Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2020/00548

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2020/00548

Сайнцагаан сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 Нэхэмжлэгч: Б.Ц-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 58 нас хүрч байгаа. Улсад 34 жил ажилласан бөгөөд 1986 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот тушаалаар Дундговь аймгийн Холбооны газарт гол шугамын монтёроор ажилд орсон ба 1989 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 111 тоот тушаалаар гол шугамын монтёроор томилогдсон. Гэтэл 1997 онд өөр ажлын байр руу шилжүүлэхдээ төвийн монтёроор ажиллаж байсан нэрээр чөлөөлж ажлын хүнд хортой нөхцөлийг ердийн ажлын байр болгож өөрчилсөн. Иймд намаг 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Холбооны газрын гол шугамын монтёроор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц- нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.Ц-т Дундговь аймгийн Холбооны газраас 1986.04.05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тушаалын зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.05.28-ны өдрийн 357 тоот “Сайнцагаан сумын 7 дугаар багийн иргэн Б.Ц-ын хөдөлмөрийн дэвтэр тушаалын зөрчилтэй тул 1989-1997 оны хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх тодорхойлт /хх-4 дүгээр хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2020.06.16-ны өдрийн 398 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Холбооны газарт 1989 оны 9 сараас 1997 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл гол шугамын монтёроор ажиллаж байсан тухай баримт байхгүй учир Б.Ц-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Холбооны газрын 1997 оны ажилд томилсон тухай тушаалыг эх баримтаас хуулбарлан гаргаж хавсралтаар хүргүүллээ...” гэх албан бичиг /хх-12 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.05.28-ны өдрийн 08/609 тоот “Дундговь аймгийн Холбооны газар нь 1991 оны 11 дүгээр сарын 26-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Мэдээлэл холбоо сүлжээ ХХК нэртэйгээр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-5 дугаар хуудас/-оор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Б.Ц-т Дундговь аймгийн Холбооны газраас   1986 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн ажлын тухай мэдээнд Холбооны газрын даргын 1989.09.23-ны өдрийн 111 тоот тушаалаар “1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хүсэлтийг нь үндэслэн радионы монтёрын ажлаас чөлөөлж гол шугамын монтёроор ажиллуулав”, “ гэх бичилт бүхий тушаалыг бичиж тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-21-22 дугаар хуудас/,

- Монголын Цахилгаан холбоо компанийн ХК Дундговь аймгийн холбооны газрын 1997.10.11-ний өдрийн 81 тоот “Ажилд авах тухай” тушаал /хх-13 дугаар хуудас/,

- Б.Ц-ын 182160 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-18-20 дугаар хуудас/,

- Б.Ц-ын 1989-1997 оны 9 жилийн цалингийн жагсаалт /хх-6 дугаар хуудас/, гэрч Б.Г, Р.Г, Б.Ц нарын мэдүүлэг /хх-14-17 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.Ц- нь 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Холбооны газарт гол шугамын монтёроор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Ц-ыг 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Холбооны газарт гол шугамын монтёроор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ