Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2026/0327

 

Ш.М-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн, 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Ш.М

Нэхэмжлэгч: Ш.М

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-04/61 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0031 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ш.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 110/2026/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:     

1. Нэхэмжлэгч Ш.М-аас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-04/61 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0031 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-04/61 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ш.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. “... намайг шүүхийн шийдвэрийн дагуу өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилсон захирамжийн 3 дахь хэсгээр тус газрын даргын ажлаас чөлөөлөгдсөн Д.А-ийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь аймгийн Засаг дарга биш бөгөөд тухайн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу нэхэмжлэгчийг бололцоотой тохиолдолд өөр ажлын байраар хангах үүргийг томилох эрх бүхий этгээд болох газрын дарга бие дааж хэрэгжүүлнэ. Аймгийн Засаг дарга Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан хаагчдыг томилох эрх бүхий этгээд биш болохын хувьд Б/40 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр Д.А-ийг ажилтай болгохыг газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь эрх хэмжээгүй этгээдээ гаргасан хууль бус шийдвэр юм.

Уг захирамж гарсан тухайн үед 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу хууль бус шийдвэрийг биелүүлэх үүрэггүй юм.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга буюу томилох эрх бүхий этгээдийн хувьд Б.А-ийг бололцоотой тохиолдолд ажлын байраар хангах үүргийг хуульд зааснаар бие даан шийдвэрлэх эрхтэй тул эрх хэмжээгүй этгээдээс гаргасан шийдвэрийг биелүүлэг үүрэг хүлээхгүй. Иймд хуульд заагаагүй, зөвшөөрөөгүй асуудлыг намайг биелүүлсэнгүй гэж хариуцлагыг үүрүүлж байгаа нь үндэслэлгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад шүүх дээрх байдлаар дүгнэж байгаа нь буруу гэж үзэхээр байна.

Шат шатны шүүхээр Засаг дарга аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад тус газрын ажилтныг ажилд томилох тушаал өгч болох эсэхэд анхан шатны шүүх тийм эрх хэмжээ байхгүй гэж шийдсэн боловч ажилд томилоогүй эс үйлдэхүй байна гэж үзсэн. Үүнийг дараа дараагийн шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Засаг дарга намайг эгүүлэн томилохдоо эрх хэмжээгээ хэтрүүлэн хуульд заагаагүй үүрэг хүлээлгэснийг анхан шатны шүүх дүгнэсэн атлаа үүнээс улбаалж гарсан асуудлыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж авцалдаагүй логикгүй шийдвэр гаргасан. Энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 341 дүгээр тогтоолын үндэслэх хэсгийн 14-т “Түүнчлэн, энэ маргаанд шууд холбогдох буюу дээрх албан тушаалд ажиллаж байсан Ш.М-ын зөрчигдсөн эрхийг сэргээж, түүнийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2026/0048 дугаар шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон, уг шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Засаг дарга биелүүлж, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Ш.М-ыг томилж, 3 дахь заалтаар нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг Ш.М-д үүрэг болгосон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна гэж дүгнэснээс илт харагддаг буюу тус хэрэгт хариуцагчаар орсон миний бие өмгөөлөгчийн хамт Засаг даргад дээрх эрх хэмжээ байхгүй гэж маргасан нь шүүхийн шийдвэрт ч тодхон үлдсэн зүйлийг үгүйсгэж эсрэг дүгнэлт хийсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж заасан. Төрийн албан тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол” гэж зааснаар Д.А-ийг төрийн албанаас хууль бусаар чөлөөлсөн, халсан тушаалыг Ш.М миний бие гаргаагүй, гэм буруугүй тул уг тушаалаас үүдэн гарсан хариуцлагыг хуульд зааснаар хүлээх үндэслэлд хамааралгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0031 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Ш.М-аас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-04/61 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Д.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0030 дугаар шийдвэрээр “... тус газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний албан тушаалд Д.А-ийг томилон ажиллуулахыг тус газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4,060,280 төгрөгийг тус газрын төсвөөс гаргуулж” шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0389 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн байна.

Мөн Д.А-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох иргэний хэргийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2020/00445 дугаар шийдвэрээр “... 4,611,887 төгрөгийг гаргуулах, мөн нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 88740 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох”-оор шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрт Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 212/МА2020/00049 дүгээр магадлалаар “... 4,382,048.00 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 85,062 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох”-оор шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2021/000687 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

Дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/67, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар нийт 8,557,390 төгрөгийг Д.А-д олгосон байна.

Үүний дараа тус аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-ээс Ш.М-д холбогдуулан “Ш.М-аас 8,557,390 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах” тухай нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 110/ШЗ2025/0252 дугаар захирамжаар уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ц-1/1315 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах тухай” албан бичгийг Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газарт хүргүүлсэн.

Уг албан бичгийн дагуу, маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18-04/61 дугаартай “Хохирол барагдуулах тухай” актаар “... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 103.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсөвт учирсан хохирол болох 8,557,390 төгрөгийг газрын даргын Ш.М-аар төлүүлэх”-ээр акт үйлдсэн үйл баримтууд тогтоогдож байна.

4. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.12.2-т “... түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тус тус заасан.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, шүүхийн шийдвэрээр Ш.М-ын эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон, улмаар учирсан хохирлыг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын цалингийн зардлаас барагдуулсан нь нотлогдож байх тул хариуцагч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий актыг гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “Аймгийн Засаг дарга Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчдыг томилох эрх бүхий этгээд биш болохын хувьд Б/40 дүгээр захирамжийн холбогдох хэсгээр Д.А-ийг ажилтай болгохыг газрын даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь эрх хэмжээгүй этгээдээс гаргасан хууль бус шийдвэр юм” гэж тайлбарлан маргасан.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

8. Маргаан бүхий актаар тогтоосон 8,557,390 төгрөгийн хохирлын асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн гаргасан “...өмнө нь Б/40 дүгээр тушаалын 3 дахь заалттай маргаж байгаагүй...” гэх тайлбар зэргээс үзвэл уг акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                      Г.МӨНХТУЛГА

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН