| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 171/2012/011/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2011-12-15 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2011 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 11
Хэргийн индекс: 171/2012/011/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оч даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Ж.Шагдар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан,
улсын яллагч Г.Яндаг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /0-310/,
хохирогч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б овогт А ийн Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123507 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт А ийн Б /РД:.../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн операторчин мэргэжилтэй, “..” ХХК-нд ажиллаж байсан, ам бүл 10, эхнэр .. насны хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын ... дугаар баг ... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч А.Б нь 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Хавцал гэх газар иргэн Ж.У тэй маргалдан түүний хэвлий тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : “Тэр өдрийн өмнөх 24-ний өдрийн орой Батлан хамгаалах их сургуулийн 4 багш ирж архи дарс уусан. Ирэхдээ согтуу байсан. Тэгсэн нэг нь декан багш нь ус руу унахаар нь би уснаас гаргаж өгсөн. Шөнө эхнэртэйгээ майхандаа унтаж байхад У ирээд эхнэрийг маань дуудаад байсан. Тэгээд бид багш нарын гэр лүү очсон. Маргааш өглөө нь Б тай хамт ямаа гаргаад янзлаад сууж байтал У ирээд “Чи яагаад ажилдаа гардаггүй юм бэ” гээд гуя руу өшиглөсөн. Тухайн үедээ багш нарын ууж байсан архи пивоноос уусан болохоор согтсон байсан яг яаж У ийг хутгалснаа санахгүй байна. Хутгалсан үйлдээ гэмшиж байна” гэв
Хохирогч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Миний хувьд энэ хүнтэй 5 хоног цуг байсан. Бид хоёрын дунд маргалдах ямар ч шалтгаан байгаагүй. Ажилд гар гэсэн шаардлага тавьсан байж болно. Би 50 хэдэн хүүхэд хариуцаж байсан. Тэр өдөр манай нэг багшийг аварсан гээд Б т архи өгөхөөр нь би “Наадах чинь агсам
D:\My office files\ØÈÉÒÃÝÕ ÒÎÃÒÎÎË-2012\À.Áîëäáààòàð-96.1-11.doc
тавьдаг гэсэн битгий архи өгөөрэй” гэж хэлж байсан. Гэхдээ гарж орж байгаад архи уучихсан байсан. Бас намайг эхнэртэйгээ хардсан гэсэн надад тэгэх ямар ч үндэслэлгүй байхгүй. Өглөө надаас архи нэхсэн тэгэхээр нь чамд өгөх байтугай өөрөө ч архи уугаагүй байна гэж гэсэн. Тэгээд малчин Б тай цуг байж байтал баруун талаас май чи гээд цохих шиг болохоор нь эргээд харахад Б байсан тэгээд эрчиндээ урд унасан. Тэгэхээр нь бариад авах гэтэл босоод зугтаачихсан. Тэгтэл миний өмднөөс цус нэвчээд 2 алхаад сөхрөөд уначихсан. Би эрүүл саруул хүн байсан. Одоо төмсөг хавдартай хэвээрээ байгаа. Энэ хүнээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна гэхдээ энэ зөвхөн эмнэлэгт үзүүлсэн зардлаа нэхэмжилж байгаа. Нэгэнт үхээгүйгээс хойш гомдол гээд байх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч А.Б нь 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Хавцал гэх газар архи ууж согтуурсан үед иргэн Ж.У тэй эхнэрээ хардсан шалтгаанаар түүний хэвлий тус газар нь хутгалж учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд,
- хохирогч Ж.У ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн : “…Өглөө надаас архи нэхсэн тэгэхээр нь чамд өгөх байтугай өөрөө ч архи уугаагүй байна гэж гэсэн. Тэгээд малчин Б тай цуг байж байтал баруун талаас май чи гээд цохих шиг болохоор нь эргээд харахад Б байсан тэгээд эрчиндээ урд унасан. Тэгэхээр нь бариад авах гэтэл босоод зугтаачихсан” гэсэн мэдүүлэг,
- гэрч Ж.Б ын :”…гэнэт Б хаанаас ч юм бүү мэд нэг хутга барьчихсан нөгөө хүний өөдөөс очоод баруун хэвлий хэсэг рүү хутгаараа хутгалчихаад хажуугаар нь гараад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дэх тал/,
- гэрч Б.Б “…гэр дотор өдрийн хоолны төмс арилгаад сууж байтал Цэцэнхүү гэдэг хүний эхнэр Оюунгэрэл эгч хүн алчихлаа ш дээ гээд орилсон. Гэрээс гараад ирсэн чинь Б гэдэг ах гартаа хутга барьчихсан эхнэрээ ална гээд гүйгээд ирж байсан. Тэгсэн багш нөгөө Б гэдэг хүнийг хөөж байгаад сөхрөөд уначихсан…Би араас нь гүйж очоод та яаж байгаа юм бэ хүн хутгалчихлаа ш дээ гэхэд чамайг ч бас хутгална шүү гээд далайхаар нь би барьж байсан модоо шидчихээд зугтаад явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/,
- гэрч Ж.О ийн: “…Б архи уучихсан согтуу явж байхаар нь чи явж ажлаа хийгээч гэхэд би өнөөдөр ажил хийхгүй гээд эхнэр Будыгаа У багштай хардаад элдвээр хэлж зодоод байсан. Тэгсэн У Б ыг дагуулж явж байгаа харагдсан. Тэгсэн ямаа гаргаж байгаа малчин Б ын хажууд суулгаж байгаа харагдсан…Тэгсэн У намайг хутгалчихлаа ш дээ гээд орилсон. Тэгээд С бид хоёр Б ын араас хөөсөн чинь хутгаа далайгаад шидэх гээд байхаар нь айгаад буцсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/
- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 949 дугаартай акт
1. Ж.У ийн биед хэвлий хөндийд нэвтэрсэн давсгийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн дэх цусан хураа, хэвлийн гялтангийн цус шээсний гаралтай үрэвсэл, цус алдалтын дараах хурц цус багадалд, хагалгааны гаралтай байдал зэрэг тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 25 дахь тал/ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хохирогч Ж.У ийн биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч-эмч хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Иймд Б овогт А ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч А.Б ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст тэрээр урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагджээ. /хэргийн 42 дахь тал/
Хохирогч Ж.У өөс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эмчилгээ сувилгаа болон бусад зардалд 2.136.597 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг /хэргийн 45-70 дахь тал/ хэрэгт хавсарган ирүүлсэн байна.
Ж.У нь шүүхэд гаргасан тайлбартаа “…Шатах тослох материалд зарцуулсан зардал, эмнэлгийн болон эмчилгээний төлбөрт зарцуулсан зардал, эхнэр Б.М /эхнэр Б.М гийн 2011.09.26-30-ны өдрийг дуустал сахиур хийсэн 5 хоногийн цалин 102.250 төгрөг/ болон өөрийн цалингаа нэхэмжилж байна” гэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан эрүүл мэндэд учирсан гэм хор, холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол, тэжээл зэрэг зайлшгүй зардалд хамаарч байна гэж үзэж шүүгдэгч А.Б аас энэхүү төлбөрийг гаргуулан хохирогч Ж.У өд олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний бага насны олон хүүхэдтэй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг түүнд оногдуулсан хорих ялыг эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар модон иш бариултай хутгыг хураан ирүүлсэн бөгөөд уг хутга нь шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгахаар энэхүү шийтгэх тогтоолд заав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А ийн Б ыг бусдын биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1-д зааснаар А ийн Б т 5 /тав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар А.Б т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Б аас 2.136.597 /хоёр сая нэг зуун гучин зургаан мянга таван зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, Нийслэлийн ... дүүргийн .. дугаар хороо, ... .. айлын байрны .. тоотод оршин суух Б овогт Ж. У /РД:..../-д олгосугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Б т энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
Ё.РИНЗААН