Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2011 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 03

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,

хохирогч Б.Б., Х.А.,

хохирогч нарын өмгөөлөгч Ж.Туяа,

шүүгдэгч А.К. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт Б. овогт А.ийн К.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123521 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Б. овогт А.ийн К., /РД:****/, 19** оны **-р сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сум **-р баг Ханжаргалантийн ** тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.

 

Шүүгдэгч А.К. нь 2011 оны 9 сарын 18-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сум ** дугаар баг Ханжаргалан ** тоот хашаан дотор согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хойд эцэг болох Б.Б.ыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, ****ДАР улсын дугаартай авто машиныг эвдэлж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.К. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эмээ нас барахаасаа өмнө байшингаа эд хогшилтой нь надад өгсөн. Тэгтэл 2009 оны 11 дүгээр сард би Турк улс руу ажиллахаар яваад 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ирэхэд ээж өөрийнхөө байшинг зараад эмээгийн маань байшинд амьдарч байсан юм. Тэгээд би ээжид хандан байшиндаа ормоор байна гэж хэлэхэд ээж надад үгүй гэж хэлсэн юм. Мөн ээж надад подволоо зарахаар болсон юм. Тэгтэл намайг авах гэхэд ээж уг подволоо хүнд түрээслүүлсэн гэсэн. Энэ асуудлаас болж 2011 оны  9 дүгээр сарын 18-ний өдөр ээжтэйгээ маргалдсан юм. Тэрнээс биш би хойд эцэг Б.ын машиныг эвдэж хэмхэлээгүй” гэв.

 

                 C:\Documents and Settings\User\Desktop\À.Êàìçàáàé  153.1-.doc

Хохирогч Б.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр К. манайд ирээд ээж А.тэйгээ уулзсан юм.  Тэгээд маш их ууртай гараад явсан. 2011 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр 22 цагийн үед К. согтуугаар тамхи татсан манайд орж ирээд миний шанаа руу гараараа нэг удаа цохиод авахад нь би түүнд хандан зүгээр байгаач гэхэд надад хандан чамайг ална гээд тоосго аваад миний толгой руу нэг удаа мөн түмпэн аваад толгой руу нэг удаа цохисон юм. Миний хамар луу бас нэг удаа цохиж цус гаргаад гадаа байсан миний машины зүүн булан руу модоор цохиж хонхойлгосон юм. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул К.тай эвлэрэхэд дургүйцэх зүйл байхгүй. Одоо эвлэрсэн гэж үзэж болно” гэв.

 

Хохирогч Х.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ““Манай хүү К. тэр өдөр согтуу орж ирээд агсан тавьсанд нь гомдож байна. Яг юунаас болж ийм явдал болсон гэвэл “К. надад хандан “ээжээ та надад 1.000.000 төгрөг зээлээч гэхэд нь би байхгүй гэхэд тэгвэд 500.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн юм. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор би зээлэх боломж байгаагүй. Үүнээс л болж энэ гэмт хэрэг гарлаа. Тэр байшингийн талаар явдаг газраараа явж байж надаас авна биз би байшингаа К.д өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:

            Хохирогч Б.Б.ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, /хэргийн 21 дүгээр хуудас/,

            Хохирогч Х.А.ийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Д.Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хэргийн 36 дугаар хуудас/,                                     

            Гэрч М.Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹910 тоот дүгнэлт. /хэргийн 42 дүгээр хуудас/

Шүүгдэгч А.К.гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 68 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.К. нь 2011 оны 9 сарын 18-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сум ** дугаар баг Х **тоот хашаан дотор архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эх Х.А.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хойд эцэг болох Б.Б.ыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн санаатайгаар Х.А.ийн өмчлөлийн ****ДАР улсын дугаартай автомашиныг гэмтээсэн зэрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б.ын “... 2011 оны 09 сарын 18-ний орой 22.00 цаг өнгөрч байхад согтуу тамхи татсан орж ирсэн. ... тамхи аваад гэрээс гарах гэтэл А.К. татаж байсан тамхиа шидсэн эргээд харсан чинь миний араас ирж зүүн шанааруу гараараа цохиод авахад нь “яаж байнаа зүгээр бай” гэсэн чинь “чамайг ална муу Монгол” гэхээр нь гарыг нь барьж байгаад гарыг нь алдсан чинь тоосго өрөх гэж байсан тоосго аваад миний толгой руу нэг удаа, түмпэнгээр толгой руу нэг удаа цохьсон. ... тоосго барьсан гараараа хамар луу нэг удаа цохиж цус гаргасан. Гадаа байх үедээ ****ДАР улсын дугаартай автомашиныг модоор зүүн хойд булан луу нь цохиж хонхойлгосон” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

хохирогч ХА.ийн “2011 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр К. гэрт согтуу орж ирээд нөхөр Б.ыг барьж авч зодсон. ... гараараа мөр лүү нь цохисон чинь Б. К.г араас тэвэрч авахаар нь би гэрээсээ гараад хажуу талын хашаанд байдаг дүүгээ дуудсан. ... буцаад гэртээ ороход Б.ын хамраас цус гарсан К.г тэвэрсэн хэвээрээ байсан. ... Удалгүй хүн хашаа даваад ороод ирсэн би гэрийнхээ цонхоор харахад К. миний машинлуу юм авч шидээд өшиглөж байсан. Модон зузаан тог тусгаарладаг материалаар цохьсон. Ар талын багажны хаалгыг өшиглөж хонхойлгосон. Миний машины зүүн ар тал, баруун хойд талын хажуу хэсэг, багажны хаалга зэрэг 4 газрыг гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Д.Б.ийн “... 2011 оны 9 сарын сүүлээр А.ийн ажил дээр очсон чинь машин нь үүдэн дээр байсан. Машины зүүн хойд талын булан гэрлийн дээд хэсэгт дотогшоо хонхойсон баруун талын хажуу тал нь бас хонхойсон байсан. Машин чинь яасан юм бэ гэхэд манай эрх хүүхэд ингэчихсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,

гэрч М.Б.гийн “2011 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр би Дархан сум **-р баг ** дүгээр байрны гадаа очиж машиныг нь данхраадаж үзэхэд өндгөн тулгуур нь дуугарсан байсан ба эргэж тойрч үзэхэд машин нь ямар ч сэвгүй байсан. 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ** дүгээр байрны гадаа очоод машиныг нь үзэхэд зүүн хойд талын хажуу талд хонхойсон, хойд талдаа хоёр жижиг хонхойсон байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹910 тоот “Б.Б.ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр, хуйхан дахь зөөлөн эдийн зулгаралт, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, эрүүл мэндийг сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн  54 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.К., хохирогч Х.А. нарын хувийн таарамжгүй харьцаа буюу эд хөрөнгийн маргаан нөлөөлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хохирогч Б.Б., Х.А. нар нь шүүгдэгч А.К.гаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна гэж дүгнэлээ.

 

Хохирогч Б.Б. нь сайн дураар шүүгдэгч А.К.тай эвлэрч байгаа тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгч А.К.г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, Б.Б.т төлөх төлбөргүй байгаа байдлыг харгалзан шүүгдэгч А.К.гийн Б.Б.ыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч А.К. нь бусдын эд хөрөнгийг буюу Х.А.ийн өмчлөлийн ****ДАР улсын дугаартай автомашиныг гэмтээсэн нь нотлогдон тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.К.г анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг ял шийтгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б. овогт А.ийн К.г бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б. овогт А.ийн К.д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар Бота кара овогт А.ийн К.г 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.К.д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар А.К. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.К. нь бусдад төлөх төлбөргүй дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар А.К.д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар А.К.д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар А.К. нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.К.д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.АЛТАНХУЯГ