Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 26

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Хэргийн индекс:180/2017/0028/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга            Н.Болор-Уянга
Улсын яллагч                Ч.Батбаяр
Иргэдийн төлөөлөгч            Г.Уянга
Шүүгдэгчийн  өмгөөлөгч            Д.Гангантөгс, Б.Баярсайхан,
Шүүгдэгч                    Д.Энхбаяр нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамидинжавын Энхбаярт холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, 1972 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батширээт сумын Бэрх багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Шарайд овгийн Дамдинжавын Энхбаяр /РД:СБ72070714/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Энхбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг, Нисэхийн 02-15 тоотод иргэн С.Мөнхболдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн зүүн дал, зүүн бугалга, зүүн гарын шуу, зүүн гарын салааны зүсэгдсэн шарх бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:
      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.Мөнхболдын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Хурх тосгоноос Батширээт суманд ирж найз Болдоогийн гэрт хоносон. Маргааш нь  2016 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Болдоогийн гэрт Энхбаяр согтуу ирээд унтсан. Тэгээд бид нар бөөндөө унтаад маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өглөө Болдын эхнэр Урнаа хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явлаа гээд эрт гарсан. Тэгээд Болдоо, Энхбаяр бид гурав байж байхад өглөөний 9 цагийн үед Энхбаяр гарч яваад удалгүй 2 шил 0,75 литрийн ерөөл архи өмднийхөө тэлээнд хавчуулаад орж ирсэн. Тэгээд авчирсан архийг нь Энхбаяр бид хоёр хувааж уусан. 11 цагийн үед Урнаа орж ирээд бид 3-ийг архи уулаа гэж загнисан. Тэгээд Урнаа нөхөр Болдоогоо дагуулаад гэрээс гарсан. Тэгээд Энхбаяр бид хоёр үлдсэн тал шил архиа хувааж уугаад 12 цаг болж байхад архи дууссан. Архи ууж дуусаад би Энхбаярыг “одоо унт, унтаж амар, 2-лаа согтсон байна” гэж хэлсэн чинь Энхбаяр “миний унтах унтахгүй чамд ямар хамаа байдаг юм” гээд бид хоёр муудалцсан, нэг харсан Энхбаяр хоолны шүүгээний дээр хутганы ком байсан тэрнээс цагаан өнгийн хутга над руу “ална” гээд дайраад байсан. Би хутгыг нь авах гээд авч чадаагүй. Миний баруун хацар, цээжинд, зүүн далны ойролцоо мөн баруун гарын долоовор хурууны үены хэсгээр зүссэн. Би гэрээс гарч зугтаагаад байшин тойроод Болдоогийн хашааны ар талын жижиг хаалгаар гарч баруун талын хашааны Даваанямын гэр рүү орсон. Даваанямын гэрт эхнэр Баярмаа бага хүүхэдтэйгээ 2-лаа байж байсан. Тэгээд  Баярмаа “та яацан юм бэ, хутгаар зүсүүлсэн байна ш дээ” гээд эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин ирээд сумын бага эмч Бумаажав намайг үзээд машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Энхбаяр бид 2-ын хооронд хувийн таарамжгүй харьцаа ёстой байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 20-24хуу/

Гэрч Б.Уранбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай хоолны шүүгээн дээр хутганы ком байдаг, энэ хурааж авсан хутга манай гэрийн хутга мөн байна, намайг гэрээ цэвэрлэж байхад үзүүр хэсэг нь ширээн доор, бариул нь угаалгын машины хажууд газар хэвтэж байсан. Хутганы үзүүр цус мэт улаан зүйл болсон байсан. Хураалгадаг цагаан өнгийн хутга өмнө нь эвдрээгүй бүтэн байсан. Энхбаяр, Мөнхболд хоёр манайд хонохдоо хоорондоо ямар нэг муудалцсан зүйл байхгүй байсан. Би нөхөртэйгээ 40-50 минутын хооронд яваад ирэхэд ийм зүйл болсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26хуу/

Гэрч Б.Болдын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр эхнэр 2 хүүхдээ аваад цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Мөнхболд, Энхбаяр бид гурав байж байгаад Энхбаяр өглөө 9 цагийн үед гарч яваад удалгүй 2 шил 0,75 литрийн архи аваад орж ирсэн. Би хот явах ажилтай байсан болохоор тэр архинаас уугаагүй, ганц хоёр хундага л уусан байх. Тэгээд 11 цагийн үед манай эхнэр орж ирээд бид 3-ыг архи уулаа гээд загнасан. Тэгээд Урнаа бид хоёр гэрээс гараад цэцэрлэгээс хүүхдээ авчихаад замаараа нэг айлаар орчихоод гэр рүүгээ явж байсан чинь замд Энхбаяр алхаж байсан. Би Энхбаяраас “хаачих гэж байгаа юм хүргээд өгөх үү” гэж хэлсэн чинь Энхбаяр “би танайд хутгаар хүн хатгачих шиг боллоо” гэж хэлэхээр нь би Энхбаярыг үлдээгээд гэртээ иртэл гэрийн шалаар цус болсон, гэрт хүнгүй байсан. Би сандраад баруун талын айл руу орсон чинь тэнд Мөнхболд сууж байсан. Мөнхболд “намайг Энхбаяр хатгасан, миний гар руу хатгаад нуруугаар зүссэн байх” гэж хэлсэн. Энхбаяр, Мөнхболд 2-н хооронд муудалцсан таарамжгүй харьцаа байгаагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 27-29хуу/

Гэрч Х.Баярмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр намайг хүүхдээ хараад байж байхад 12 цагийн үед Мөнхболд ах амьсгаадан орж ирсэн. Гарнаас нь цус гарч байсан, мөн нүүрнийх нь зүүн шанаа болон зүүн гарын булчингийн дотор талд нь зүсэгдсэн юм шиг байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33хуу/
Хохирогч С.Мөнхболдын биед үзлэг хийсэн Шүүх эмнэлэгийн дүгнэлтэд:
С.Мөнхболдын биед зүүн дал, зүүн бугалга, зүүн гарын шуу, зүүн гарын салааны зүсэгдсэн шарх, зүүн бугалга, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дээрх зүүн дал, зүүн бугалга, зүүн гарын шуу, зүүн гарын салааны зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын зөөлөн эдийн няцрал нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 42хуу/
Д.Энхбаярын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 13-ны орой үл таних 2 хүнтэй таараад 1 шил архи хувааж уугаад 00 цаг өнгөрч байхад Болдоогийнд ирж унтсан. Тэгээд маргааш нь Болдоогийн эхнэр Урнаа хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Гэрт Болдоо, Мөнхбат бид гурав үлдсэн. Тэгээд би 9 цагийн  үед гараад 2 шил архи 0,75 литрийн Ерөөл архи авч ирсэн. Болдоо бага хүүхдээ хот руу авч явах ажилтай гээд архинаас уугаагүй. Ганц хоёр хундага л уусан байх. Мөнхболд бид хоёр тэнцүү хувааж уусан. Тэгтэл Урнаа орж ирээд архи уулаа гэж уурлаад Болдоог дагуулаад гэрээс гарсан. Мөнхболд бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад самар явна, явахгүй гэж маргалдсан. Тэгсэн Мөнхбат намайг унт гэж хэлж байх шиг байсан. Би хажуу талын хоолны ширээн дээр хутганы ком байсан тэндээс хутга авсан байсан. Тэгсэн Мөнхболд миний хутгыг авах гээд бид хоёр муудалцаж байсан. Тэгээд Мөнхбат гэрээс гараад явж байх шиг байсан. Би Болдоогийн гэрээс гараад гудамжинд Болдоотой тааралдсан. Би Болдоод “хутгаар Мөнхболдыг хатгах шиг болсон” гэж хэлсэн. Тэгсэн Болдоо ум хумгүй машинаараа давхиад гэр рүүгээ явсан. Мөнхболд бид хоёрын хооронд ямар нэг өс хонзон, өр авлаг, хувийн таарамжгүй харьцаа байхгүй, тухайн үед тэр хутга ишнээсээ салаагүй бүтэн байсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгч Д.Энхбаяр нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин баг, Нисэхийн 02-15 тоотод иргэн С.Мөнхболдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн зүүн дал, зүүн бугалга, зүүн гарын шуу, зүүн гарын салааны зүсэгдсэн шарх бүхий бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Хохирогч С.Мөнхболдын ... Архи ууж дуусаад би Энхбаярыг одоо унт, унтаж амар, 2-лаа согтсон байна” гэж хэлсэн чинь Энхбаяр “миний унтах унтахгүй чамд ямар хамаа байдаг юм гээд бид хоёр муудалцсан, нэг харсан Энхбаяр хоолны шүүгээний дээр хутганы ком байсан тэрнээс цагаан өнгийн хутга над руу “ална” гээд дайраад байсан. Би хутгыг нь авах гээд авч чадаагүй. Миний баруун хацар, цээжинд, зүүн далны ойролцоо мөн баруун гарын долоовор хурууны үены хэсгээр зүссэн. Би гэрээс гарч зугтаагаад байшин тойроод Болдоогийн хашааны ар талын жижиг хаалгаар гарч баруун талын хашааны Даваанямын гэр рүү орсон гэх мэдүүлэг, Гэрч Б.Уранбилэгийн ... Манай хоолны шүүгээн дээр хутганы ком байдаг, энэ хурааж авсан хутга манай гэрийн хутга мөн байна, намайг гэрээ цэвэрлэж байхад үзүүр хэсэг нь ширээн доор, бариул нь угаалгын машины хажууд газар хэвтэж байсан. Хутганы үзүүр цус мэт улаан зүйл болсон байсан. Хураалгадаг цагаан өнгийн хутга өмнө нь эвдрээгүй бүтэн байсан гэх мэдүүлэг, Гэрч Б.Болдын ... Тэгээд Урнаа бид хоёр гэрээс гараад цэцэрлэгээс хүүхдээ авчихаад замаараа нэг айлаар орчихоод гэр рүүгээ явж байсан чинь замд Энхбаяр алхаж байсан. Би Энхбаяраас “хаачих гэж байгаа юм хүргээд өгөх үү” гэж хэлсэн чинь Энхбаяр “би танайд хутгаар хүн хатгачих шиг боллоо” гэж хэлэхээр нь би Энхбаярыг үлдээгээд гэртээ иртэл гэрийн шалаар цус болсон, гэрт хүнгүй байсан. Би сандраад баруун талын айл руу орсон чинь тэнд Мөнхболд сууж байсан. Мөнхболд “намайг Энхбаяр хатгасан, миний гар руу хатгаад нуруугаар зүссэн байх” гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Х.Баярмаагийн ... 12 цагийн үед Мөнхболд ах амьсгаадан орж ирсэн. Гарнаас нь цус гарч байсан, мөн нүүрнийх нь зүүн шанаа болон зүүн гарын булчингийн дотор талд нь зүсэгдсэн юм шиг байсан. Би эмнэлэгт дуудлага өгсөн гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь энэ гэмт хэргийг хувийн сэдэлттэйгээр үйлдэгдсэн гэж мэтгэлцсэн боловч хохирогч  С.Мөнхболдын “... архи ууж дуусаад би Энхбаярыг одоо унт, унтаж амар, 2-лаа согтсон байна” гэж хэлсэн чинь Энхбаяр “миний унтах унтахгүй чамд ямар хамаа байдаг юм гээд бид хоёр муудалцсан, нэг харсан Энхбаяр хоолны шүүгээний дээр хутганы ком байсан тэрнээс цагаан өнгийн хутга аваад над руу “ална” гээд дайраад байсан. Би хутгыг нь авах гээд авч чадаагүй. Миний баруун хацар, цээжинд, зүүн далны ойролцоо мөн баруун гарын долоовор хурууны үены хэсгээр зүссэн. Би гэрээс гарч зугтаагаад ...” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр догшин авирлаж танхайрсан болох нь тогтоогдож байх тул хувийн сэдэлттэй гэж үзэх боломжгүй юм.
Иймээс аймгийн Прокурорын газраас Д.Энхбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэх оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хэргээ сайн дураар хүлээн мэдүүлдгүй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан ял шийтгэл онодуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хохирогч нь ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шарайд овгийн Дамдинжавын Энхбаярыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Энхбаярт  05 жил 01 сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энбхаярт оногдуулсан 05 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхбаярын цагдан хоригдсон 09 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

7.Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Энбхаярт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.МӨНХТУЛГА

                  ШҮҮГЧ                         Д.ГАНЗОРИГ

                  ШҮҮГЧ                  Л.УЯНГА