Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 08

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тэрбиш,

шүүгдэгч Г.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт Б  овогт Г гийн Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123515 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн Б  овогт Г гийн Э , /РД: ***/, 19** оны **-р сарын **-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эмэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Дархан сум **-р баг Ч-тын *** тоотод оршин суух хаягтай, одоогоор Дархан сум **-р баг ** тоотод оршин суудаг, ял шийтгэл үгүй,

 

Шүүгдэгч Г.Э  нь 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Чулуутын **а тоотод өөрийн төрсөн дүү Г.С ийн нөхөр болох Б.Э г хувийн сэдэлттэйгээр буюу байнга архи ууж, хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхгүй хичээлийг нь тасдууллаа гэсэн шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нөхөр хүүхдээ дагуулаад “Гео Маш” дээр очих гээд эмчилгээндээ орох гээд явж байсан. 12 цагийн орчимд байх О тэй таарсан. Тэр үед бензины мөнгө хэрэгтэй байсан ба надад мөнгө хэрэгтэй байна 30000 төгрөг зээлээч гэхэд Хаан банкны АТМ-ээс аваад өгье гэсэн. Тэгээд буцаад 18-ийн буудал дээр ирсэн. Тэндээс О  2 пиво аваад орж ирээд бирж дээр байдаг Хаан банкны АТМ орьё гэсэн. Тэндээс дахиад 2 шил пиво авч ирсэн. Тэрийг бид хоёр уусан. Тэгээд байж байхад О  манай нөхөр танай дүүгийн нөхөртэй нийлээд архи уугаад байна гэж хэлж байсан. Өмнө нь ч өөр хүн надад хэлж байсан юм.

C:\Documents and Settings\User\Desktop\Ã.Ýíõæàðãàë 96.1-.doc

Тэр үед С   гэх эмэгтэй О  рүү утсаар яриад танай нөхөр Э гийнд архи уугаад байна гэж хэлсэн. Надад манай дүү утсаар бас өмнө нь хэлсэн байсан ба хүүхдийг 5 хоног хичээлд нь явуулсангүй байнга архи уугаад байна гэж хэлсэн. Тэрийг би өмнө нь сонссон байсан. Тэгээд 1 шил 0.75 литрийн архи О  аваад дүүгийнд хамт очсон. Аваачсан архинаас би уугаагүй. Өмнө нь О тэй пиво уусан байсан. О ийн нөхрийг Э гийнд архи ууж байна гэж хэлэхээр нь очсон. Би угаасаа тэднийх рүү очих гээд л байсан юм. Хутганы  талаар мэдэхгүй, тэрийг би сайн мэдэхгүй байгаа юм. Миний хүү одоо 3 настай. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтууд болох:

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-7 дугаар хуудас/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 9 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Э гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 16 дугаар тал/,

            Гэрч Х.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 19-21  дүгээр хуудас/,

            Гэрч Д.С ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/,

            Гэрч Г.С ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/,

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹971 тоот дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Э  нь 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сум ** дүгээр багийн нутаг дэвсгэр Ч-тын ** тоотод иргэн Б.Э г хувийн сэдэлттэйгээр буюу байнга архи ууж, хүүхдээ хичээлд нь хүргэж өгөхгүй хичээлийг нь тасдууллаа гэсэн шалтгаанаар цээжин тус газар нь хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Э гийн “... 13 цагийн орчим сэргээд босч ирэхэд манай эхнэр С  найз Б ийн хамтаар шинэ Дархан руу явчихсаны дараа О , Э  нар гаднаас орж ирж байсан. Тэр хоёр орж ирээд Б тэй О  хэрэлдээд маргалдаад байсан. О , Э  нар ирэхдээ 0.75 литрийн Ерөөл архитай орж ирсэн байсан ба тэрнээс нь том стаканаар 2 удаа уусан юм. Тэгээд л эргээд өөрийн гэсэн ухаангүй болчихсон байсан. Нэг сэрэхэд эмнэлэг дээр хэвтэж байсан бөгөөд гадаа харанхуй болчихсон байсан.

... намайг архи уугаад байдаг байсан болохоор жаахан уурлаад байдаг байсан байх. Өмнө нь намайг архи уулаа гээд загнаад байдаг байсан юм. Тухайн өдөр манай гэрт орж ирээд үхсэнээ хийж архи уугаад байгаа юм бэ гэж надад хэлж байсан. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

гэрч Б.Б ийн “... тэр өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад Э гийн гэрт нь очиход Э  болон түүний найз Б, С нар нэлээд согтуу байсан. Намайг хараад Э  нэг шил архи аваад ирээч гэхээр нь нэг шил архи дэлгүүрээс аваад ирэхэд Э  тасраад унтчихсан байсан. Тэр архийг эхнэр Сарантай нь хувааж уучихаад байж байхад хажуу талын айлын С   гэх эмэгтэй орж ирээд та нар ямар их архи уудаг юм бэ, дандаа архи ууж байх юм гэхэд Э  босч ирээд түүнтэй хэрэлдээд байсан.

Тэр үед 12 цаг болж байсан ба хүүхдийнх нь хичээлд явах цаг болчихсон түүнийг хүргэж өгөх хүн байхгүй байхаар нь 18 дугаар сургууль руу хүргэж өгчихөөд гэртээ харьж хоол, унд идчихээд 15 цагийн орчим Э гийн гэрт ирэхэд манай эхнэр О  хойд орны буланд нь сууж байсан. Харин Э  би Э г хутгалчихлаа гээд  уйлаад сууж байхаар нь Э г харахад зүгээр хэвтэж байхаар нь Амгаа юу болоод байгаа юм бэ гээд дуудаад босгоход цээж рүү нь хутгалчихсан наанаас нь жаахан цус гарч байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 16 дугаар хуудас/,

гэрч Х.О ийн “... Э ын нөхөр нь би та хоёрт хоол аваад ирье гээд явсны дараа Э  бид хоёр машинд Э  болон түүний эхнэр нь нийлээд манай нөхөртэй архи уугаад байна намайг очих болгонд Э  тасраад уначихсан манай нөхөр байхгүй байдаг. Сүүлийн 3 хоног архи ууж байна гэж ярилцаад ахин пиво аваад Деревэнд очоод байж байхад миний таньдаг С   гэх эмэгтэй над руу утсаар яриад танай нөхөр Э , Саран нартай яг архи уугаад сууж байна гэж хэлэхээр нь тэрийг Э д хэлэхэд хоёулаа ерөөсөө тэднийд очъё гээд шинэ Дарханаас АТМ-ээс мөнгө авчихаад дэлгүүр орж 0.75 литрийн архи аваад Э гийн гэрт нь Э  бид хоёр очсон.

... би Э ыг анзаараагүй байсан чинь гэнэт би хүн хутгалчихлаа шүү дээ гэхээр нь эргээд харахад Э  зүгээр сууж байхаар нь тоглоод байгаа юм болов уу гэж бодоод Э гийн цамцыг сөхөхөд цээжинд хутгалчихсан мөр байж байсан” гэсэн мэдүүлэг, /хэргийн 19-21 дүгээр хуудас/,

гэрч Д.С ийн “... манай нөхөр Ө 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ гараад алга болчихсон байсан бөгөөд хаана явж байсан талаар Э  болон түүний эхнэр С нар харсан байсан болохоор түүнийг асуух гээд 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Э гийн гэрт нь ороход С , Э , Б , Б гэх залуутай бөөнөөрөө архи уугаад нилээд согтуу байсан бөгөөд Э д та нар болиоч ээ энэ архиа битгий уугаад байгаач гэж хэлсэн. ... Э гийн гэрт байнгын архидалт явагддаг юм. Э  байнга согтуу гэртээ байж байдаг байсан. С  гэх эмэгтэй нөхөртэйгөө нийлээд архи уугаад байдаг юм” гэсэн мэдүүлэг, /хэргийн 22 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹971 тоот “Б.Э гийн биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн цусан хураа, хагалгааны дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багаж зэвсгийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт, /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Э ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи уулаа, хүүхдээ хичээлд нь явуулсангүй таслууллаа” гэх шалтгаанаар иргэн Б.Э г хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хохирогч Б.Э  нь “хадам эгч Э д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон юм. Иймд Э ын ахуй амьдралыг нь харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд ч хохиролд тооцож нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч Г.Э аас гаргуулах хохирол, төлбөргүй байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “Э  нь бага насны хүүхэдтэй, хүүхдэд нь байнга асаргаа сувилгаа шаардлагатай, нөхөр нь өвчтэй байдаг тул  Э д оногдуулах ялыг хойшлуулж өгнө үү” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т “... гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно” гэж заасан байна.

Г.Э ын хувьд түүний бага хүүхэд болох Э.Э нь 200* оны * дүгээр сарын **-нд төрсөн байх бөгөөд гурван нас өнгөрсөн тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Г.Э  нь өөрийн нөхөрийг өвчтэй байдаг гэх боловч энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Г.Э ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэрээр Цагдаагийн Ерөнхий газрын Лавлагааны санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч Г.Э  нь урьд ял шийтгүүлж байгаагүй бөгөөд хүнд гэмт хэрэг анх удаа үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг шүүгдэгч ял оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Б  овогт Г гийн Э ыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар Г гийн Э ыг 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 10 /арав/ хоног хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Э д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Г.Э  нь энэ хэрэгт урьдчилан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.

           

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар Г.Э  нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан саарал өнгийн бариултай 24 см урттай, 1 ширхэг  хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Э д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ

 

                  ШҮҮГЧИД                                Б.МАНЛАЙБААТАР

 

                                                                        Л.ОЮУНЦЭЦЭГ