| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00495/И |
| Дугаар | 139/ШШ2020/00549 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 139/ШШ2020/00549
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 139/ШШ2020/00549 | Сайнцагаан сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Ц.Э-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал болон малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэнбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...би 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд бог мал маллаж байсан. Энэ үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул намайг 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү. Би 1991-1992, 1998, 2000 онуудад Дундговь аймгийн Сайнцагаан суманд мал маллаж байсан үеийн малын А дансны нэрийг Нэргүйн Эрдэнэхуяг гэж буруу бичсэн байна. Миний иргэний үнэмлэхэд намай Ц.Э- гэсэн байгаа, тухайн үеийн хүмүүсийн буруу бичсэн алдаанаас болж 1991, 1992, 1998, 2000 онуудын мал маллаж байсан үеийн А дансны эзэмшигч нь Ц.Э- мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э- нь 1983-1990 онуудад Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд мал маллаж байсан. Одоо тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй байна гэсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Мөн Мандах нэгдэлд ажиллаж байх үеийн 1991, 1992, 1998, 2000 онуудын малын А дансны овог нэр зөрчилдсөн учраас А дансны жинхэнэ эзэмшигчээр Ц.Э-ийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э- нь ажиллаж байсан байдал болон малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Харчин овогт Ц.Э-ийн хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэхэд түүний овгийг “Цэрэндорж” гэж дурьдсан байна.
Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа дээрх “Н овогтой Э” гэсэн нэр нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул уг архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Ц.Э- мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1991, 1992, 1998, 2000 онуудын малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан ч хэрэгт авагдсан Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олгосон Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа нь 1991, 1992, 1999, 2000 онуудын малын А дансны лавлагаа байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 1991, 1992, 1999, 2000 онуудын малын А дансны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан болно.
Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2020.06.18-ны өдрийн 104/000303 дугаартай Ц.Э-ийн төрсөн эх нь Р.Н мөн болох талаарх лавлагаа /хх-22 дугаар хуудас/-аар 1991, 1992, 1999, 2000 онуудын малын А дансанд Ц.Э-ийг түүний эх Нэргүйгээр овоглож бичсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Э- нь 1991, 1992, 1999, 2000 оны малын А дансны лавлагааны жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.
Ц.Э-т 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.03.27-ны өдрийн 356 тоот “Сайнцагаан сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Э-ийн хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичилтийн зөрчилтэй тул 1983.08.01-1989.12.31-ний хооронд ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг /хх-6 дугаар хуудас/, Татварын хэлтсийн 2020.03.26-ны өдрийн 08/373 тоот “Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1956 оны 2 дугаар сарын 15-нд байгуулагдан 1991 оны 4 дүгээр сарын 24-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1994 оны 6 дугаар сарын 13-нд “Мандах” ББХКомпани болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлт /хх-4 дүгээр хуудас/, Архивын тасгийн 2020.06.18-ны өдрийн 406 тоот “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1983 оны 8 сарын 1-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан, Наран багт 1990 оны 1 сарын 01-нээс 2000 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа учир Ц.Э-тай холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх архивын лавлагаа /хх-23 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Ц.Э-т 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр олгосон 1983 оны 8 сараас 1990 оныг дуустал ажилласан хоног, хөдөлмөрийн хөлсийг бичиж, хөдөлмөрийн хөлс олгосон тамга дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-13-15 дугаар хуудас/,
- Гэрч З.Б-ийн “...Би 1978 оны 6 сараас Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Би нэгдэл тартал Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувийн аж ахуй эрхэлсэн. Ц.Э- нь намайг анх нэгдэлд малчнаар ажилладаг байсан. Яг хэзээнээс мал малласныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-26-27 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ын “...Би 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд түүхий эдийн бэлтгэгчээр ажилласан. Би хөдөөгүүр явж арьс, шир авдаг байсан. Ц.Э- нь намайг анх 1981 оноос түүхий эдийн бэлтгэгчээр ажиллаж эхлэхэд малчнаар ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ц.Э- нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн Архивын тасгаас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Н овогтой Э-т”-т олгосон 1991, 1992, 1999, 2000 оны малын А дансны жинхэнэ эзэмшигч нь овогт Ц.Э мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Э-ийг 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ