Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2019/0031

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, шүүгч Ч.Одсүрэн, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Б нарын төлөөлөн нэхэмжлэгч Э Н Х ТББ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн У сумын  И Т Х холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэн Б.Б нарын төлөөлөн нэхэмжлэгч Э Н Х ТББ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагч Төв аймгийн У сумын  И Т Х-ын дарга Л.Даваасүрэн, гуравдагч этгээд Бор өндрийн хишиг нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов. Иргэдийн төлөөлөгч Г.Булгамаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч Архуст сумаас ирээгүй ба талууд иргэдийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгасантай холбогдуулан сумын Засаг дарга Р.Батбаяр шүүх хуралдаанд хариуцагчаар оролцох шаардлагагүй тул танхимаас гарав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талд холбогдуулан өмнө нь дөрвөн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс ЗХШХШТ Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа  багасгаж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс эхлээд Төв аймгийн У сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн У сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах зэрэг  нэхэмжлэлийн шаардлагуудаа багасгаж зөвхөн  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа үлдээж байна. 09 тоот тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  И Т Х-ын зүгээс гарах ёсгүй тогтоол ба манайхаас гараагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ хүлээн зөвшөөрсөн үндэслэл дээр нь хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүссэн юм.

 

Нэгд. нэхэмжлэгч нарын эрх ашгийн хувьд 02, 09 тоот тогтоолууд гарснаараа эргэлзээ бүхий байдал үүсгэсэн. Энэ хурал хийгдсэн юм уу, үгүй юм уу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл явж байгаа. дээр нь нэхэмжлэгчийн эрх ашгийн хувьд тусгай хэрэгцээнд авсан газарт тодорхой хүн амьдрах, мал билчээрлэх, зусланд гарах бусад эрх ашиг хөндөгдөж байгаа. Хариуцагчийн зүгээс уг тогтоолыг гаргаагүй, тухайн өдрийн ээлжит бус 2 дугаар хурлаар 2 асуудал хэлэлцэж 1, 2 дугаар тогтоол гаргасан. 09 тоот тогтоол гэж манай хурлаас гараагүй гэх асуудлыг өмнөх хурал дээр тайлбарлаж ярьдаг. 09, 02 тоот тогтоолууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай,  1.2 дахь заалтад бичгээр гаргасан захиргааны актын баталсан байгууллага нь тодорхойгүй гэсэн энэ шинжид хамаарч байгаа. Яагаад утга агуулгын хувьд илэрхий алдаатай вэ гэхээр иргэдийн төлөөлөгчдийн хурал ээлжит болон ээлжит бус хурал хуралддаг. Ээлжит хурал хуралдаад 01-08 тоот хүртэл тогтоолууд гарсан гэдгийг тайлбарлаж ярьдаг. Гэтэл ээлжит бус хурал хуралдаад 01, 02 тоот тогтоол гарсан байдаг. Ээлжит болон ээлжит бус хуралдаанаар 09 тоот тогтоолыг гаргасан ямар ч асуудлыг хэлэлцсэн зүйл байхгүй. Тэгэхээр энэ нь утга агуулгын хувьд ойлгомжгүй байдал илэрхийлж байна. хуралдаанд тайлбарлахдаа манайхаас 02 тоот тогтоол гарсныг бичиг үсгийн алдаа гаргаад 09 гээд биччихсэн гэж тайлбарладаг. Гэтэл бичиг үсгийн алдаа гараад түүнийгээ зассан бол аль нэг нь хүчингүй болох байсан. Нэг ижил агуулгыг 2 тогтоолоор цаашилбал 3 тогтоолоор шийдвэрлэх эрх зүйн боломжийг бий болгосон. Тэгэхээр 02, 06, 09 гэсэн гурван тогтоол иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан байдаг. Яг энэ 09 тоот тогтоолд дурдагдсан үндэслэлийг шийдвэрлэсэн. Ингээд ижил хэмжээний гурван акт гарч ирсэн. Энэ ижил хэмжээний гурван актын талаар шүүх хуралдаан хуралдаад, хурлын дундуур шүүхээс асуулт тавьсан, миний бие асуулт тавиад иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ гурван тогтоолын яг аль нь эрх зүйн үндэслэлтэй вэ гэх асуудлыг тавьсан. Энэ асуудлыг тавихад 02 тоот тогтоол л манайхаас гарсан, 09 гэж гараагүй 09-ийг бичгийн алдаа гаргасан. Ийм тогтоол байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. 06 тоот тогтоолоо юу гэж тайлбарласан бэ гэхээр 02 тоот тогтоол дээрээ өөрчлөлт оруулсан юм аа гэж тайлбарлаад 02, 06 тоот тогтоолууд нь хүчин төгөлдөр гэж маргадаг. Энэ маргаан энэ чигээрээ үргэлжилсэн. Үүнийгээ хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрч явж байгаа учраас энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрхийн асуудал гэж үзэж байсан. Тэгэхээр 09 тоот тогтоолоор шийдвэрлэсэн гээд байгаа асуудлыг, хүчин төгөлдөр шийдвэрлэсэн 02, тодорхой зүйлүүд дээр нэмэлт оруулсан гэж тайлбарлаад байгаа 06 тоот тогтоол гээд тайлбарлаж байхад яагаад 09 тоот тогтоол хууль зүйн үндэслэлтэй, илт хууль бус шинжгүй гэж үзэх нь асуудалтай. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн, хөндөгдөөгүй гэдэг асуудлаар ярилцсан. Тэгэхээр 09 тоот тогтоолоор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй. 09 тоот тогтоолыг гуравдагч этгээдэд зориулж аваагүй. Хэрэв гуравдагч этгээд ирээдүйд болох кадастрын хэлтэст миний эрх ашиг хөндөгдөнө гэж байгаа бол ирээдүйд болох үйл баримтыг энд суугаад дүгнэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс 09 тоот тогтоолоо бид засчихна гэдэг асуудал тавьж байна. Угаасаа засна гэдэг асуудлыг өмнөх шүүх хурлаар ч гэсэн ярьсан. Засаад 02 тоот тогтоолоо хүргүүлчихсэн Тэгэхээр үүнд гуравдагч этгээдийн эрх ашиг ерөөсөө байхгүй. Тийм учраас энэ 09 тоот тогтоолыг илт хууль бус акт болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд өгсөн нэхэмжлэл, хуралдаанд гаргасан тайлбартаа: 04 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар 05 дугаар сарын 08-ны Засаг даргын 142 тоот бичгийг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Тэгээд Ашигт малтмалын газар 13-ны өдрийн хурлын хавсралт 2 хуудастай 3 хуудас материал ирсэн гэдэг. Дараагийн 28-ны өдрийн хурлын материал нь 142 гээд хавсралтгүй ирсэн гэдэг. Дараа нь дахиад 142 гээд ээлжит бус 2 дугаар хуралдааны материал гээд ирсэн байдаг. Ингээд үндсэндээ Ашигт малтмалын газарт сумын Засаг дарга 3 ширхэг 142 тоот материалыг өгсөн. Д.Зоригтбаатар шүүгч хийсэн шүүх хурал дээр Засаг дарга 09 тоот тогтоолыг огт гаргаагүй гэж хэлсэн. Ер нь 09 тоот тогтоолыг мэдэхгүй гэж байснаа одоо бүгдээрээ нэг дуугаар алдаа байсан юм аа, хурлын нарийн бичгийн алдаа байсан гэж яриад байна. Үүнээс үзэхэд манай өмгөөлөгчийн хэлж байгаагаар нэг үйлдэл дээр 3 тогтоол гарсан байдаг. 06 тоот тогтоолыг тодотгосон гэдэг. Ашигт малтмалын газар 09 тоот тогтоолоор нь бүртгэсэн байдаг. 02 тоот тогтоолоо засаад явуулсан байлаа гэж үзэхэд 2017 оны 10 дугаар сард гуравдагч этгээд, Аймгийн Засаг даргад гомдол гаргасан байдаг. Аймгийн Засаг дарга нь ажлын хэсэг гаргаад ЗГ-ын бичил уурхайн зориулалтаар гаргасан 151 тоот тогтоолыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаад нөхөн сэргээлт хийх үүрэг өгсөн байдаг. Үүний дараа Захиргааны хэргийн шүүхэд хандаад, захиргааны хэргийн шүүх 02 тоот тогтоолоор олгосон бичил уурхайн байгуулсан гэрээнийхээ үүргийг хангаагүй учир Засаг даргын 142 тоот захирамжийг шүүхээс хүчингүй шийдвэр байдаг. Тэгэхээр 02 тоот тогтоолоор маргаан үүсээд яваад байдаг. 09 тоот тогтоолоор бүртгэсэн байдаг. Үүнд их эргэлзээтэй. Ер нь бид бүх л шатны байгууллагад хандсан. Ингэхлээр аливаа юманд төөрөгдүүлсэн нөхцөл байдалтай Засаг даргад нь 07 дугаар сарын 03-ны өдөр 151 нийцүүлээд явууллаа, 07 дугаар сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаагүй мөртлөө, оруулж хэлэлцэх гэх мэтийн асуудал гаргасан. Энэ бол анхнаасаа зохион байгуулалттай гэж үзэж байгаа. Үүнд гуравдагч этгээдийн ярьж байгаа 09 тоот тогтоолын талаар ярьсан. Ашигт малтмалын газраас 4 дүгээр сард авсан лавлагаагаар 09 тоот тогтоолоор бүртгэсэн гэж байгаа. Тэгсэн мөртлөө 2017 оны 12 дугаар сард 09 тоот тогтоолоор бүртгэсэн гэж байсан. 09 тоот тогтоол бол өнгөрсөн 2018 оны 12 дугаар сард хурал болж байхад хариуцагч тал бид ийм тогтоол гаргаагүй гэж хэлж байсан. Одоо болохоор алдаа байсан юм гэж яриад л байна. Бидний хувьд анхнаасаа ухуулахгүй, хууль бус гэж явсан зорилго хэвээрээ байгаа. Энэ утга санааны хувьд 09, 02 хүчинтэй гээд толгой эргүүлээд байгаа асуудлыг хууль захиргааны байгууллагуудад өгөөд явж байгаа болохоор нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгасан гэж үзэж байгаа. Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг гаргаагүй болохоо хариуцагч байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2-т заасан илт хууль бус акт болохыг нотолж байна. Уг илт хууль бус тогтоолыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлтийг гаргасны дагуу Бор-Өндөрийн хишиг нөхөрлөл бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн У сумын  И Т Х-ын дарга Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 09 тоот тогтоолын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай гэдэг дээр  хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр 09 гэсэн нь бүртгэлийн техникийн алдаа тул хамаарахгүй гэж үзэж байна. Энэ нь 13-ны өдөр хуралдсан ээлжит бус 1 дүгээр хуралдаанаас гарсан тогтоолууд, 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан ээлжит бус 2 дугаар хуралдаанаас гарсан тогтоолын дугааруудыг тухайн үед тогтоолыг бүртгэж байгаа нарийн бичиг ажилдаа ороод 1 сар болж байсан учраас алдаа гаргасан байсан. Энэ хүүхэд сар гаран ажиллаж байх явцдаа тэргүүлэгчдийн хуралдаан болгон дээр тогтоолын дугаарыг үргэлжлүүлээд яваад байдаг гэж ойлгоод 2 өөр хуралдааны тогтоолыг холиод дугаарлачихсан. Залруулах гэж хийсэн хуралдаан биш. 2 дугаар хуралдаан хуралдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 13-ны өдрийн хуралдаан хуралдаагүй гэж хэлсэн. 13-ны хуралдаан хуралдсан бөгөөд дараа нь 28-ны өдөр ээлжит бус 2 дугаар хуралдаан хуралдсан. Энэ асуудлыг ээлжит бус 2 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудал юм. Өмнөх 13-ны ээлжит бус хуралдаанаар 7 тогтоол гарсан. 28-ны ээлжит бус 2 дугаар хуралдаанаас 2 тогтоол гарсан. Дараагийн 2 дугаар хуралдаанаар 01, 02 гэж шинээр дугаарлах байтал 1 дүгээр хуралдаанаас гарсан 7 тогтоолоо үргэлжлүүлээд 08, 09 гээд дугаарлачихсан байсан. 09 гэсэн дугаартай гэх тогтоолтой холбогдолтой үр дагавар гарахгүй, Ашигт малтмал газрын тосны газрын бүртгэлтэй маргаагүй байгаа учраас нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн бүртгэлийн алдаа гарсан. 3.5 га газрыг тусгай хэрэгцээнд аваад бүхэлд нь олборлолт явахгүй. Яг энэ Бор өндрийн хишиг нөхөрлөлд 0.5 га газарт олборлолт явуулахаар шийдвэрлэсэн. Түүнээс 3.5 га газарт бүгдэд нь өгөөгүй, Ашиглалтын нийт талбай нь 3.5 га бөгөөд тэнд машин техник байрлуулах гэдгээр олгоод яг олборлолт явуулах газар нь 0.5 га газар байгаа, 0.5 га газарт өөр нөхөрлөл Засаг даргатай гэрээ хийгээд орж болно, энэ иргэд анхнаасаа нөхөрлөл байгуулах, олборлолт хийх гэсэн юм гэж ярьж байгаагүй, одоо өөр юм яриад байна, Иймд бичил уурхайгаар тусгай хэрэгцээнд авсан асуудлаар 02 тоот тогтоол гарсан, түүнийг нь буруу дугаарлаад 09 гэсэн болохоор энэ 2 тогтоол яг ижилхэн байгаа, бид 09-дугаарыг залруулаад 02 гэж дугаартайгаар Ашигт малтмалын газарт дахин хүргүүлсэн гэжээ.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал өнөөдрийн шүүх хуралдаанд захиргааны ганцхан үйл ажиллагаа дээр маргаж байгаа. Аливаа этгээд нэхэмжлэл гаргах гэж байгаа бол өөрт хамаарах асуудлаар буюу өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд нэхэмжлэл гаргана. Гэхдээ ганц тохиолдолд өөрийнх эрх ашиг хөндөгдөөгүй байхад нэхэмжлэл гаргах эрхтэй. Тэр нь 3 дугаар зүйлийн 1.9-д заасан. Үүний өөрийнх агуулга нь юу гэхээр нийтийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй байгууллага 3-аас доошгүй жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, тухайн үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад тэр зүйлдээ нэхэмжлэлээ гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нар нь төрийн бус байгууллага бус иргэд учраас тэдгээр нь зөвхөн өөрт хамаарах асуудлаар нэхэмжлэлээ гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч 9 иргэний эрх хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн бэ гэдэг зүйл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа. Тэдгээрийн эрх ашиг хөндөгдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Тухайн захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хүртэл үндэслэлгүй. Үнэхээр эрх нь зөрчигджээ гээд нэхэмжлэл гаргаж болно. Яг өнөөдрийн байдлаар тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэртэй холбогдуулаад аливаа этгээдийн үйл ажиллагаа хязгаарлагдсан үүний улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн ийм тохиолдол байхгүй. Хэрэв байгаа бол үүнийг ярина, байхгүй байгаа учраас нэхэмжлэгч бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Тавьж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ч гэсэн учир битүүлэг юм гэж хэлмээр байна. Утга агуулга гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан үндэслэлүүдийг тайлбарлалаа. Миний хувьд 2 дахь заалтыг хэлсэн батлан гаргасан этгээд хуралдаан биш, хуралдаан бол батлан гаргасан этгээдийн үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Харин утга агуулгын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан заалтыг хэрэглэхүйц болохоор байна. Тэгэхээр уг хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар утга агуулгыг өөрчилж болно, өөрчилбөл тухайн этгээдэд нь мэдэгдэнэ, зөвшөөрлөөр нь хүсэлтээр нь өөрчилнө ингээд өөрчилсний дараа бусад тухайн актын хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд мэдэгдэнэ гэсэн үүргийг заасан байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны актын утга агуулгыг засч болно. Харин засахдаа утга агуулгыг засахгүйгээр захиргааны актыг засч болдог. Бичилтийн алдаа бол өөр зүйл. Тэгэхээр ингэж үзэхээр өнөөдрийн яриад байгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан захиргааны байгууллагын үйл ажиллагааны актын өөрийнх утга агуулга юу вэ гэхээр тухайн солбицол бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ийм л утгатай. Тэгэхээр нэхэмжлэгч дугаарлалт болон өөр техникийн шинжтэй асуудал утга агуулгад нөлөөлнө гэж тайлбарлаад байна. Жишээ нь ромбо тоогоор бичсэн байна, 02 тоотыг 09 тоот болгоод биччихсэн байна, 1, 2 дугаар гэдгийг алдаатай бичсэн байна, өөр бусад таслал цэг орхичихсон байна гэж бодъё. Түүнийг өөрчилж болдог гэж бодъё. Захиргааны актын өөрийнх нь зорилго 4 цэг байгаа, тэр 4 цэг бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулиар өөрчлөөд ромбо тоог нь өөрчлөөд 02-ийг 09 болгоё, 09-ийг нь 02 болгоё, 1 дүгээр хуралдааныг нь 2 дугаар хуралдаан болгоё, 2 дугаар хуралдааныг 1 дүгээр хуралдаан болгоё. Өөрийнх нь утга агуулга нь өөрчлөгдөж байна уу. Энэ хэнд ч ойлгомжтой. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглээд үзэхээр утга агуулгыг өөрчлөхгүйгээр бичилтийг янзалж засч болно гэж байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэл нь бичилтэд хамааралтай. Түүнээс биш утга агуулгад хамаагүй зүйл. Хэрэв утга агуулга нь өөрчлөгдвөл тусгай хэрэгцээнд биш болоод, солбицлууд нь өөрчлөгдөөд, ихэсч, багасах зэрэг өөрчлөлтүүд гарсан тохиолдолд утга агуулгын алдаа болно. Гэхдээ алдаа нь илэрхий байвал илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч болно. Гэтэл үүнд хамаарахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг өөрийнх нь үндэслэл нь хуульд нийцэхгүй байна. Дээрээс нь нэмж хэлэхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Тухайн тусгай хэрэгцээнд авсан газар дээр өөр этгээд хуульд нийцсэн ажиллагаа явуулах нь эрх хязгаарлагдаагүй, эрх нээлттэй гэж бодож байна. Нэхэмжлэгч тухайн тогтоол бүхий газар дээр үйл ажиллагаа явуулахад явцуу хүрээнд буюу нэхэмжлэгчдийн, нийтлэг хүрээнд хэлэх юм бол тухайн сумын иргэдийн үйл ажиллагаа явуулах эрх нь зөрчигдөж байна гэж тайлбарлаж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ер нь тухайн газар үйл ажиллагаа явуулъя гэвэл Засаг даргатай гэрээ байгуулдаг,  И Т Х тийм эрх үүрэг байхгүй. Засаг дарга нь гэрээ байгуулаагүй бол түүнтэй нь маргах эрх нь нээлттэй. Тэгэхээр ийм байдлаар хандаж эрхээ хэрэгжүүлсэн ийм үйл баримт хавтаст хэрэгт нотлогдохгүй байна. Харин зүгээр ийм эрхээ эдлэхэд тодорхойгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь тухайн нөхцөл байдал бүрдсэн үү, үгүй юу гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх нь бодитой хөндөгдөөгүй байна. Харин Бор өндрийн хишиг нөхөрлөлийн хувьд хуульд заасны дагуу гэрээгээ байгуулаад, нийгмийн хариуцлагын хүрээнд эрх үүргээ хүлээсэн байгаа. Дээрээс нь мөнгөн төлбөрийн хэмжээгээр орон нутагт нөхөн сэргээлтийн 10 сая төгрөгийг байршуулсан. Үүнээс үзвэл хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хэлж байгаагаар эрх ашиг нь огт хязгаарлагдаагүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн Б.Б, Ч.Ц, Б.Э, Б.Б, Э.Б, Я.Ц, Т.Э, Ч.Н, Ж.З нарын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгосон итгэмжлэл болон 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шинэчлэн олгосон итгэмжлэлээр тухайн иргэдийг төлөөлөн Э Н Х ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгаас шүүхэд хандан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай тогтоол-ыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн У сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж[2], мөн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн [3],

Мөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02, 09, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, харин шүүх хуралдаанд энэхүү нэхэмжлэлийн зарим шаардлагаа багасгаж зөвхөн Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай гэсэн шаардлагаа үлдээж нэхэмжлэлээ тодорхойлсон тул шүүх энэхүү шаардлагын тухайд авч хэлэлцлээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаж байгаа Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг авч үзвэл: Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай мэдээллийг хэлэлцээд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 16 дугаар зүйлийн 16.1.11 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 1-рт Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил талбайн хэмжээ, солбицолыг нэгж талбараар нь 1 дугаар хавсралтаар баталж, 2-рт ... газрыг 5 жилийн хугацаатай тогтоож, 3-рт ... газарт үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан нөхөрлөлүүдтэй хууль, журмын хүрээнд гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргад даалгаж, 4-рт ... Засгийн газрын журмын хэрэгжилтэд хяналт тавьж, төсөвт орох татварыг гэрээнд заасан хугацаанд төвлөрүүлж заавар , зөвлөмж өгч ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож, 5-рт Нөхөрлөлийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн үр дүнтэй байлгах үүднээс аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгаж, 6-рт Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын  И Т Х-ын Тэргүүлэгчдэд үүрэг болгоод, хавсралтад зааснаар нийт 3,5 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар заажээ. /х.х 4-ийн 113/

Харин сумын  И Т Х-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдааны 30 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар сумын  И Т Х-ын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Баасан гаригийн 10:00 цагт хийхээр тогтоож, 2 дугаар заалтаар 1. Сумын 2017 оны төсөв тодотгон батлах тухай, 2. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоож шийдвэрлэсний дагуу  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хоёрдугаар хуралдаан нийт төлөөлөгчдийн 71.4 хувийн ирцтэйгээр хуралдаж, 2 асуудлыг хэлэлцээд Сумын 2017 оны төсөв тодотгон батлах тухай 01 тоот тогтоол, Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай 02 тоот тогтоолыг тус тус батлан гаргасан болох нь Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл, хэлэлцэх асуудал тогтоосон 30 дугаар тогтоол,  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х 1-ийн 98-126/

Мөн дээрхи  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот тогтоол 09 гэсэн тогтоолын заалтууд нь нэгэн адил, хавсралтад заасан орон нутгийн тусгай хэрэргцээнд авч буй газрын солбицол болон тогтоолд үг үсэг, утга, агуулгын зөрүүтэй зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан 02, 09 гэсэн хоёр тогтоол болон энэ өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх бөгөөд уг хуралдаанаас Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай 02 тоот тогтоолыг гаргасан болохоос 09 тоот тогтоол гэж гараагүй болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзвэл хариуцагчаас удаа дараа шүүхэд өгсөн сумын  И Т Х-ын ээлжит болон ээлжит бус хуралдаанаар 09 тоот тогтоолыг гаргаж, ямар ч асуудлыг хэлэлцсэн зүйл байхгүй, 02 тоот тогтоол л манайхаас гарсан, 09 гэж тогтоол гараагүй, 09 гэсэн дугаар нь тухайн үеийн шинээр ажилд орсон нарийн бичгийн даргын буруу дугаарласан  техникийн буюу бичгийн алдаа, тийм ч учраас бид Ашигт малтмалын газарт буруу дугаарласан 09 гэсэн тогтоолыг залруулж 02 тогтоолыг бас хүргүүлсэн гэсэн тайлбар үндэслэлтэй болох нь Ашигт малтмал Газрын тосны газарт шүүхээс үзлэг хийж авсан сумын Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 142 тоот албан бичгээр 09, мөн дахин 142 тоот албан бичгээр 02 тоот тогтоолыг бичил уурхайн дүгнэлт гаргуулахаар тус тус хүргүүлсэн /х.х 4-ийн 112-120/ зэрэг хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн 09 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар утга агуулгын хувьд илэрхий алдаатай,  1.2 дахь заалтад бичгээр гаргасан захиргааны актын баталсан байгууллага нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг авч үзвэл: дээрхи байдлаар  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаас 02 тоот тогтоол батлагдаж гарсан нь тогтоогдож байхад 09 гэсэн дугаартай тогтоол гараагүй буюу уг хуралдаанаас гарсан 02 тоот тогтоолын дугаарыг андуурч буруу дугаарласан 09 гэсэн дугаартай хуулийн хүчин төгөлдөр бус тогтоолыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай,  бичгээр гаргасан захиргааны актын баталсан байгууллага нь тодорхойгүй гэдэг талаар дүгнэх боломжгүй байх тул маргаан бүхий  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 гэх тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2-т заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нар нь  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааныг хуралдаагүй гэж маргадаг боловч уг хурал хуралдсан болох нь Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/284 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, 02 тоот тогтоолыг гаргасан эсэх талаар шалгасан гэрчийн мэдүүлгүүд, Төв аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 32 тоот Прокурорын тогтоол, гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэж зааснаар хариуцагч бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай 02 дугаартай тогтоолыг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ер нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн агуулгадаа хариуцагчийг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицолыг батлах тухай тогтоол гаргаж, уг газрыг Бор өндөрийн хишиг нөхөрлөлд бичил уурхайгаар ашиглуулах гэж шийдвэрлэсэн нь нутгийн уугуул иргэдийн төрж өссөн, төрөлх нутгийн маань шүтээн хайрханыг хэсэг бүлэг хүмүүс ухаж, ашигт малтмал олборлох гэж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчны эрх, ашгийг хөндөж байна гэж, мөн заавал ганцхан Бор өндрийн хишиг нөхөрлөлд биш нэхэмжлэгч нутгийн иргэд ч нөхөрлөл байгуулж бичил уурхайгаар ашиглах эрх ашгийг хөндөж байна гэсэн тайлбараас үзвэл уг газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, бичил уурхайгаар ашиглах гэсэн нь нэхэмжлэгч иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа нь тодорхой бус, харин ч өөрсдөө бичил уурхайгаар ашиглах гэсэн ашиг сонирхол байгаа мэтээр хоорондоо зөрүүтэй тайлбар өгч байна гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь дээрхи 02 тоот тогтоолтой маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Б нарын иргэдийн эзэмшил, өмчлөлийн газар нь дээрхи 02, 09 тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 3.5 га газартай ямарч давхцалгүй, байршил, хоорондын орон зай, хэмжээний хувьд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй болох нь Шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан маргаан бүхий Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 гэх дугаартай тогтоолын улмаас нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн аюулгүй орчинд амьдрах, малаа бэлчээрлүүлэх малчдын эрх, ашигт малтмал олборлох эрх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч иргэдийг төлөөлөн гаргасан Э Н ХТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Б, Ч.Ц, Б.Э, Б.Б, Э.Б, Я.Ц, Т.Э, Ч.Н, Ж.З нарын нэр бүхий 9 иргэний төлөөлөн нэхэмжлэгч Э Н ХТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын гаргасан Төв аймгийн У сумын  И Т Х-ын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЖИДМАА

ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН