| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/04 |
| Дугаар | 04 |
| Огноо | 2012-01-03 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш
шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Л ийн Э д холбогдох эрүүгийн 21123393 тоот хэргийг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Ч овогт Л ийн Э , /РД:..... /, 19... оны ..-р сарын ..-нд Булган аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт... сум ..-р баг ..-р хороолол ..... тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй.
Шүүгдэгч Л.Э нь 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шөнө Дархан сум ..-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэдээлэл Холбооны Сүлжээ” төрийн өмчит компанийн эзэмшлийн холбооны кабелийн сувагчлалын 2 эгнээ 421 метр буюу нийт 842 метр азбестан хоолойг 211 ширхэг холбогч муфьтийн хамт машин механизм хэрэглэн хулгайлж 1842250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр Олон улсын худалдааны төвөөс батальонлуу гэрлүүгээ явж байсан. Тэгээд явж байгаад замд газар доор байрлах худагтай таарсан. Би өмнө нь Шугам сүлжээнд ажилладаг байсан. Үйлдвэрийн тэнд хүмүүс тийм хоолой ухаад дотроос нь труба гаргаж Улаанбаатар хот руу аваачиж зардгийг нь мэддэг учраас ухаж авсан. Зах дээрээс трактор хөлсөлж ухуулсан. Машин хөлслөөд зах дээрээс ачих хүн авч ачуулаад Улаанбаатар хот руу авч явсан. Хохирол төлбөрт 1842250 төгрөг төлсөн. Улаанбаатар хотод аваачиж 1.040.000 төгрөгөөр борлуулсан. Хохирол төлбөрийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:
C:\Documents and Settings\User\Desktop\Ë.Ýðäýíýäàâàà 145.2-.doc
Үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 10-15 дугаар хуудас/,
Хохирогчоор тогтоогдсон Х.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 19-21 дүгээр хуудас/
Гэрч Б.Д ын мөрдөн байцаалтийн шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Ш.С гийн мөрпдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/,
Гэрч Э.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч Ш.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/,
Гэрч Ш.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/,
Гэрч Я.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 83 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай үнэлгээний тайлан. /хэргийн 85-89 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Л.Э нь 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шөнө Дархан сум 15-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэдээлэл Холбооны Сүлжээ” төрийн өмчит компанийн эзэмшлийн холбооны кабелийн сувагчлалын газрыг иргэн Ш.С гээр түүний өмчлөлийн .... ДАА дугаартай трактороор ухуулж 2 эгнээ 421 метр буюу нийт 842 метр азбестан хоолойг 211 ширхэг холбогч муфьт зэргийг хулгайлан авч нийт 1842250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Б ын “... 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот явж байхад манай Б.Э инженер над руу утсаар яриад Хүрээлэнгийн чиглэлд явсан манай сувагчлалыг танихгүй хүмүүс ухаад байна гэсэн мэдээлэл ирсэн гэж надад хэлж байсан юм. Тухайн үед хариуцаж байсан хүмүүс нь Зүүнхараа руу ажлаар явсан байсан бөгөөд бүүр орой нь ирэхэд сувагчлалуудыг бүгдийг нь газар доороос ухаад гаргаад тавьчихсан байсан гэж байсан. Хүрээлэнгийн урд талаас “Шунхлай” шатахуун түгээх станцын хажуу тал хүртэл газар доогуур явсан азбестан трубанаас 421 метр алдагдсан гэсэн хэмжээг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-21 дүгээр хуудас/,
гэрч Б.Д ын “... 2011 оны 6 сарын 24-ний өдөр би Биржийн авто машины зогсоол дээр зогсож байхад нэг залуу хүрч ирээд “Улаанбаатар хот руу труба ачуулах гэсэн юм” гэхээр нь “тэгье” гэхэд “би Олон Улсын Худалдааны төвийн хажуугаас труба ухаж байна орой дуусчих байх” гээд миний гар утасны дугаарыг аваад өөрийнхөө гар утасны дугаарыг өгчихөөд явсан юмаа. Шөнө 02 цаг билүү 03 цагийн орчим над руу утсаар яриад “Хүрээлэнгийн урд хүрээд ир” гэж хэлсэн. Би тэгээд машинтайгаа очиход Хүрээлэнгийн урдаас Дархан номингийн хажуу талын Шунхлай шатахуун түгээх станцын хажуу тал хүртэл ухаад гаргаад тавьчихсан байсан трубаг ачсан юм. Тэр трубануудыг ачиж дуусахад өглөө үүр цайж байсан. Тэгээд л шууд Улаанбаатар хот руу гарсан юм. Би тэгээд тэр залуугаас тээврийн зардал гээд 250000 төгрөг тухайн үед аваад салсан юм. ... хулгайн эд зүйл ачиж байна гэж мэдээгүй. Тэр залуу надад хэлэхдээ өдөр нь ухаж байна гэхээр нь хулгайн эд зүйл биш байна гэж бодсон юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 24 дүгээр хуудас/,
гэрч Ш.С гийн “... 2011 оны 6 сард намайг Бирж дээр зогсож байхад танихгүй залуу над дээр хүрч ирээд “Дархан сум 15-р багийн нутагт байрлах Хүрээлэнгийн хажуу талаас газар ухаж доороос нь труба гаргуулна” гэж хэлээд 2 хоног ажиллуулсан юм. Ингээд 2 хоног Хүрээлэнгийн наанаас Шунхлай шатахуун түгээх станц хүртэлх газрыг ухаж доороос нь трубануудыг гаргасан юм. ... хоёр хоног ухаж байхад ямар ч хүн ирээгүй болохоор нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Тэр залууг хариуцсан эзэн нь юм байх гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 25 дугаар хуудас/,
гэрч Э.Г ийн “... Э надад хэлэхдээ “Хүрээлэнгийн хажуу талд газар ухаж доороос нь труба гаргаж байгаа. Надад мөнгө хэрэгтэй байна 150.000 төгрөг зээлээч, трубагаа Улаанбаатар хотод зарчихаад зээлсэн мөнгөө 200.000 төгрөг болгож өгье” гэж надад хэлэхээр нь би 150.000 төгрөг өгч байсан юм. Мөнгө өгснөөс хойш 2 хоногийн дараа Улаанбаатар хотод очиж Гурвалжингийн гүүрний хажууд очиж авсан юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 26 дугаар хуудас/
гэрч Ш.Б ы “... би холбооны газар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм. Тэр өдөр 14 цагийн орчим хуучин Дархан явах гээд Мангиртаас машинд суугаад явж байхад Шунхлай шатахуун түгээх станцын хойно газар ухаж байхаар нь холбооны газар луу утсаар яриад Хүрээлэнгийн урд барилгын ажил хийгээд байна. Манайхаас зөвшөөрөл авсан уу. Манай кабель байгаа шүү та нар очиж үзээрэй гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 27 дугаар хуудас/
гэрч Ш.Э гийн “... манай холбооны ажилчид тэр өдөр Зүүнхараа руу ажлаар явчихаад Дарханд 22 цаг өнгөрч байхад ирэхэд “Хүрээлэнгийн чиглэлийн сувагчлалын трубаг хүмүүс ухаж аваад байна” гэж манайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан кабельчин Ш.Б ах бид нар луу утсаар ярьж хэлсэн юм. Тэгэхээр нь манай хэсэг ажилчид Хүрээлэнгийн хажууд очиход газрыг ухаж яндангуудыг ил гаргачихсан байсан. Тэгээд дарга Ичинхорлоо руу болсон явдлыг хэлэхэд “өглөө хүмүүсээ цуглуулж байгаад хурааж авъя” гэж хэлэхээр нь маргааш өглөө нь ажлынхан цуглараад Хүрээлэнгийн хажууд очиход сувагчлалын трубанууд алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 28 дугаар хуудас/
гэрч Я.Б ын “... тухайн үед алдагдсан гэх сувагчлалын хоолойны ашиглалтын хугацаа дууссан байсан. Гэхдээ тухайн эд зүйлийн ашиглалтын элэгдэл хорогдлын хугацаа дууссан ч гэсэн тухайн эд хөрөнгө цаашид ашиглах боломжтой гэж үзвэл ашиглагдах хугацаагаар нь тухайн хөрөнгийг үнэлж болдог. Өөрөөр хэлбэл ашиглалтын хугацааг нь уртасгаж ашиглаж болдог бөгөөд үнэлгээнд тооцож болдог. Иймд тухайн эд зүйлийн хугацаа нь дууссан ч гэсэн газар булаастай байсан болохоор 50 хувиар нь ашиглалтын хугацааг нэмэгдүүлж тооцож болдог. Манай байгууллагаас гаргасан үнэлгээ нь дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн 1842250 төгрөг гэсэн үнэлгээг гаргаж ирсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 83 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Э г машин механизм хэрэглэн Дархан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мэдээлэл Холбооны Сүлжээ” төрийн өмчит компанийн эзэмшлийн холбооны кабелийн сувагчлалын 2 эгнээ 842 метр азбестан хоолой, 211 ширхэг холбогч муфьт зэргийг хулгайлж бусдын эд хөрөнгөнд 1842250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч байгууллага болох Дархан-Уул аймгийн “Мэдээлэл Холбооны Сүлжээ” төрийн өмчит компанаас ирүүлсэн 2011 оны 12-р сарын 28-ний өдрийн 96 дугаартай албан бичигт “Манай байгууллагын алдагдсан эд зүйлсийг иргэн Л.Э хулгайлсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн ба хохирлын нийт 1845800 төгрөгийг тушааж манай байгууллагыг хохиролгүй болгосон тул шүүх хурлаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Мөн хэргийн 95-96 дахь хуудсанд Л.Э гаас 900000 төгрөг, 800000 төгрөг, 145800 төгрөг нийт 1845800 төгрөгийг хохирол барагдуулах төлбөр нэрээр Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанид төлсөн баримт авагджээ.
Дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Э гаас гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж дүгнэв.
Л.Э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч овогт Л ийн Э г машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Л ийн Э д эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.Э д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар Л.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 см радиустай сувагчлалын трубаны 1 ширхэг тасархайг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаартай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Э д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Л.Э д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн Газарт хариуцуулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар Л.Э нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх буюу захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг түүнд сануулсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.Э д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ