| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/008/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2012-01-12 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 12
2012 01 12 12
Хэргийн индекс: 171/2012/008/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Ц.Отгонсүх,
хохирогч Д.Сайнхүү,
шүүгдэгч Ц.Х , П.Д тэдгээрийн өмгөөлөгч А.Н /0-313/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Х овогт П ийн Д , У овогт Ц ийн Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123549 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, У овогт Ц ийн Х /РД:..., ИҮД:../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дүгээр хороолол .. дүгээр байрны.. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
2. Монгол улсын иргэн, Х овогт П ийн Д /РД:.., ИҮД:../ 19.. оны .. дугаар сарын ..-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Супер мужаан цехэд ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дугаар хороолол .. дүгээр байрны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Ц.Х , П.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглаж Дархан-Уул аймгийн Дархан сум . дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “..” ХХК-ны аж ахуйн хашаанаас 2011 оны 9 дүгээр сард 2 х 4 см-ийн хэмжээтэй 6 метр урттай хэрэглээний төмөр 20 ширхгийг, 2011 оны 10 дугаар сарын 25-нд 8 х 8 хэмжээтэй 6 метр урттай хэрэглээний шинэ төмөр 10 ширхгийг хулгайлан нийт 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
D:\Õóâöàãààí Äàøíÿì íàð 145.2 òîãòîîë ¹ 12.doc
Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 9 дүгээр сард "Ариг Трейд" ХХК-ны аж ахуйн хашаанаас 2х4 метрийн хэмжээтэй 6 метрийн урттай 20 ширхэг төмрийг Д д 100.000 төгрөгөөр зараад түүний машинд нь ачиж өгсөн. Дараа нь 2011 оны 10 дугаар сарын 25-нд 8х8 хэмжээтэй 6 метрийн урттай 10 ширхэг төмрийг Д д зараад 20.000 төгрөг авсан. Үлдсэн мөнгийг аваагүй байсан юм. 10.000 төгрөгөөр шавар хийх гэж байсан юм” гэв.
Шүүгдэгч П.Д шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 9 сарын дундуур мод хавчдаг хавчаар төмөр хийж байтал Х ирээд надад ийм төмөр байгаа авах уу? гэсэн. Тэгээд төмөр авахаар ярьж тохироод салсан. Тэгээд хэд хоногийн дараа Х утасдаад ирээд төмрөө ав гэхээр нь Ариг трейд ХХК-ны хашаанд очиход Х манаачтайгаа байсан. 2х4 хэмжээтэй 6 метрийн урттай хэрэглээний хавтгай төмөр 20 ширхгийг ачиж өгсөн. Би хулгайн юм биш биз дээ? гэхэд Х миний юм гэж байсан. Дараа нь 10 дугаар сарын 25-нд Ариг трейд ХХК-ны хашаанаас 8х8 хэмжээтэй 6 метр урттай 10 ширхэг хэрэглээний төмөр ачсан. Авсан төмрүүдээ буцааж Сайнхүүд өгсөн. …эхний 20 төмрийг авснаа хэлсэн.” гэв.
Хохирогч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “2011 оны 10 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед харанхуй болсон байхад өөрийн компанийн аж ахуйн хашаагаар ороход нэг ачааны машин зогсож байсан. Яваад очиход Х төмөр барьчихсан ачиж байсан. Машины Жолооч нь ч байсан. Юу болж байна аа гэхэд Д зугтаагаад алга болчихсон. Д д би маргааш нь адилхан ажил хийдэг байж, хэлээд авахгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Д болохоор би худалдаж авсан гэсэн. Тэгээд өмнө бас 20 төмрийг авсан гэдгийг өөрөө хэлсэн. Х ы хувьд миний итгэлийг даахгүй хүн байжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Надад одоо санал гомдол гэх зүйл байхгүй. Хохирлыг барагдуулсан. Дарханд олон жил ажиллаж байгаа нэр төртэй яваа хүн, тэгээд ч миний хувьд хүн чанар байгаа болохоор хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Д.С гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр тал/,
гэрч С.У ын мэдүүлэг /хэргийн 40 дүгээр тал/,
Ц.Х ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хэргийн 55 дугаар тал/,
Ц.Х нь Дархан сум 4 дүгээр багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 81 дүгээр тал/,
П.Д нь Дархан сум 9 дүгээр багт оршин суудаг болно гэсэн Багийн засаг даргын тодорхойлолт /хэргийн 73 дугаар тал/,
шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 73, 81 дүгээр тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 74, 82 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ариг Трейд” ХХК-ны аж ахуйн хашаанаас 2011 оны 9 дүгээр сард 2 х 4 см-ийн хэмжээтэй 6 метр урттай хэрэглээний төмөр 20 ширхгийг, 2011 оны 10 дугаар сарын 25-нд 8 х 8 хэмжээтэй 6 метр урттай хэрэглээний шинэ төмөр 10 ширхгийг хулгайлан нийт 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Д.С гийн мөрдөн байцаалтад “…манай хашааны хаалган дээр урт ачааны цагаан өнгийн машин зогсчихсон ямар нэгэн юм ачиж байгаа бололтой байсан. Яваад очтол манай ажилчин Х , Супер мужаан цехийн Д өөр бас нэг залуугийн хамт гурвуулаа манай компанийн хашаан дотор хучаад тавьчихсан байсан 80х80 хэмжээтэй 6 метрийн урттай төмрөөс 10 ширхгийг сугалж гаргаад 3 ширхгийг нь машин дээрээ ачсан байсан. Намайг яваад очиход Д зугтаагаад алга болсон байсан. Эдгээр хүмүүс баригдсаныхаа дараа урьд нь манай компаний хашаанаас 2х4 хэмжээтэй 6 метрийн урттай 20 ширхэг төмөр хулгайлж авсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 39 дүгээр тал/,
гэрч С.У ын “…Ариг Трейд ХХК-ний аж ахуйн хашааны гадна буюу хашааны хаалга руу Forland маркийн цагаан өнгийн том ачааны машин ухраад тулж зогссон байсан. ...тэр машины тэвшин дээр манай компаний аж ахуйн хашаанд байсан 8х8 хэмжээтэй 6 метрийн урттай дөрвөлжин шинэ 10 ширхэг төмөр байснаас 3 ширхгийг нь тавьчихсан, үлдсэн төмрүүдийг байсан газраас нь нааш нь холдуулаад тавьчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 40 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Д үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэдий ч
1. “Ариг трейд” ХХК-ны аж ахуйн хашаанаас алдагдсан төмөр нь зах зээлийн ханшаар 22.000 төгрөгийн үнэтэй ба энэ төмрийг маш хямдаар буюу 8.000 төгрөг шүүгдэгч Ц.Х д өгч уг төмөр авч байдал,
2. Төмөр авахдаа ажлын бус цагаар буюу харуй бүрий үер /манаачийн эзгүйд/ очиж авсан болох нь гэрч Э.Т ын … -Х гуай энэ төмөр манай найзад хэрэгтэй гэнэ. Надад хэдэн төгрөгийн хэрэг болоод байна. Ах нь чамд бас мөнгө өгнө шүү гэж хэлж байсан. Тэгээд намайг байхгүй үеэр ачиж байгаад манай захиралд баригдсан юм билээ. гэх мэдүүлгээр
3. Төмөр ачиж байхад үед нь “Ариг трейд” ХХК-ны захирал Д.С ирсэн. Энэ үед шүүгдэгч Ц.Х -Захирал ирлээ. Нуугдаарай гэж хэлж шүүгдэгч П.Д зугтаж алга болсон байдал
4. Шүүгдэгч П.Д шүүх хуралдаан дээр …Ц.Х бол “Ариг трейд” ХХК-нд зөвхөн мужаан хийдэг энэхүү төмрийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг мэдэж байсан гэдгээ хэлж мэдүүлсэн ба “Ариг трейд” ХХК-ны эзэмшлийн төмрийг Ц.Х аас удаа дараа хэт хямд үнээр авч байгаагаа тус компаний удирдах албан тушаалтанд хэлээгүй байдлуудыг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч П.Д нь ашиг олох, шунахайн сэдэлтээр шүүгдэгч Ц.Х тай хуйвалдан үгсэн тохирч “Ариг трейд” ХХК-ны аж ахуйн хашаанаас 2 удаагийн үйлдлээр ….урттай 30 ширхэг төмөр хулгайлжээ гэж үзэх үндэслэл байна.
Шүүгдэгч П.Д нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн “FORLAND” маркийн цагаан өнгийн ... ДАР улсын дугаартай ачааны автомашиныг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэхүү тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулах болно.
Шүүгдэгч Ц.Х , П.Д нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирол гомдол саналгүй гэснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаас гадна оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Ц ийн Х , Х овогт П ийн Д нарыг бүлэглэн авто машин ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зїйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Ц ийн Х ы эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч П ийн Д ын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Х , П.Д нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч П ийн Д ын өмчлөлийн “FORLAND” маркийн цагаан өнгийн ... ДАР улсын дугаартай ачааны автомашиныг хурааж улсын орлогод оруулсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х , П.Д нар нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ц.Х ы эзэмшлийн бор ногоон өнгийн чулуун хөөргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц ийн Х д оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, шүүгдэгч П ийн Д д эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг ялтан Ц.Х , П.Д нарт анхааруулсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Х , П.Д нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр нь байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР