Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2020/00551

 

                                                      

 

 

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2020/00551

Сайнцагаан сум

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Ш сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.М-д холбогдох сургалтын төлбөрт 954.943 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагч Д.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ш сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.М- нь Ш Сургууль-д 2015 онд Физик экологи мэргэжлээр магистрантурт элсэн орсон бөгөөд 2015-2016 оны намрын улиралд 11 кредит сонгосон, 2019-2020 оны хичээлийн жилийн буюу өнөөдрийн байдлаар сургалтын төлбөрийн нийт 954.943 төгрөгийн өр төлбөртэй байна. Өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул дээрх сургалтын төлбөрийн 954.943 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ хийж, асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ш сургуультай ярилцаад эвлэрэхээр шийдвэрлэлээ. Би цаашид сургуульдаа үргэлжлүүлж суралцах хүсэлтэй байгаа учраас уг хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Ш-ийн нэхэмжлэлтэй Д.М-ид холбогдох 954.943 төгрөг гаргуулах хэрэгт бид дараах байдлаар харилцан тохиролцож байна. Үүнд: Хариуцагч Д.М- нь 954.943 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш сургууль нь хариуцагч Д.М-оос сургалтын төлбөрт 954.943 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 954.943 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох сургалтын төлбөрт 954.943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.469 төгрөгөөс 13.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дундговь аймгийн Татварын хэлтсээс 13.734 төгрөгийг, хариуцагч Д.М-оос 13.734 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ш сургуульд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ