. Хулгай хийсэн гэх хүнийг харахад 18-20 орчим насны эрэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дахь тал/,

эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 10-11 дахь тал/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 38-43 дахь тал/,

шүүгдэгч Э.Э.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”Би 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хуучин ажиллаж байсан ажлынхаа хүмүүстэй нийлж нэг газар архи ууж суусан юм. Тэгээд би харихаасаа өмнө найзындаа очтол гэрт хүн байхгүй болохоор нь харих замдаа Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар цэцэрлэгийн хашаан дотор нь орж бие засаад зогсож байтал онгорхой цонх харагдсан юм. Тухайн үед тэр цонхны төмөр тор руу нь би толгойгоо хийхэд багтаж байхаар нь ороод тэнд байсан компьютерийн хоёр ширхэг дэлгэцийг аваад гарсан. Тэгтэл манаач нь гарч ирээд намайг дуудахад нь би зугтаад нэг байрны орцонд ороод тэндээ өглөө болгочхоод гараад явсан. Тэгээд удалгүй Үйлчилгээний төв дээр байрлах лангуу ажиллуулдаг гэх зүс үл таних Б- гэдэг хүнд хулгайлсан хоёр дэлгэцээ зарсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд ******Э.Б-ийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Э.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Д.Ц.Н-д мөрдөн байцаалтын шатанд, иргэний нэхэмжлэгч Д.Б-д шүүхийн шатанд тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс нэмж гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э.Б- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 58 дахь тал/,

 

Шүүгдэгч Э.Э.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулав.

 

Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хар өнгийн хос бодинкон гутлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Э.Б-эд олгохоор тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******Э.Б-ийг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э.Б-эд хувьд ноогдох эд хөрөнгөөс 30.000 /гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Э.Б-эд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Э.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хар өнгийн хос бодинкон гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Э.Б-эд буцааж олгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Э.Э.Б-ийн эзэмшлийн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээтэй хөлдөөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 522 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болсонд тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Э.Э.Б-эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хувьд ноогдох эд хөрөнгөөс 30.000 /гучин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Э.Э.Б-эд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Э.Э.Б-эд мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э.Б-эд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Э.Б-эд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

                            

                  ДАРГАЛАГЧ

                            ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН