Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 203

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хэргийн индекс: 171/2012/0213/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч О.Доржмаа,

хохирогч Н.Г.Ц-,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.М.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт овогт ***** Г.Ө-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201224001361 дугаартай хэргийг 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** Г.Ө- /РД: /, 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд  боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ************ тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан.

 

Шүүгдэгч Г.Г.Ө- нь 2012 оны 6 дугаар сарын 18-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Өртөөний авто машины зогсоол дээр ****** ДАХ улсын дугаартай "ММС-Лансер" маркийн авто машиныг жолоодон явахдаа авто машины керлон дээр бусдыг сууж байгааг мэдсээр байж хөдөлгөөнөө үргэлжлүүлснээс болж иргэн Н.Г.Ц-ыг газар унагаж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 6 дугаар сарын 18-ны шөнө намайг машинтайгаа Дархан-Өртөөний авто машины зогсоол руу орж явах үед Г.Ц- миний машины баруун талын керлон дээр явалтан дунд үсрээд суучихсан юм. Тухайн үед би Г.Ц-ыг тоглож байна гэж бодоод машинаа зөөлхөн гэгчийн хөдөлгөөнд оруулаад 4-5 метр газар явсан. Тэгээд би зогсоол руу орох үед Г.Ц- миний машинаас өөрөө үсрээд буух шиг болсон.

 

 

 

D:\My Office flie\Шийтгэх тогтоол\Шийтгэх тогтоол 2012\Г.Өлзий-Орших-97.1-203.doc

Тэгтэл машин дээрээс газар унаад энэ хэрэг гарлаа. Тухайн үед би Г.Ц-ыг эмнэлэг хүргэж өгөөд шаардлагатай гэх эм тариаг нь авч өгсөн” гэв.

Хохирогч Н.Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2012 оны 6 дугаар сарын 18-ны шөнө Дархан-Өртөөний авто машины зогсоол руу Г.Ө- машинтайгаа орж явсан юм. Тэгэхэд нь түүнтэй мэндлэх гээд машиных нь баруун талын керлон дээр бөгсөөрөө налаад зогстол Г.Ө- гэнэт машинаа хөдөлгөөд урагш явсан. Тэгэхэд нь машинаас нь унах гээд сандарсандаа машины копуднаас нь зуурч байсан юм. Тэгээд нэг мэдэхэд би газар унасан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Эмнэлэг дээр хальт ухаа ороод буцаад санахгүй болсон. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэв.

 

Шүүгдэгч Г.Г.Ө- нь 2012 оны 6 дугаар сарын 18-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Өртөөний авто машины зогсоол дээр ****** ДАХ улсын дугаартай "ММС-Лансер" маркийн авто машиныг жолоодон явахдаа авто машины керлон дээр бусдыг сууж байгааг мэдсээр байж хөдөлгөөнөө үргэлжлүүлснээс болж иргэн Н.Г.Ц-ыг газар унагаж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь:

хохирогч Н.Г.Ц-ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...”2012 оны 6 дугаар сарын 18-ны шөнө Дархан-Өртөөний авто машины зогсоол руу Г.Ө- машинтайгаа орж явсан юм. Тэгэхэд нь түүнтэй мэндлэх гээд машиных нь баруун талын керлон дээр бөгсөөрөө налаад зогстол Г.Ө- гэнэт машинаа хөдөлгөөд урагш явсан. Тэгэхэд нь машинаас нь унах гээд сандарсандаа машины копуднаас нь зуурч байсан юм. Тэгээд нэг мэдэхэд би газар унасан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дахь тал/,

гэрч Г.Г.Э-ын:...”Тэр орой намайг тэнд байсан хүмүүстэй хамт зогсож байтал Түнтүүл буюу Г.Ц- Г.Ө-ын машины баруун талын керлон дээр суух шиг болсноо гэнэт л “хөөе хөөе” гэж дуугараад орилохоор нь хартал Г.Ө-ын машины баруун урд керлон дээр Г.Ц- хажуугаараа хараад суучихсан копуднаас нь зуурсан байдалтай байсан ба Г.Ө- машинаа хөдөлгөөд явж байсан. Тэгээд анх зогссон газраасаа ойролцоогоор 15 метр орчим газар яваад зогсоол руу орох гээд эргэх үед Г.Ц- керлон дээрээс буугаад хойшоогоо саваад уначихсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 32 дахь тал/,

гэрч Г.Г.Н-ийн:...”Г.Ц- гэдэг залуу Г.Ө-ын авто машины баруун талын керлон дээр нь суухад Г.Ө- машинаа зогсоолгүй ойролцоогоор 10 метр газар зөөлөн явсан. Тэр үед Г.Ц- машины копуднаас нь зуурч байснаа гэнэт үсрээд хойшоо буусан юм. Буухдаа хойшоогоо толгойгоороо саваад газар унасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 35 дахь тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 598 тоот актын

1. “Н.Г.Ц-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан дээрх  цусан хураа, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 26 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Иймд ***** Г.Ө-ыг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г.Ц- нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Г.Г.Ө-оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

 

Шүүгдэгч Г.Г.Ө- нь урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байжээ.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар тэрээр ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Г.Г.Ө- өмнө ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал арилсан, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ***** Г.Ө-ыг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар ***** Г.Ө-од 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Г.Ө-од оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Г.Г.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Г.Ө-од энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Г.Ө-од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Г.Г.Ө-од мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г.Ө-од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

       

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г.Ө-од авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                           Ё.РИНЗААН