| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2020/0069/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 37
Э.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0069/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Хохирогч С.Цэнд
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой, Э-гийн Х-д холбогдох, 1918000000554 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, М- овогт Э-гийн Х-.
Шүүгдэгч Э.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн орчим 77-88 ДАХ улсын дугаартай, “Соната-6” маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1., 12.3., 18 дугаар бүлгийн 18.3., 3.5А, 3.5Б, 3.5Г., заалтыг зөрчсөний улмаас Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг явах чиглэлийн засмал замаас ертөнцийн зүгээр зүүн зүг рүү эргэх туслах замын уулзвар орчмын замын хөвөө хэсэгт иргэн Л.Д-ийг мөргөн зам тээврийн осол гаргаж, амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч М- овогт Э-гийн Х-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Э.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар Э.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.3 дугаар зүйлийн 5., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.т зааснаар шүүгдэгч Э.Х-д оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Х-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Х-д анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5.т зааснаар шүүгдэгч Э.Х-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.Х-д анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Э.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Х-гийн 1261984 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зуйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1.т зааснаар сэтгэл санааны хохиролд 4.500.000 төгрөг, гэм хор учруулсны төлбөр нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины их гэрлийн хагархай хэсэг 1 ширхэг, мөнгөлөг өнгийн гуферийн хагархай хэсэг 1 ширхэг, доод талын эд ангиас үлдсэн байж болох хар өнгийн зүйл 1 ширхэг, саарал өнгийн толины хагархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Шүүгдэгч Э.Х- зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь ял хөнгөдсөн байна.
Шүүгдэгч Э.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 450 нэгжээр торгох ялаар шийтгэсэн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг удирдлага болгон Прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Эсэргүүцлээ дэмжиж байна., шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Цэнд тайлбартаа:
Би гомдолтой., уг нь түүнийг миний хүүхдээс ялгаа юу байхав гэж бодож байна., Заавал шоронд явуулах гээд байгаа асуудал биш., хүний амь хохироосон нь үнэн. 4.500.000 төгрөг нэхэмжилсэнийг гаргуулж авмаар байна. Одоо эцэг нь байхгүй болсон , ядаж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлмөөр байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:
Хохирогч тал гомдолтой байгаа., нэхэмжилсэн мөнгий нь гаргуулмаар байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:
Нотлох баримтын дагуу оршуулгын зардал өгсөн., шүүгдэгчийн эцэг эхтэй энэ талаар ярилцаж, тэднийг өөрсдийг нь уулзуулах боломжтой гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Э.Х-г 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн орчим 77-88 ДАХ улсын дугаартай, “Соната-6” маркийн машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1., 12.3., 18 дугаар бүлгийн 18.3., 3.5А, 3.5Б, 3.5Г., заалтыг зөрчсөний улмаас Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг явах чиглэлийн засмал замаас ертөнцийн зүгээр зүүн зүг рүү эргэх туслах замын уулзвар орчмын замын хөвөө хэсэгт иргэн Л.Д-ийг мөргөн зам тээврийн осол гаргаж, амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтсан гэж Эрүүгийн хулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3., 27.11 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Э.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар Э.Х-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Х-гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон гэрч Б.Э-, О.М-, Б.А-, Э.У-, Х.Б- нарын мэдүүлэг., хохирогчид үзлэг шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019-12-16-ны өдрийн 5866., 2019-01-09-ний өдрийн 6618 дугаар дүгнэлт., / 1-р х.хийн 125-129., 183-185 –р хуудас / Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-11-29-ний өдрийн 106 дугаар дүгнэлт., /1-р х.хийн 133-139-р хуудас/ Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019-11-28-ны өдрийн 45 дугаар дүгнэлт., /1-р х.хийн 142-143-р хуудас/ Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-11-27-ны өдрийн 123., 2019-12-10-ны 122., 122 дугаар дүгнэлтүүд ., /х.хийн 169-176-р хуудас / зам, тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Мөн анхан шатны шүүх хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болсон үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Э.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн., үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа, одоо 21 настай, оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь шүүх Эрүүгийн хуульд заасан шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдлыг үндэслэл болгожээ.
Шүүгдэгч нь хохирогчийн оршуулгын зардалд 5.500.000 төгрөг төлсөн бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн сэтгэл санааны хохирол гэж 4.500.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хохирогч эс зөвшөөрч энэ талаар гомдолтой 4.500.000 төгрөг нэхэмжилж байгаагаа тайлбарласан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн ар гэрийнхэн, эцэг, эхтэй холбогдож шүүгдэгч хохирогч нарыг дээрх асуудлаар ойлголцуулах талаар тайлбар өгсөн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР