| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Алтанхуяг |
| Хэргийн индекс | 2012/ШЦТ/10 |
| Дугаар | 10 |
| Огноо | 2012-01-10 |
| Зүйл хэсэг | 230.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасанжав,
улсын яллагч Б.Сүрмандах,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э эгэрэл,
шүүгдэгч Ш.БН.Г ,Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан гэмт хэрэгт Т овогт Ц ын Б , Ш овогт Н ын Г , Б овогт Э ийн О нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123621 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн Т овогт Ц ын Б , /РД:.../, 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, модны зах дээр хөрөөчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан сум ..-р баг Х дийн .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Монгол улсын иргэн Шадав овогт Н ын Г , /РД:..../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, модны зах дээр хөрөөчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан сум ..-р баг . .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Монгол улсын иргэн Б овогт Э ийн О , /РД:... 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дархан сум ... р баг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Ш.Б, Н.Г, Э.О нар нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд согтуугаар Дархан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сутай” баарны гадна тус аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн цагдаа, дэд ахлагч Э.Г ийг хуулиар хүлээсэн үүргээ буюу нийгмийн хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэж явахад нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний өмсөж явсан цагдаагийн дүрэмт хувцасны мөрдөс болон гэрэл ойлгогч хантааз зэргийг урж тасдан түүнд нийт 17700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.
C:\Documents and Settings\User\Desktop\Ø.Áºõ÷óëóóí íàð 230.1-.doc
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр бид дөрөв “Сутай” бааранд сууж байхад хажуугийн ширээнд сууж байсан хүүхэн залуу хоёр намайг бичиг баримт, мөнгө авлаа гэж гүтгээд бид маргалдсан. Тэгээд сууж байхад тэр залуу ирээд миний цамцны захнаас заамдаж авсан чи яаж байгаа юм бэ гээд маргалдаад байж байхад гаднаас 2 цагдаа орж ирсэн. Тэгээд нэг цагдаа нь миний гар мушгичихсан байсан ба тэрийг тавиулах гээд л би өөрөө унасан. Тэгээд босох гэсэн чинь дээрээс дарчихсан байсан юм. Тэгээд л эрүүлжүүлэх рүү авч явсан” гэв.
Шүүгдэгч Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар Сутай баарны дотор байсан хүүхэн, залуу хоёртой маргалдсан. Бичиг баримт, мөнгө нь алга болчихсон гээд Б ыг авчихлаа гээд байснаас маргалдсан. Тэгээд байж байхад цагдаа ирээд намайг ханаруу харуулж зогсоосон Тэгээд бид гурвыг авч яваад эрүүлжүүлэгдсэн” гэв.
Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Сутай” бааранд сууж байхад хажуугийн ширээнээс нэг хүүхэн залуу хоёр Б ыг бичиг баримт, 200000 гаруй мянган төгрөг байсан тэрийг чи авчихлаа гээд Б ыг гүтгэсэн. Тэрнээс болоод бид нар маргалдсан. Тэгээд бааранд маргалдаад байж байхад 2 цагдаа ирсэн. Нэг цагдаа нь надаас юу болсон талаар асуусан. Намайг тайлбарлахад “яасан их олон юм ярьдаг юм” гээд боогоод шахаад газар унагаасан. Би газар унаад босож ирэхдээ би хувцаснаас нь татаад босож ирсэн. Тэгэхэд би хувцаснаас нь угз татаад босож ирэхэд урагдсан. Би хантаазыг нь урья гэж бодоогүй. Анх бол бид нар дотор байсан. Би гадна нь эд нар дотор талд нь маргалдаад зогсож байсан” гэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т заасан гэмт хэрэгт Ш.Б, Н.Г, Э.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрч Х.Х ын “... Харин хоёр залуу нь зүгээр байсан. Энэ асуудал “Сутай” баарны гадна болсон. Манай баарны гадна талд гэрэлтүүлэгтэй учир би сайн харсан. ... Тэр хоёр залуу нь бол бид нар хүний юм авахгүй л гэж хэлж байсан. Түүнээс цагдаа нарын өөдөөс хэрэлдэж зодоон нүдээн хийсэн зүйл байхгүй. Түүнээс илтэд хүч хэрэглэхээр эсэргүүцсэн асуудал гаргаагүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 20, 21 дэхь хуудас/,
гэрч Х.У ын “Тэр хоёр залуу нь бол харин мөрөөрөө л байх шиг байсан. Намайг л харж байхад тэр хоёр залуу хөдлөөгүй. Зодоон нүдээн хийгээгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 23 дахь хуудас/,
гэрч Э.Э эболорын “... Харин хоёр эрэгтэй нь мөн Г руу дайраад байхаар нь би ямар ч байсан хоёр танихгүй залуугийн нэгийг нь салгаж газар суулгаж байгаад машинд суулгасан. Гэхдээ тэр хоёр залуу бол цагдаа Г ийн эрх чөлөөнд халдаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 25 дахь хуудас/ зэрэг баримтууд болон тухайн хэрэг болсон гэх нөхцөл байдлаас дүгнэхэд Ш.Б,Н.Г нар нь төрийн албан хаагчийг буюу цагдаагийн ажилтныг үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн тодорхой үйлдэл /эс үйлдэхүй/ тогтоогдоогүй байна.
Харин Ш.Б,Н.Г нар нь өөрсдийг нь бичиг баримт, түрийвчийг нь хулгайлсан гэж сэрдсэн иргэдтэй маргалдаж байсан бөгөөд цагдаагийн ажилтнууд тэдгээрийг согтуу байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн байдал тогтоогдсон байна.
Иймд Ш.Б,Н.Г нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үзэж мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.О нар нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 цагийн орчимд согтуугаар Дархан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сутай баарны гадна тус аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн цагдаа ажилтай, дэд ахлагч Э.Г ийг хуулиар хүлээсэн үүргээ буюу нийгмийн хэв журам сахиулах үүргийг гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж түүний өмсөж явсан цагдаагийн дүрэмт хувцасны мөрдөс болон гэрэл ойлгогч хантааз зэргийг урж тасдан 17700 төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр болон шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох хохирогч Э.Г ийн “... 23 цаг өнгөрч байхад 102-ийн жижүүрээс “Сутай” баарны гадна зодоон болоод байна яаралтай яваад оч гэж мэдээлсний дагуу бид хоёрыг яваад очиход баахан согтуу хүмүүс байсан. Очоод юу болоод байна гэхэд О гэх хүүхэн учир зүггүй цагдаа Г бид хоёр луу дайрч та нар хурдан учрыг нь олж өг гээд орилоод байсан. Гэтэл энэ үед хажууд нь хамт явсан хоёр залуу нь өөр бас танихгүй залуу руу дайраад байхаар нь бид хоёр салгаж, юу болоод байгаа юм бэ, учрыг олох хэрэгтэй байна гэхэд хэлж байгаа үгийг тоолгүй нөгөө залууруугаа дайраад байсан. Тэгэхээр нь би Г цагдаад энэ хоёрыг хол байлгаж бай гэж хэлээд О гэгчтэй хамт явсан. Хоёр залууг нь Г тай үлдээчихээд би нөгөө танихгүй залуутай уулзаад зогсож байтал О гэгч нь надтай уулзаж байсан залуу руу шууд хүрч ирээд алгадаж нэг удаа өшиглөхөөр нь та цаанаа байж бай учир зүйг нь олох гэж байхад гэж хэлсэн. Гэтэл О гэх хүүхэн чиний учир зүй олно гэдэг юу байдаг юм бэ гэж хэлээд нөгөө залуу руу дайраад байсан. Тэгэхээр нь ыг дуудаж нөгөө танихгүй залуутай хамт Сутай баарлуу ороод юу болсон талаар асуугаатах гээд оруулсан. Үүний дараа О тай явсан хоёр залуу баар луу орж хэрүүл зодоон үүсгэх гээд байхаар нь би нэг залууг гараас нь бариад түлхтэл хажуугаас О гэх хүүхэн орж ирээд миний өмсөж явсан цагдаагийн өвлийн хүрэмний гадуур өмсдөг хантаазыг урж тасдсан. Тэгэхээр нь би та яагаад хувцас урж байгаа юм бэ гэхэд чиний хувцсыг урахад яадаг юм бэ, би наад хуулийн мэргэжлээр чинь төгсчихөөд ирсэн гээд орилж хашгираад миний нүүрийг маажих гээд байсан. Би аргаа бараад хоёр гарыг нь ард нь бариад зогсож байтал хамт явсан хоёр залуу нь миний хувцаснаас зуурч цохих гээд дайраад байхаар нь би нэмэгдэл хүч дуудсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
гэрч О.Г ын “…би нөгөө юм аа алдсан гэх залууг дагуулж баар луу орсон. Авч ороод байж байтал баарны гадаа хүмүүс орилолдоод байхаар нь буцаад гарсан. Гэтэл баарны гадна нөгөө цээж нүцгэн залуу надруу дайраад байсан хүүхэнтэй нийлээд Г ийг хоёр талаас нь зуурчихсан байж байсан. Мөн хажууд нь өөр бас нэг танихгүй залуу Г руу дайраад байсан. Намайг сүүлд барнаас гарч ирэхэд нэг эмэгтэй, хоёр залуу Г ийн өмсөж явсан дүрэмт хувцаснаас нь зуураад эргүүлийн хантаазыг нь урчихсан. Мөн мөрдөсийг нь хуулаад урчихсан, мөрдөс нь газар уначихсан байсан. Газар нэг мөрдөс хэвтэж байсан. Тэр гурав гурвуулаа яг ижилхэн дайраад хувцас хунараас нь зулгаагаад Г ийг ямар нэг хөдөлгөөн хийлгэх боломжгүй, зууралдаад байж байсан. Тэр хүмүүс цагдаагийн алба хаагч очоод шаардлага тавьж байгааг огт тоохгүй, орилж хашгираад дайраад та нар муусайн цагдаа нар гээд дайраад л байсан. ” гэсэн мэдүүлэг / хэргийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Х.Х ын “... харин нөгөө талд хэрүүл хийгээд байсан хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүн байснаас 1 эмэгтэй нь яваад өгсөн. Цагдаа нар ирээд юм аа алдсан гэх залуутай ярилцаж байхад нэг эмэгтэй би хулгайч хүн биш, та нар ажлаа зөв хий гээд орилж хашгираад цагдаа руу дайрч нэг танихгүй цагдаагийн өмсөж явсан гадна талын хантаазыг нь урчихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,
гэрч Х.У ын “... Цагдаа нар уулзаж юу болсон талаар асууж байх үед нэг эмэгтэй нь би хулгайч биш та нар ажлаа зөв хий гээд орилж хашгираад дуудлагаар ирсэн хоёр цагдааруу дайрч нэг танихгүй цагдаагийн гадна талынх нь өмсч явсан хантаазыг нь тэр эмэгтэй татаад урчихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Э.О г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг Цагдаагийн Ерөнхий газрын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тодорхойлжээ.
Шүүгдэгч Э.О нь гурав хүртэлх насны хүүхэдтэй болох нь хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан ¹0257843 Г 76 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.О нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гурав хүртэлх насны хүүхэдтэй зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 208.2, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Т овогт Ц ын Б , Ш овогт Н ын Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Б овогт Э ийн О г төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар Э ийн О г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.О д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар Э.О нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар Э.О д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
8. Энэ хугацаанд ялтан Э.О д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Б, Н.Г, Э.О д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ