Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 00156

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух Э  овогт Б  ын Д  гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух хувиараа хөдөлмөр эрхлэх, П  ийн М д холбогдох 5.775.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, нэхэмижлэгч Б.Д  , хариуцагч П.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 04 сарын 12-ны өдөр П.М  нь утсаар яриад танай хүү Ганцоожийг ажилд оруулахаар боллоо. 5.000.000 төгрөг байршуулах шаардлагатай байна гээд Энхтуяагийн Анхбаяр гэдэг дансаар мөнгийг шилжүүлж авсан.

Өнөөдөр хүртэл миний хүүхэд ажилд ороогүй байгаа бөгөөд мөнгөө авья гэхээр нь хүнд өгсөн аваад өгье гэж хэлээд намайг чирэгдүүлж байна.

Иймд П.М гаас дансаар хийсэн 5.000.000 төгрөг, 10 сарын хүү 13.5 хувиар бодож 675.000 төгрөг, унааны зардал 100.000 төгрөг нийтдээ 5.775.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.М  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Д   эгч надтай холбогдоод хүүгээ цэргийн ангид ажилд оруулах гэсэн юм боломж байна уу гэхээр нь би Нарантуяа гэдэг хүнтэй ярьж холбож өгсөн. Нарантуяа эгч ч зөвшөөрөөд эдгээр хүмүүс хоорондоо холбогдоод бичиг баримтаа өгсөн байсан.Би зөвхөн туслах гэж яваад ийм байдалд хүрлээ.Миний нэр хүндэд халдан Б.Д   эгч суманд байгаа хүмүүст миний мөнгийг аваад хэрэглэсэн, худалч гэх байдлаар янз бүрээр ярих болсонд би гомдолтой байна.

Тухайн мөнгийг би аваагүй.Авсан хүн нь 5 сарын 15-нд өгнө гэж хэлээд өгөхгүй өнөөдрийг хүргэсэн. Би 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Нөхөр маань автын осолд орж нас барсан. Одоо энэ мөнгийг би төлж өгье. Төлөхдөө би боломжоороо төлнө гэх тайлбар

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн зарим шаардлагадаа эвлэрэн хэлэлцэж асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тул бидний эвлэрлийн гэрээгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлагаас 5.000.000 төгрөгийг 2020 оны 8 сараас 12 сарыг дуустал хугацаанд сард 1.000.000 төгрөгөөр тооцон төлж барагдуулна. Банкны хүүгээр тооцсон 675.000 төгрөг, унааны зардал 100.000 төгрөгөөсөө татгалзаж, Тэмдэгтийн хураамжинд төлсөн 107.190 төгрөгийг нэмж нийтдээ 5.107.190 төгрөгийг гаргуулахаар эвлэрэн хэлэлцэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д   хариуцагч П.М гаас 5.775.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь 775.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 5.107.190 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч П.М  хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх,эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

                    1.Нэхэмжлэгч Б.Д  гийн 5.775.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 5.107.190 төгрөг гаргуулахаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                    2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах,хяналтын журмаар гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.